Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2017 оны 06 сарын 14 733

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв нар Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, Хүний эрхийн газрын Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийг ажиглах түр хорооны тэргүүн, Элчин сайд, ноён Гээрт-Хинрич Арэнс, хуулийн шинжээч Марианна Скопа нарыг 2017 оны 6 сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Танхимын тэргүүн М.Батсуурь уулзалтын үеэр Монгол Улсын сонгуулийн эрх зүйн тогтолцоо, сонгуулийн маргааны харьяалал, Дээд шүүх сонгуулийн маргааныг шийдвэрлэхэд оролцох эрх зүйн зохицуулалтын талаар товч мэдээлэл өгч, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулав.

Элчин сайд ноён Гээрт-Хинрич Арэнс нь шүүхээр сонгуулийн маргааныг хянан хэлэлцэх хугацаа, ялангуяа нэр дэвшигчдийн бүртгэлтэй холбоотой маргааныг аль болох хурдан шуурхай шийдвэрлэх талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Дашрамд дурдахад ЕАБХАБ-ын Ардчилсан Институт, Хүний Эрхийн газрын Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийг ажиглах түр хороо нь энэ удаагийн ээлжит сонгуулийг ажиглан олон улсын стандарт, үндэсний хууль тогтоомжтой  нийцэж байгаа эсэхэд үнэлэлт өгөх юм.