“Эрх зүйн хөтөч” нэвтрүүлгийн сэтгүүлч Ц.Алтанцэцэгийг Дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

2017 оны 09 сарын 29 778

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг захирамж гаргаж,  Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон МҮОНРТ байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан МҮОНТ-ийн сэтгүүлч Цэенсүрэнгийн Алтанцэцэгийг Улсын Дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Мөн тус телевизийн нэгдүгээр сувгийн ерөнхий продюсер Г.Агааноровыг Улсын Дээд шүүхийн “Хүндэт жуух”-аар шагнасан байна.

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв сэтгүүлч Ц.Алтанцэцэг, Г.Агааноров нарт шагналыг нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр МҮОНРТ дээр болсон шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр гардуулан өгч, түүхт ойг нь тохиолдуулан тус телевизийн нийт хамт олонд баярын мэнд хүргэлээ.  

Ц.Алтанцэцэг нь сэтгүүлчээр 33 жил, үүнээс МҮОНТ-д 22 жил ажилласан, Монголын үзэгчдийн хайртай, чадварлаг сэтгүүлчдийн нэг юм.

Тэрээр 33 жил сэтгүүлчээр ажиллахдаа хууль эрх зүйн чиглэлийн мэдээллийг олон нийтэд хүргэх чиглэлд идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн бөгөөд 1990-ээд оны сүүлээр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Дэмбэрэлцэрэнгийн захирамжаар Улсын Дээд шүүхийн “Хүндэт жуух”-аар шагнагдаж байсан билээ. 

Ц.Алтанцэцэг нь 2003-2006 онд Улсын Дээд шүүхтэй хамтран “Хуулийн цаг” нэвтрүүлэг, 2009 оноос өдгөөг хүртэл МҮОНТ-ийн хууль эрх зүйн тэргүүлэх нэвтрүүлэг болох “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийг бэлтгэн олон нийтэд хүргэж ирсэн нэр хүндтэй сэтгүүлч юм.