“Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцлээ

2019 оны 04 сарын 08 1442

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох  захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар болон гуравдагч этгээд “Багануур” ХК-ийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Алтайн гянт” ХХК нь Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 12959А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгч "Алтайн гянт" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.