Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн боллоо

2021 оны 03 сарын 05 2252

   Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны 12 дугаар сард шүүгч Ц.Цогтыг, 2021 оны 2 дугаар сард шүүгч С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус томилсон, 2021 оны 1 дүгээр сард шүүгч Ц.Амарсайханы шүүгчийн бүрэн эрхийг сэргээснээр Улсын дээд шүүх нь 24 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллах болсон. 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнд 22 шүүгч оролцож, 91.6 хувийн ирцтэй хуралдав.

Хуралдаанаар Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний дэгийг шинэчлэн баталж,  Улсын Дээд шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох, хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох журмын төслийг хэлэлцээд, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д зааснаар Нийт шүүгчдийн чуулганаар хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам батлагдах хүртэлх хугацаанд баримтлах түр журмыг баталлаа.

Шинэчлэн батлагдсан хуулиар Танхимын тэргүүнийг Шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгохоор заасны дагуу Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүнүүдийг сонгох асуудлыг мөн хэлэлцэж, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнд  нэр дэвшиж өрсөлдсөн шүүгч Б.Цогт, шүүгч Ч.Хосбаяр нараас шүүгч Ч.Хосбаярыг, Иргэний хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшиж өрсөлдсөн шүүгч П.Золзаяа, шүүгч Г.Алтанчимэг нараас шүүгч Г.Алтанчимэгийг, Захиргааны хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшсэн шүүгч Ч.Тунгалагийг тус тус олонхын саналаар Танхимын тэргүүнээр сонгов.

Түүнчлэн, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Нийт шүүгчдийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнээр шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Д.Мөнхтуяа нарыг Шүүгчдийн зөвлөгөөнөөс сонголоо.