Улсын Дээд шүүхийн Гамшгаас хамгаалах орон тооны бус штаб ажиллаж байна

2020 оны 02 сарын 14 2021

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.

 Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхэд “Гамшиг, цар тахал, халдварт өвчний үед ажиллах штаб” 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байна.

Тус шүүхээр үйлчлүүлж буй иргэд, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор шүүхийн байранд нэвтэрч буй иргэдийн халууныг хэмжих, амны хаалтыг тогтмол зүүлгэх,  агааржуулалт цэвэрлэгээг зааврын дагуу тогтмол хийх зэрэг ажиллагааг өмнө нь авч хэрэгжүүлж хэвшүүлсэн. Харин штаб нь:

- Улсын Дээд шүүхийн дотоод орчныг 7 хоногт 2-оос доошгүй удаа мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар ариутгал, халдваргүйтэл хийх;

- Албан ажлын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд нэг дор олноор цуглах, хуралдахгүй байж дотоод цахим орчинд ажлаа гүйцэтгэх;

- Шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагаа, бичиг хэргийн ажилтан зэрэг эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж буй хүмүүсийг амны хаалтаар тогтмол хангах;

- Шүүх хуралдааны танхим, зөвлөлдөх тасалгаа, хүлээлгийн танхимд өдөрт 2-оос доошгүй удаа ариутгал, халдваргүйтлийн тусгай төхөөрөмж ажиллуулах;

- Эрсдэлтэй, сэжигтэй тохиолдол илэрсэн үед шуурхай ажиллах төлөвлөгөөг боловсруулж, хүн хүч, техник хангамжийн бэлэн байдлыг хангуулах;

- Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн албан ёсны мэдээ мэдээлэл, өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зөвлөгөө, зөвлөмжийг дотооддоо мэдээлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.