Улсын Дээд шүүх 2020 оны нэгдүгээр улиралд 535 хэрэг хүлээн авчээ

2020 оны 04 сарын 20 1163

Улсын Дээд шүүх 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар эрүү, иргэн, захиргааны нийт 535  хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 372 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 38.2 хувь нь эрүүгийн, 36.0 хувь нь иргэний,  25.8  хувь нь захиргааны хэрэг байна.

Эрүүгийн шүүн таслах ажиллагааны талаар

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 231 хэрэг хүлээн авч, 142 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 60 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр шүүгчийн захирамжаар буцааж, 52 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.

Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 14 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 10  хэрэг хэлэлцжээ. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 231 хэргээс нэг шүүгчид 39  хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 142 хэргийн 52.1 хувь буюу 74 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 19.7 хувь буюу 28 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 28.2 хувь буюу 40 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.

Хүчингүй болгосон 40 хэргийн 12.5 хувь буюу  5  хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 27.5 хувь буюу 11 хэргийг прокурорт буцааж, 17.5  хувь буюу 7 хэргийг хэрэгсэхгүй болгож,  42.5  хувь буюу  17 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна. 

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 83.8 хувь буюу 119  хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 0.7 хувь буюу 1  хэргийг иргэний хариуцагчийн гомдлоор, 14.1 хувь буюу 20  хэргийг прокурорын эсэргүүцлээр, 1.4  хувь буюу 2  хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцжээ.

Иргэний шүүн таслах ажиллагааны талаар

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нийт 147 хэрэг хүлээн авч, 134 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ.

Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 12 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 12  хэрэг хэлэлцсэн байна. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 147 хэргээс нэг шүүгчид 37  хэрэг ногдож байна.

Хяналтын шатны журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 134 хэргийн 56.7  хувь буюу 76-ийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, 31 буюу 23.1 хувийг өөрчилж, 27 буюу 20.2 хувийг хүчингүй болгожээ.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 67.2 хувь буюу 90 нь нэхэмжлэгчийн, 29.8 хувь буюу 40 нь хариуцагчийн, 3.0 хувь буюу 4 нь гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэгджээ.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн  хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 87, Хөдөлмөрийн тухай хуулиар 31, Гэр бүлийн тухай хуулиар 6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 4, бусад хуулиар  6 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Захиргааны шүүн таслах ажиллагааны талаар

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нийт 163 хэрэг хүлээн авч, 110 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 15 хэргийг хуралдаанд оруулахгүйгээр шийдвэрлэсэн байна. Мөн 43 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн 110 хэргээс хяналтын журмаар 96, шүүгчийн захирамжид гаргасан гомдолтой 9, шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлттэй 5 хэрэг байна.

Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 13 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 9 хэрэг хэлэлцжээ. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 163 хэргээс нэг шүүгчид 27 хэрэг ногдож байна.

Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн 96 хэргийн 67.7 хувь буюу 65 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 9.4 хувь буюу 9 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 22.9 хувь буюу 22 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ. 

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нийт  96 хэргээс 22 хэргийг нэхэмжлэгчийн, 13 хэргийг хариуцагчийн, 3 хэргийг гуравдагч этгээдийн, 40 хэргийг хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, 19 хэргийг өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцсэн байна.   

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 96  хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл төрийн албаны маргаан 17, газрын маргаан 18, ашигт малтмалын маргаан 6, татварын маргаан 19, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан 2, тендерийн маргаан 3, бусад маргаан 31 байна.