ЭМГЭНЭЛ

2020 оны 02 сарын 11 2373

БААСАНГИЙН ЦОГНЯМ

/1955-2020/

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч асан, ахмад хуульч Баасангийн Цогням 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз учирлаа.

Б.Цогням нь 1955 онд Улаанбаатар хотод Д.Баасангийн ууган хүү болон мэндэлжээ.

Тэрээр 1970 онд Сэлэнгэ аймгийн арван жилийн нэгдүгээр дунд сургууль, 1971 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын харьяа сэргийлэгчийн курс, 1976 онд Хууль цаазын дунд сургууль, 1986 онд ЗХУ-ын Иркутск хотын Хуулийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1998 онд Цэргийн их сургуульд Хууль зүйн ухааны магистр зэрэг хамгаалсан байна.

Б.Цогням 1970-1971 онд Сэлэнгэ аймгийн Гал командад гал сөнөөгч, 1971-1973 онд Дархан хотын Цагдан сэргийлэх ангид сэргийлэгч, 1976-1980 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Ардын шүүхийн дарга, 1986-2005 онд Улсын Дээд Шүүхийн шүүгч, 2005-2007 онд Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга, 2007-2008 онд Улсын Дээд Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, 2008-2010 онд Тээвэр хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн дарга, 2010-2014 онд “Бэрэн Групп" ХХК-ийн Захиргаа, эрх зүйн газрын дарга, 2000 оноос Монголын Олон Улсын болон Үндэсний Арбитрын гишүүн арбитрчаар, 2017 оноос Монголын Олон улсын ба Үндэсний Спортын арбитрын Удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байлаа.

Б.Цогням нь шүүхэд 26 жил ажиллахдаа  шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглэх, шүүгчдийн ёс зүйг сайжруулах, шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.

Б.Цогням нь шүүн таслах ажиллагааны болон онолын өндөр мэдлэгтэй, арвин туршлагатай, удирдан зохион байгуулах авьяас чадвартай, шүүх, хуулийн байгууллага, хамт олны дунд нэр хүндтэй манай тэргүүний шүүгч нарын нэг байсан юм.

Түүний хөдөлмөрийг Монгол Улсын төр, засаг өндрөөр үнэлж "Алтан гадас” одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын Хувьсгалын 60,70, 80 жилийн ойн медалиуд болон “Шүүхийн тэргүүний ажилтан”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдэг, Шүүхийн Тэргүүн түшээ шүүгч цол, Монгол Улсын Дээд шүүхийн “Хүндэт тэмдэг", Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Хүндэт тэмдэг", Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Хийморь" одон, Монголын Залуучуудын холбооны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" медалиар тус тус шагнаж байсан юм.

Талийгаачийн хүнлэг, нөхөрсөг, алиа хошин, ухаалаг, эгэл даруу, бүтээлч, хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

        Талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ,
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
,
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
АХМАДЫН ХОРОО