Ц.Зориг ХБНГУ-ын Хессен мужийн Ерөнхий сайдын орлогчийг хүлээн авч уулзав

2011 оны 07 сарын 12 2489
dsc03664

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг манай улсад албан ёсны айлчлал хийж буй ХБНГУ-ын Хессен мужийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Хууль зүй, интеграци ба Европын асуудал эрхэлсэн сайд Иорг Үвэ Хаан тэргүүтэй төлөөлөгчдийг 7 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий шүүгч Ц.Зориг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр зохион байгуулагдсан шүүх эрх мэдлийн талаархи үндэсний чуулганы үеэр шүүхийн үйл ажиллагаатай холбоотой олон чухал зүйл яригдсаны нэг нь шүүхийн программ, техникийн үйл ажиллагааны дэвшлийн асуудал байсан гэдгийг энэ үеэр тэмдэглэн хэлэв. Мөн шүүхийн бүхий л үйл ажилагаа иргэдэд ил тод нээлттэй байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байгаа гээд маш сайн программ хангамжтай байх нь энэ зарчмыг хэрэгжүүлэхэд чухал хэмээн онцоллоо.

ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг манай шүүхийн шинэчлэлд хувь нэмэр оруулах зорилгоор хоёр ч төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгасан бөгөөд одоогийн байдлаар шүүхийн шинэчлэлийн гол амин сүнс болох шүүхийн мониторингийн төслийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж байгаа ажээ. Шүүхийн мониторингийн төслийг хэрэгжүүлснээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн үеэс хойш нэгдсэн нэг стандартыг хэрэгжүүлэх программ хангамж манай шүүхүүдэд бий болох юм. Ийм программ хангамж нэвтэрснээр зөвхөн шүүхийн ажлын зохион байгуулалтад нөлөөлөхөөс гадна шүүх үйл ажиллагааны чанар сайжирч, шүүхийн алдаа багасах ач холбогдолтой аж. Энэ төсөл тун амжилттай хэрэгжиж байгааг уулзалтын үеэр талууд онцоллоо.

Шүүхийн мониторингийн төслийг ХБНГУ-д шүүхийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх ажлын хүрээнд 2005 оноос хүчтэй хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хамгийн амжилттай хэрэгжсэн нь Хессен муж аж.

Тухайн үед шүүхийн мониторингийг хэрэгжүүлэх ажлыг Хессен мужид удирдан зохион байгуулсан ХЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан, хатагтай Вебер Хассемер, гардан гүйцэтгэсэн тус мужийн анхан шатны шүүхийн шүүгч асан, ноён Вернер Эрбрехт нар манай улсад мониторингийн төслийг хэрэгжүүлэх ажилд зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Тэдний хувь нэмрийг үнэлэн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг энэ үеэр гардуулан өглөө. Тус тэмдэг саяхан шинээр хийгдсэн бөгөөд анхны гадаад “эзэд” нь хатагтай Вебер Хассемер, ноён Вернер Эрбрехт нар болов.