Захиргааны шүүхийн Зандраа

2014 оны 06 сарын 06 984

zandraa2014Албан тушаалтанд хяналт, ард түмэнд хамгаалалт болж чадсан гэж эрдэмтэн судлаач нь ч, энгийн иргэн нь ч үнэлж буй Захиргааны хэргийн шүүх өнөөдөр арван нас хүрч байна.

Итгэл хэмээх том зүйлийг бүх төвшинд хүлээж, эерэг имиж бүрдүүлж чадсан энэ шүүхийн үйл ажиллагааг Оросоогийн Зандраагүйгээр төсөөлөхийн аргагүй.

Захиргааны шүүх дөнгөж байгуулагдсан арван оны тэртээ Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат шинэхэн шүүхийн бодлогыг удирдах Танхимын  тэргүүнээр Зандрааг тавих хүсэлтээ тамгын даргаараа дамжуулан илэрхийлж. Мань Зандраа татгалзана гэдгийг мэдсэн учир Ганбат Ерөнхий өөрөө шууд санал тавиагүй хэрэг. “Би зүгээр л шүүгчээ хиймээр байна” гэсэн эрс хариултын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди  Зандрааг дууджээ.

“Санал тавихад хүлээж аваагүй чинь ажлаас ухарч байгаа хэрэг үү. Шинэ шүүхийн суурийг анхнаас нь зөв тавиад ажиллахад болохгүй зүйлгүй гэж бодож байна.” гэсэн зэмлэл, шаардлагын үг Төрийн тэргүүнээс сонссон Зандраад татгалзах эрх байсангүй. Чухамдаа энэ л мөчөөс Зандраагийн болон Захиргааны хэргийн шүүхийн хувь заяа нэг болсон юм. Монголчуудын хүнийг таних ухаанд түшиж хийсэн Ганбат Ерөнхийгийн сонголт мэргэн байсныг одоо Захиргааны шүүхийн талаар мэдэх болгон хэлнэ.

Зандраа 2004 оны 12 дугаар сарын 2-нд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр томилогдлоо. Шинэхэн шүүхийн байр, материаллаг бааз, техник тоног төхөөрөмжийн гээд бүх л аж ахуйн асуудал толгой дээр нь  буув. Нийслэлд байх ганц Захиргааны шүүх гэхэд л орох оронгүй, зургаан шүүгч нь  ажилтнуудтайгаа хотын шүүхийн том танхимд “толгой хоргодож” байлаа.

Амьдрал дээрээ Зандраа “шуналгүй” хүн, тийм ч учраас тун даруухан амьдардаг. “Хүнд хэрэгцээ байлгүй яахав, хэдий насандаа иднэ гэж их зүйл хураах вэ” гэнэ. Өчнөөн олон жил захиргааны хэрэг шийдчихээд өөрийн гэсэн зуслангийн газар ч үгүй байгааг нь сонсвол зарим нэг зальжин хүн гайхаж гүйцэх байх. Гэхдээ тэр өөртөө зөв, нэр бүтэн, мөр цагаан амьдарч яваа.

Ийм л даруухан Зандраа харин шинэ шүүхээ бусдын дайтай болгохын төлөө яваагүй газар, уулзаагүй хүн байхгүй билээ. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөр дамжуулан Засгийн газарт санал оруулж, сайд дарга нарт учирлан байж Дээд шүүхийн хажууд байрлах жижигхэн байшинг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “авав”. Төсвийн мөнгө хүрэлцээгүйгээс шүүхэд тусалдаг гадны төслийнхөнд ярьж ойлгуулан техник тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээ бүрдүүллээ. Энэ бүхний хүчээр Захиргааны шүүх тэр үедээ л шинэ бүхнээс бүрдсэн шижигнэсэн зүйл болж чадсан даа, харин нэг.

Дагнасан шүүхийн мэргэшсэн шүүгчдийн тархийг яаж цэнэглэх вэ гэдэг асуудал дараа нь тавигдав. Иргэд байтугай шүүгчид нь ч өөрсдөө энэ шүүхийнхээ талаар мэдлэггүй л байсан үе шүү дээ, үнэндээ.

Захиргааны шүүхээр дэлхийд тэргүүлдэг Герман руу шүүгчдээ илгээж, номын дуу сонсгов. Мянга сонсохоор нэг үз гэдгийн үлгэрээр арван жилийн хугацаанд захиргааны бүх шүүгчид энэ сургалтад хамрагдаж, тэр чинээгээрээ үр дүн нь гарсан билээ. Эрдэмтэн судлаачидтай уулзаж ярилцах, мэтгэлцээн сургалт зохиох, гадаадын эрдэмтдийг урьж хичээл заалгах гээд шүүгчдэдээ мэдээлэл хүргэж, мэдлэг суулгаж болох бүхий л арга замыг тэр ашиглаж чадсан юм.

Захиргааны шүүх байгуулагдахад хэдхэн аймагт л шүүгчид нь бүрэн томилогдсон байлаа. Хөдөөгийн шүүхэд шүүгчээр ажиллах хүн олддоггүй, цалин хөлс, нийгмийн халамж  муу, хүндхэн үе байсан даа. Мэдлэг боловсролоос гадна төлөвшил нь зөв, өөрийн мөн чанараа хадгалсан, үнэт зүйлээ эрхэмлэдэг тийм хүмүүс л захиргааны шүүхийн шүүгч байх ёстой гэж Зандраа ойлгодог, ийм хүмүүсээр  ч шүүгчдээ бүрдүүлэхийн төлөө зүтгэсэн билээ. Магадгүй энэ хэрээрээ Захиргааны хэргийн шүүхийн нэр хүнд сайн байдаг биз ээ.

Захиргааны шүүх тун богино хугацаанд эрх зүйн орчны хувьд байр суурин дээрээ баттай зогсож чадсанд түүний гавъяа их. Дээд шүүх давж заалдах, хяналтын гэсэн хоёр шатаар хэрэг шийддэг нь дагнасан шүүх, мэргэшсэн шүүгчид гэсэн зарчмаасаа ухарч, давхардал хийдэл үүсгэж байна гэж Шүүхийн Ерөнхий зөвлөл рүү бичиг явуулж. Улмаар УИХ-ын гишүүдтэй уулзаж, ул үндэстэй тайлбарласан нь үр дүнгээ өгч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх одоогоос 3 жилийн өмнө байгуулагдсан юм.

Шүүхийн шинэчлэл хэмээх том зүйлийн шүүх дэх “автор” нь Зандраа юм. Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Шүүхийн тухай багц хуулиудыг боловсруулах ажлын хэсгийг тэр ахалсан. Мэдээж хуулийн төсөлд түүний санасан болгон тусаагүй ч ноён нурууг нь босгосон гавъяаг хэн ч үгүйсгэхгүй. Хорин настай, хонгор зүстэйгээсээ зөвхөн шүүхэд 34 жил зүтгэсэн, ажлаа нэвтэрхий мэддэг, хуулийн бичилтийн техникийг гарамгай эзэмшсэн түүнд энэ ажлыг хариуцуулсан нь зөв байсантай мөн л хэн ч маргахгүй.

Шүүхийн тухай багц хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэний дараа нэг гишүүн “Их хурлын танхимд ирсэн хүмүүс “жижгэрч” л харагддаг юм. Зандраа “даналзаад” гарлаа. Асуудлаа арван хуруу шигээ мэдэх юм аа” гэж билээ. Зарим нь бүр Зандраа чинь манай 77 дахь гишүүн шүү дээ гэнэ. Хуулийн салбарынхаа хувьд тэр бүрнээ хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн.

Зандраа эгэл хүн. Дээр дор гэж ялгах, тэр энэ гэж гүйх сэтгэлгээ түүнд үгүй. Малчин айлын хэнз отгон хүү дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа төрөлх Баянхонгор аймгийнхаа Жаргалант сумын төвд ганцаараа гэр барин амьдарч эхэлжээ. Ах, эгч нь өрх тусгаарласан, аав ээж нь хөдөө мал дээрээ үлдэнэ. Айлын хашаанд гэрээ барьсан хүү аргал түлш, хоол ундаа өөрөө бэлдэн амьдралаа авч явахын ухаанд суралцсан нь зөв хүн болж төлөвшихийн эхлэл байсан биз ээ.

Аавынхаа зөвлөснөөр аравдугаар ангиа төгсөөд Хууль цаазын дунд сургуульд элсэж. Жилийн дараа цэрэгт татагдан үеийн залуустай мөр зэрэгцэн хугацааны ахлагч цолтойгоор гурван жил алба хааснаа амьдралын нэг их сургууль гэнэ. Цэргээс халагдсан залуу сургуульдаа ирж хоёр жилийн хичээлийг нэгд багтаан судалжээ. “Анги алгасаад аргагүй л мундаг байж дээ” гэхээр “Армид байсантайгаа нийлээд зургаан жил сурах арай л удаан байсан юм” гэж “сөрнө”. Өөрийг нь магтах үгийг тосож авдаггүй Зандраа өрөөлийг муу хэлэхэд дургүйг яана. Цэргээс ирсэн жилээ  хуулийн ангийнхаа Намхайн Энхтуяа хэмээх хотын охиныг “ах нь” гэсээр аваад суучихсан “сэргэлэн” эр. Чухамдаа энэ л бүсгүй завгүй нь дэндсэн Зандраагийн гурван сайхан үрийг төрүүлж, ар талыг нь найдвартай даасан ачтан билээ.

Зандраа сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн ардын хэсгийн шүүгчээр “сонгогджээ”. Хөвсгөлийн Тосонцэнгэл, Рашаант, Тариалан, Эгүүр, Их-Уул сумдад гарсан хэрэг зөрчил, иргэдийн маргааныг шийддэг хэсгийн шүүгч байхдаа л шүүгч гэж хэн болох, ямар чанарыг агуулах, яаж ажиллахыг мэдэж авчээ.  Шинэхэн шүүгч хэдхэн сар ажиллаад Дээд шүүхийн өргөмжлөл гардаж, жил алгасалгүй баярын бичиг, жуух хүртсэн гэхээр хэрхэн ажилласан нь илт. Үүнийгээ “Би шагналын одтой шүү” гэж төлөвхөн тайлбарлана. Хөвсгөлд ажиллах гурван жилийн хугацаанд Зандраа Аймгийн ардын хурлын тэргүүлэгчээр сонгогдож,  Ардын депутатын хурлын 120 дугаар тойрогт хүртэл нэр дэвшиж явсан нь итгэл даахаар ажиллаж байсных нь илрэл юм.

Амьдын хагацал нөмөрч аав нь бурхан болсны дараа Зандраа “Ээжээ харж хандъя. Эхнэр, хүүхдээсээ хол амьдрах хэцүү байна” гэж өргөдөл гарган хотод шилжиж ирэв.

Шүүхэд харьяалагддаг байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд орж, Октябрь, Сүхбаатарын район, Улаанбаатар хотын шүүхэд тогтоол гүйцэтгэгчээр ажиллаад Хотын Хууль зүйн газрын Тогтоол гүйцэтгэлийн албаны дарга хүртэл дэвшжээ. Шийдвэр гүйцэтгэгчийн ажил амаргүй ээ. Үүрийн гэгээнээр гараад үдшийн бүрийгээр гэрийн бараа харна. Өр нэхэж айлуудаар явган таваргаж, өдөрт шийдвэр гүйцэтгэх арван хуудаст ажиллагаа хийнэ гэдэг яггүй даваа. Гэхдээ л Зандраа шийдвэр гүйцэтгэлийн шилдэг ажилтан байсан гэж мэдэх хүмүүс нь хэлдэг. Тэр зарчимч нь дэндсэн хүн. Тиймээс ч тухайн үед шүүхийнхэн ганц нэг зуу татахдаа “Цаадахыг чинь явахаар болъё” гэж жийрхдэг байсан гэх.

Зандраа тогтоол гүйцэтгэлийн даргын ажлаа нэг л өдөр өгөөд МУИС-ийн Хуулийн ангид элсэн суралцлаа. Их сургуулиа улаан дипломтойгоор амжилттай дүүргэсэн тэр 1995 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгчээр томилогджээ. Хан-Уул, Чингэлтэй, Нийслэлийн шүүхэд ажиллах хугацаандаа сайн шүүгч гэдгээ харуулж чадсан мань эр 2001 онд Дээд шүүхийн өндөр босгоор алхан орсон юм.

2002 онд Шүүхийн тухай хуулийн өөрчлөлтөөр Дээд шүүхийн 17 шүүгчийн орон тоог цөөлж, 11 болгов. Хэн нь үлдэх вэ гэсэн ширүүхэн өрсөлдөөний дунд Зандраа ганцаараа 100 хувийн санал авсан билээ. Дээд шүүхийн мундагцуулаас айгаад тийшээ зүглэж ч чаддаггүй байсан залуу жил гаруйхан ажиллахдаа тэр шигшмэл шүүгчдэд бүрэн хүлээн зөвшөөрөгдөж чадсан байсан юм.

Зандраа ердөө л сайн хүн. Энэ хорвоод хүн байхын эрдмийг бүрэн эзэмшсэн нэгэн. Түүнийг хаа ч явсан, юу ч хийсэн хүмүүс хүрээлж байдаг. Хөдөө томилолтоор явахдаа хөгжиж цэнгэхэд зав гаргахгүй, ажилласаар байгаад л ирнэ. Томилолтын төлөвлөгөөт ажлаа дууссаны дараа хүмүүсийг сонсоно.  Зандраатай дөнгөж танилцсан хүн ч түүнд зовлон жаргалаа ярихаар сэтгэлийг нь татаж, итгэл төрүүлж чаддаг нь гайхмаар.

Ч.Ганбат, С.Батдэлгэр, Ц.Зориг гээд Дээд шүүхийн үе үеийн Ерөнхий шүүгч нар  Захиргааны хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшүүлж, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэсэн гурван Төрийн тэргүүн түүнийг энэ албан тушаалд томилж байсан нь итгэл хүлээдгийг нь илтгэнэ.

Саяхан Шүүхийн багц хуулийн хүрээнд хийгдэх өөрчлөлтөөр Захиргааны хэргийн шүүхийг бүсчилж, хоёр гурван аймгийн дунд нэг шүүх байхаар төсөл хийгдсэн байв. Тэр үед мань Зандраа гадаадад томилолтоор явж таарсан юм. Нутагтаа буусныхаа маргааш л улсын хэмжээгээр анхан шатанд аравхан захиргааны шүүхтэй үлдсэн мөнөөх төслийг бариад таваргаж гарав. Албан тушаалтны шийдвэрийг хянадаг шүүхийн тоог цөөлж, аймаг дамжуулан иргэдийг чирэгдүүлж болохгүй гэж Их хурлын эрхэм гишүүдэд ойлгуулсны дүнд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг 20 болгон хамгаалж үлдэж чадсан юм.

Зандраа эерүү зөөлөн хүн. Гэхдээ өөрийн үзэл бодол дээр бат зогсож, түүнээ хэрэгжүүлж чаддаг онцгой нэгэн. Онол, практикийн өндөр мэдлэг, хүнтэй харилцах ур дүй, хуурмаг үгүй үнэн төрх нь хэнээс ч айлгүй  зөв гэсэн зүйлээ хэлж, зөвшөөрүүлж чадахад хүргэдэг биз ээ.

Зандраа энэ он жилүүдэд Захиргааны хэргийн шүүхийн тархи нь ч, зүрх нь ч байсаар ирсэн юм. Энэ зүрх бусад шүүгчдийнхээ хамтаар захиргааны хэмээх залуухан шүүхийг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхийн төлөө алжаахыг умартан зүтгэж, өдийг болтол бойжуулсан билээ. Энэ тархи захиргааны шүүхийн бодлогыг зангидаж, хууль тогтоомжийг боловсруулж, боловсон хүчнийг нь чадваржуулж, өдийг хүртэл төлөвшүүлсэн билээ.

Зандраа Монголын Шүүгчдийн холбоо, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Сахилгын хороо, Мэргэшлийн хороо гээд шүүгчдийн саналаар сонгогддог байгууллагад олон жилийн турш ажиллахдаа хийсэн зүйл нь чамгүй.

Захиргааны хэргийн танхимын тэргүүний албыг хоёр улиран хашсан Зандраагийн бүрэн эрхийн хугацаа саяхан дууссан боловч түүнийг Захиргааны шүүхгүйгээр төсөөлөхийн аргагүй болтлоо хувь тавилан нь нэгджээ.

“Өдрийн сонин”-ы 2014 оны 6 дугаар сарын 5-ны №137/4777/ дугаарт нийтлэгдсэн болно.