Ц.Зориг БНХАУ-ын Хууль зүйн сайдыг хүлээн авч уулзав

2017 оны 11 сарын 07 574

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Монгол Улсад албан ёсны ажлын айлчлал хийж буй БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь тэргүүтэй төлөөлөгчдийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий шүүгч Ц.Зориг БНХАУ-ын Хууль зүйн сайд, ноён Жан Жюнь манай улсад айлчлал хийж буй нь хоёр улсын хууль зүйн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлоод Монголын шүүхийн тогтолцоо болон шүүх эрх мэдлийн хүрээнд хийгдэж буй шинэчлэлт,  Дээд шүүхийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн хоёр улсын Дээд шүүхүүд олон жилийн турш найрсаг хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд харилцан туршлага солилцдог болохыг тэмдэглэн хэлсэн юм.

БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийг нь хүлээн авч уулзсанд талархаж буйгаа илэрхийлээд БНХАУ-ын хуулзүйн салбарын шинэчлэлт, энэ хүрээнд цахим технологийг ашиглан иргэдэд тулгамдсан хуулийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх тогтолцоог туршиж буй талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн  Монгол Улсын шүүхийн шинэчлэлээс туршлага судлах зүйл их байгааг онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр мөн хоёр улсын хууль зүйн салбарын найрсаг хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага солилцох болон бусад асуудлын талаар санал солилцсон байна.  

Дашрамд дурдахад Монгол Улсын Дээд шүүх болон БНХАУ-ын Ардын Дээд шүүх хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг 2013 онд үзэглэсэн бөгөөд энэ хүрээнд шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл туршлага солилцох, Монгол Улсын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд БНХАУ-д жил бүр сургалтад хамрагдах үйл ажиллагаа тогтмолжоод байгаа юм.