УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИД, ТЭДГЭЭРИЙН ӨМГӨӨЛӨГЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД БУСАД ИРГЭД, БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД УРИАЛАХ НЬ:

2020 оны 03 сарын 11 441

Дэлхийн 109 улсад тархаад буй COVID 19 /шинэ коронавирус/ Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Улсын Онцгой комиссоос улс, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио тогтоох, зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах зэрэг олон арга хэмжээ авч, коронавируст халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагаас боломжит бүх ажиллагааг хэрэгжүүлж, мэдээллээр ханган ажиллаж байна.

Дэлхий нийтэд тархаж буй шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг өвчний аюулаас хамгаалах зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улсын Дээд шүүх дараахь зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.   

Үүнд:

1. Хяналтын шатны шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл товлохгүй ба товлогдсон шүүх хуралдаануудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тул дээрх хугацаанд иргэдэд үйлчлэхгүй болно.

2. Улсын Дээд шүүхэд гаргаж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт болон шүүхийн тамгын газарт ирүүлэх хүсэлт, албан бичгийг шуудангаар эсхүл info@supremecourt.mn и-мэйл хаягаар хүлээн авч байна.

3. Шуудангаар болон байгууллагын и-мэйл хаягаар хүлээн авсан баримтын талаар  танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү.

4. Бусад мэдээллийг Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны 51-261698, бичиг хэргийн 51-261544, Эрүүгийн хэргийн танхимын 51-263467, Иргэний хэргийн танхимын 51-261878, Захиргааны хэргийн танхимын 51-261793 дугаар утаснаас болон supremecourt.mn вэб сайт, мөн тус шүүхийн Монгол Улсын Дээд шүүх пэйж хуудаснаас авах боломжийг бүрдүүлснээр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн тасралтгүй явуулж байна.

Иймд үүсээд байгаа нөхцөл байдалд уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.


УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ
ОРОН ТООНЫ БУС ШТАБ