Улсын Дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр “Монгол Улсын Гавьяат хуульч” цол хүртлээ

2016 оны 12 сарын 28 3388

Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан  Улсын Дээд шүүхийн шүүгч Содномдаржаагийн Батдэлгэрийг “Монгол Улсын Гавьяат хуульч” цол, тэмдгээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шагналаа.

Содномдаржаагийн Батдэлгэр нь ажлын гараагаа 1987 онд Эрдэнэт хотын шүүхийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн шүүгчээс ажлын гараагаа эхэлснээс хойш бүх шатны шүүхэд тасралтгүй 29 жил ажиллаж байна.

Тэрээр Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай албыг нэр төртэй хашиж байсан бөгөөд шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүгч ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэх, шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлд цөөнгүй ажлыг төлөвлөн хэрэгжүүлж, шүүх, шүүгч, захиргааны ажилтнуудад зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн Гавьяатан юм.

Мөн Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Бавалын Баатарыг “Монгол Улсын Гавьяат хуульч” цол, тэмдгээр шагнасан юм.

Ийнхүү Монгол Улсын шүүхийн түүхт ойгоор шүүхээс төрсөн “Монгол Улсын Гавьяат хуульч” хоёроор нэмэгдсэнээр нийт 26 Гавьяат цолтонтой  боллоо.