Монгол Улсын Эрүүгийн хуулиар төрийн эрх мэдлийг хамгаалах зарим асуудал

2015 оны 01 сарын 27 3066

Bat-Erdene

Нэг. Төрийн эрх мэдэл хуваарилалт

Хүн төрөлхтөн Хүний эрхийг тогтоох бус хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн, нийтлэг ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрсөн хуулиар зохицуулагдсан тогтолцоо бүхий төрийг бий болгохыг зорьсоор ирсэн билээ.

Эдүгээ энэ зорилт руу хандсан нэг том алхам бол “төрийн эрх мэдлийн төвлөрлийг хүний эрхийг хамгаалах механизм болгон сааруулах” буюу харилцан хяналт, тэнцвэр бүхий бие даасан өндөрлөгүүдэд хуваарилах засаглалын /разделение властей, seperation /division/ of powers[1]/ онолыг боловсруулсан явдал юм.

Төрийн эрх мэдэл хуваарилах үйл явц нь тухайн цаг үе, нийгмийн болон хүмүүний аж төрөх ёсны онцлог, төрийн байгуулалт дахь уламжлал, шинжлэх ухаанч мэдээлэл, судалгааны байгууллагуудын түвшин зэрэг хүчин зүйлсээс хамааран хөгжсөөр өдгөө хүрчээ.

Төрийн эрх мэдэл хуваарилалтын агуулгыг түүхэн цаг хугацаагаар нь баримжаа болгон хөгжлийг нь дүрслэн харуулбал,

а/ 1215 оны Английн эрх чөлөөний их харти /Великая хартия вольностей/, 1222 оны Унгарын Алтан булла, 1357 оны Францын Гуравдугаар сарын их хуулиас нийтлэг нэг зүйл ажиглагддаг нь хааны /төр/ эрх мэдлийг урьд мөрдөгдөж ирсэн хэмжээнд нь барьж хязгаарлах, нийгмийн тодорхой давхаргуудад хааны эрх мэдлээс зарим эрхийг шилжүүлж, төлөөлөгчдийн байгууллагыг байгуулсан[2] явдал байлаа. Энэ нь эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, түүнийг харилцан тэнцвэртэй болгохын тулд зөвшилцөл, зохицуулалтыг бий болгох анхдагч алхам байлаа.

Энэ үед хэдийгээр төр дэх ард түмний оролцоо, хүний эрхийн тухай асуудал бодитой болж чадаагүй ч язгууртан ноёдын өөр хоорондоо адил тэгш байх, төр дэх өөрсдийн байр суурийг хамгаалан үлдэх гэсэн санаархал нь “ард түмэнчлэгдсэн төрийн бодлогын ерөнхий нийтлэг чиг хандлагыг тухайн цаг үед зохицуулах бус, ирээдүйд тохируулж, алсыг харж бүтээгдсэн”[3] орчин цагийн төрийн үндсэн шинж болон илэрхийлэгдэх үндсэн хуульт ёс, /constitution-би тогтоож байна, би зарлиг болгож байна/ төрийн цаашдын хөгжилд томоохон хувь нэмэр оруулжээ.

Улмаар Английн ардчилсан үзэлтэн Жон Лильберн /1614-1657/ “...ард түмэн бол аливаа шударга эрх мэдлийн эх сурвалж, хүний заяамал эрхийг хангахын тулд муу зүйл, хорлолын эх болсон төрийг хязгаарлах ёстой”[4] хэмээсэн нь ард түмний оролцоогүй төр бол хүний эрхийн “дайсан” хэмээх үзэл санааг дэлгэрүүлж, энэ чиглэлд судлаачдын анхаарлыг ихээхэн хандуулах болсон билээ.

Удалгүй Ж.Локк /1632-1704/, Ш.Л.Монтеське /1681-1755/ нар төрийг хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагааг нь хязгаарлах тухай саналыг дэвшүүлж, түүнийгээ эрх мэдэл хуваарилах замаар зохион байгуулахыг номлож байв. Тухайлбал, Ш.Л.Монтеське 1748 онд хэвлүүлсэн “Хуулийн амин сүнс” хэмээх бүтээлдээ: Хаана эрх мэдэл төвлөрнө, тэнд эрх чөлөө байхгүй[5] хэмээгээд харин эрх чөлөөтэй байх үндэс нь төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх-холбооны, шүүх хэмээн сааруулах нь нэн чухлыг онцлон тэмдэглэсэн байдаг.

И.Бентам, Ж.Локк, Ш.Л.Монтеське нар өөрсдийн бүтээлдээ уг үзэл баримтлалыг цаашид хөгжүүлэн, засварлан боловсруулсан хэдий ч Монтеськегийн анхлан тодорхойлсон сонгодог агуулгаар өдгөө хаа ч хэрэгжээгүй гэсэн шүүмжлэлийг улс төр судлаачид өрнүүлсээр байдаг[6].

Харин улс орнууд дахь үндэсний эрх зүйн тогтолцоонууд өөрийн уламжлалт байдлаа хадгалах гэхээсээ илүү хүний эрхийг хамгаалах чиглэлд нягтрах явц өрнөсний үр дүнд төрийн эрх мэдлийг ойлгох хандлага ч багагүй өөрчлөгдөж байна.

Тухайлбал, Rule of law буюу эрх зүйт ёсны агуулгын талаас эрх зүйн бүлийг ангилах болсноос гадна эрх зүйт ёсны шалгуурыг илүү мэргэжлийн чиг баримжаатай болгон авч үзэн, энэ үндсэн дээр төрийн эрх мэдэл хуваарилалтыг ойлгох хандлага улам түгэн дэлгэрч байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Калифорнийн их сургуулийн профессор Уго Маттей эрх зүйт ёсны үүднээс эрх зүйн бүлийг:

1. Мэргэжлийн эрх зүйн бүл

2. Улс төрийн эрх зүйн бүл

3. Уламжлалт эрх зүйн бүл хэмээн 3 ангилан авч үзжээ[7].

Тэрээр,

-       Мэргэжлийн эрх зүйн бүлийн онцлог нь ёс зүйгээс эрх зүйг төрөөс шашныг эрх зүйн арга хэлбэрээр бүрэн тусгаарлахаас гадна эрх зүй нь тухайн тогтолцоондоо улс төр, шашин, уламжлалаас хамааралгүй байдаг тул илүү бие даасан шинжтэй оршиж үндсэн хуульт ардчилал дээр тулгуурладаг.

-       Улс төрийн эрх зүйн бүлийн онцлог бол шүүхийн процессийн үр дүн нь ямагт улс төрийн үйл явцаас ихээхэн хамаардаг, төрийг хуулиас дээгүүрт тавьдаг загварыг чухалчилдаг хэмээн дурдаад ийм улс орнуудыг социалист буюу этатис улс орон гэж үзсэн.

-       Харин уламжлалт эрх зүйн бүлийн онцлог нь эрх зүй нь сүсэг бишрэл, өв уламжлал, тогтсон дэг жаягаас салаагүй төдийгүй, удирдагч, манлайлагчийн нийгэмд эзлэх байр суурь хүчтэй байдаг гэж томьёолжээ.

У.Маттейн энэхүү ангилалт нь эрх зүйт ёсонд тулгуурласнаараа бусад эрх зүйн бүлийг ангилах оролдлогуудаас зарчмын ялгаатай болсны зэрэгцээ төрийн эрх мэдэл хуваарилалтыг шинээр авч үзэх шаардлагыг бий болгосон юм. Бүр тодруулбал, У.Маттейн үзэл баримтлал нь хууль дээдлэх зарчим, эрх зүйт ёсыг өөр хооронд нь зааглан ялгаснаар хуульт төрийн үндсэн хэв маяг болсон Гитлерийн Германы “Gesetzesstaat” төр /хууль төр/-ийн аюул[8] дахин давтагдахгүй гэдгийг сануулж, төрийн эрх мэдэл хуваарилалтын агуулгыг өмнөх үеэс өөрөөр тодорхойлох болжээ. У.Маттейн үзлээр эрх зүйт ёсонд үндсэн эрхийг хамгаалах зарчим[9], эрх мэдлийг хуваарилах зарчим[10], Үндсэн хуулийг дээдлэх зарчим[11] хамаардаг бөгөөд эдгээр зарчмууд харилцан үйлчилж, эрх зүйт ёсны үндсэн шинжийг бүрдүүлдэг болжээ. Өөрөөр хэлбэл эрх мэдэл хуваарилах зарчим дангаар үйлчлэх бус харин эрх зүйт ёсны нэг зарчим болж үйлчлэх болсон байна.

Харин Монгол Улсын хувьд төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хэмээн ангилж, Үндсэн хуулиар баталгаажуулсныг энд дурдууштай.

 

Хоёр. Төрийн эрх мэдлийг Эрүүгийн хуулиар хамгаалсан нь.

Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдлээс хамгаалах зохицуулалт Эрүүгийн хуульд цөөнгүй байдаг. Тухайлбал,

Эрүүгийн хуулийн 81 /Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах/, 82 /Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах/, 83 /Зэвсэгт үймээн дэгдээх/, 84 /Хорлон сүйтгэх/, 130 /Иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд болон сонгуулийн хорооны ажилд саад хийх/, 131 /Сонгуулийн болон бүх нийтийн санал хураалтын баримт бичгийг хуурамчаар үйлдэх, санал хураалтын дүнг буруу гаргах/, 177 /Зандалчлах/, 178 /Зандалчлах тухай санаатай худал мэдээлэх/ дугаар зүйлүүдэд тодорхой зарим үйлдлийг энэ төрлийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ. Эрүүгийн хуулийн дээрх зүйлүүдийг тайлбарласан хуулийн албан ёсны тайлбар дутмаг хэдий ч Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас 2010 онд эрхлэн гаргасан “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар” бүтээлд шинжлэх ухааны талаас нь зарим тайлбар хийх оролдлого хийсэн юм.

Жишээлбэл, Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлийн тайлбарыг энд дурдаж болно. Үүнд:

“Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэдэг нь хууль тогтоомжийн дагуу төрийн эрхийг барьж байгаа хүчнээс засгийн эрх мэдлийг нөгөө нэг улс төрийн хүчин буюу эвсэл, тодорхой этгээд /цэргийн эрхтэн/ хүчирхийллийн болон хуурамч арга хэрэглэн булаан авах тухай ойлголт юм”[12] гэжээ. Хууль, тайлбарын алинд ч “төрийн эрх мэдэл” гэдгийг дэлгэрүүлэн авч тайлбарлаагүйг энд тэмдэглэх нь зүйтэй. Хэрэв төрийн эрх мэдлийг Эрүүгийн хуулийн зүйл, заалтын хэмжээнд дэлгэрүүлэн тайлбарлавал Үндсэн хуулиас давсан ойлголт болох талтай. Иймээс төрийн эрх мэдлийг хууль бусаар авч байгаа эсэхийг үйлдлээр нь баримжаалах хандлагыг хуулийн тайлбарт тусгасан ба тайлбарт “хууль тогтоомжийн дагуу төрийн эрхийг барьж байгаа” гэдгийг хуульт төрөөс зааглан ялгахаас болгоомжилсон юм. Хэрэв Үндсэн хуулийн арга замаар “хуульт төр” бий болж, бүхнийг хуулийн аргаар шийдвэрлэнэ гэх зарчмыг удирдлага болговол эрх зүйн бус аргаар аль нэг хүчин төрийн эрхийг авч буй тохиолдолд Эрүүгийн хуулийн энэхүү хамгаалалт үйлчлэхгүй байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн үл өөрчлөгдөх хэсэг болох “иргэний үндсэн эрх, ардчилал, эрх мэдэл хуваарилах зарчим” зэрэг асуудлыг хууль тогтоомжид өөрчлөлт оруулах арга замаар төрийн эрхийг авсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохгүйд хүрэх юм. Тиймээс манай оронд парламент Үндсэн хуулийн дэг журамд захирагдах зарчим бодитой болж, төрийн эрх мэдлийн агуулга маш тодорхой болсон тохиолдолд “хууль тогтоомжийн дагуу төрийн эрх барьж байгаа” гэсэн ойлголтыг дэлгэрэнгүй тайлбарлаж болно.

Дээрх ойлголт нэг мөр болсон тохиолдолд тодорхой асуудал, тухайлбал, хэсэг хүмүүс нэгдэн улмаар төрийн эрх мэдлийн нэг институци болох шүүх засаглалын дээд байгууллага – Улсын Дээд шүүх рүү дайран орж, тамга, тэмдгийг нь авчихаад байвал хууль зүйн үүднээс үүнийг шийдвэрлэхэд хялбархан болох юм.

Зарчмын гол асуудал нь Монгол Улс У.Маттейн тэмдэглэсэн шиг эрх зүйн аль бүлд хамаарч байгааг тогтоох явдал мөн. Учир нь хэрэв алс ирээдүйд Монгол Улс мэргэжлийн эрх зүйн бүлд хамаарах бол, түүний шалгуурыг тодорхой хэмжээнд Үндсэн хуульд тусгаснаар Эрүүгийн хуулийн дээрх заалтад эрх зүйт ёсны үүднээс хандаж, бий болсон асуудлыг шийдвэрлэж болох юм. Эсрэг тохиолдолд төрийн эрх мэдэл гэдэгт юуг ойлгож байгааг одоогийн Үндсэн хуульд тусгагдсан байдлаар тайлбарлахаас өөр аргагүй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлтэй дам хэлбэрээр холбогдох бусад зүйлүүдэд ч мөн адил энэ мэт зохицуулалт, тайлбарыг тусгах хэрэгтэй бөгөөд зарчмын асуудал нь дээрх төрлийн гэмт хэргүүдийн обьект нь юу болох талаар дахин авч үзэх нь чухал хэмээн бид үзэж байна.

Нөгөөтэйгүүр, бид Үндсэн хуульд тусгагдсан төрийн эрх мэдэл хуваарилалтыг зарим талаар тунхаглахаасаа илүү бэхжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай юм. Учир нь манай орны хувьд эдүгээ орон тоог цөөрүүлэх, цомхотгох, татан буулгах, өөрчлөн байгуулах нэрийдлээр төрийн эрх мэдлийн нэг институци нь нөгөөдөө нөлөөлөх боломж асар өргөн байна. Ялангуяа парламентаас шүүхийн зүгт энэ алхмыг хийх боломжтой бөгөөд харин ийм боломжийг багасгахын тулд бие даасан засаглалын нэг хэлбэр гэсэн утгаар шүүн таслах ажиллагааны хүртээмжийг стандартчлах, мөн шүүхийн зохион байгуулалт, төсвийн асуудал, мөн Улсын Дээд шүүхийн шүүгчийн орон тоо зэргийг Үндсэн хуульд тусгах шаардлагатай.

Дашрамд дурдахад УИХ-ын зарим гишүүдийн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлтийг тодорхой хэмжээнд судалж үзлээ. Сонирхолтой зарим баримт харагдана. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэдэг үйлдлийг сонгуулийн дүнтэй холбож “Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн томьёоллоор /Эрүүгийн хуулийн 821 дүгээр зүйл/ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан юм. Эндээс дараах дүгнэлтийг хийж болохоор байна. Тухайлбал, төрийн эрх мэдлийн ойлголтын талаар хууль тогтоогчид маань ч нэгдмэл байр суурьгүй байгаа нь ажиглагдаж байна. Учир нь зарим эрхэм гишүүдийн ойлгож байгаагаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах олон арга байдгийн адил төрийн эрх мэдэл мөн олон байдаг гэх ойлголтыг Эрүүгийн хуулийн шинэ заалт буюу 821 дүгээр зүйл төрүүлж болзошгүй байна. Удалгүй хэн ч юм нэг гишүүн нь “төрийн эрх мэдлийг цэргийн хүчээр хууль бусаар авах”, “төрийн эрх мэдлийг эрх мэдлийн байгууллагад дайрч орох замаар хууль бусаар авах”, “төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийг өөрчлөх арга замаар хууль бусаар авах” гэх мэтээр дэд заалтууд хуульчлагдаж магадгүй бололтой. Угтаа бол төрийн эрх мэдэл нь гагцхүү нэг ойлголт мөн төдийгүй харин түүнд юу нөлөөлж болохгүй вэ гэх ойлголтоо тодорхой болгосны дараа хуульчлах, тайлбарлах хэрэгтэй юм.

Амьдрал өөрөө баян. Тухайлбал, сонгуулийн дүнг зарласан шийдвэрийг будлиантай боллоо гэсэн маргаан гарвал сонирхогч этгээд Үндсэн хуулийн цэцэд уг асуудлаар өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх үү, эсвэл гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуульд зааснаар шүүхээр уг асуудлыг хянуулах уу гэдэг нь зарчмын их ялгаатай төдийгүй хууль зүйн ихээхэн үр дагаварт хүргэж болох талтай юм.

 


[1] Л.В.Тихомирова, М.Ю.Тихомиров. Юридическая энциклопедия. М.2001. ст.730, Д.Лүндээжанцан. Монгол Улс дахь төрийн эрх мэдэл хуваарилалт. /докторын дессертаци/-д seperation of power хэмээн бичжээ.
[2] С.Төмөр. Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй. /Онол, үзэл баримтлалын тойм/. УБ. 2002, 6 дахь тал
[3] С.Төмөр. Монгол Улсын эрх зүйн тогтолцоо: Өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага. Legis сэтгүүл. УБ. 2003. №1 /2/. 8 дахь талд
[4] Джон Лильберн. Памфлеты. М. 1937. Ст 110-112
[5] Юридическая литература. М. 1983. Ст 220
[6] Н.Лүндэндорж. Эрх мэдэл хуваарилалтын орчин үеийн онолын зарим асуудал. Эрх зүй сэтгүүл. УБ. 2001. №6-7. 14 дэх талд
[7] Ugo Mattei. Three patterns of law: Taxanomy and change in the worldʹs legal systems, 45Am, J.Comp. L.5, s12
[8] Энэ төрийн загвар нь хууль дээдлэх арга замаар бүхнийг хүчээр хүлээн зөвшөөрүүлж, эцэстээ хуулийг дээрэм тонуулынхаа аргыг болгож, “хуульт төр” гэх тодорхойлолтыг авдаг билээ. Энэ талаар М.Батсуурь, Ч.Өнөрбаяр “Эрх зүйт ёс” УБ, 2011 он
[9] Энэ зарчим нь дараах агуулгатай. Үүнд:
-Хүний эрхийг зөвхөн хуулийн үндсэн дээр хязгаарлах
-Хүний эрхийг хязгаарлахдаа харьцангуй байх зарчмыг баримтлах
Хүний эрхийг хязгаарлахдаа Үндсэн хуулийн өөрчилж үл болох хэсгийг болон эрх зүйт ёсны үндсэн зарчмыг зөрчихгүй байх шаардлагыг агуулдаг.
[10] Эрх мэдэл хуваарилах зарчим нь эрх зүйт ёсны үүднээс авч үзвэл хууль тогтоох байгууллага нь Үндсэн хуулийн дэг журамд, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь хуульд, шүүх эрх зүйд захирагдана хэмээн тайлбарладаг.
[11] Өнөө цагийн Үндсэн хуульт ёсны зарчим нь улс төрийн эрх мэдлийг аль болох хуульчлах, эрх зүйн арга хэлбэрт оруулах явдал бөгөөд иргэний үндсэн эрх, ардчилал, эрх мэдэл хуваарилах зарчим нь Үндсэн хуулийн үл өөрчлөгдөх хэсэг болж хадгалах ёстой. Энэхүү Үндсэн хуулийн үл өөрчлөгдөх хэсэгт Үндсэн хуулийн шүүх хяналтаа хэрэгжүүлэх боломжоор хангагдсан байх ёстой бөгөөд ингэснээр парламент бусад эрх мэдэлтэй харьцуулахад давуу эрх эдлэнэ гэсэн хэрэг биш, нөгөө талаас төрийн бүх эрх мэдэл Үндсэн хуульд захирагдах бөгөөд олонхийн саналаар парламент Үндсэн хуулийг давж гарах эрхгүй болох учиртай.
[12] Монгол Улсын Дээд шүүх, Ханнс-Зайделийн сан “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар”. УБ, 2010, 235 дахь талд

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч,
хууль зүйн ухааны доктор, профессор Б.Бат-Эрдэнэ