Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгож, хэрэг хуваарилахтай холбоотой журмыг батлав

2021 оны 10 сарын 11 742

Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасны дагуу Сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас сонгохоор хуульчилсан. Шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлсэн анхан шатны шүүхийн дөрөв, давж заалдах шатны шүүхийн тав,  хяналтын шатны шүүхийн нэг шүүгч нэр дэвших үндэслэл, хийх ажлын талаар тус тус танилцуулж, шүүгчдийн асуултад хариуллаа. 

Нийт шүүгчийн дунд явуулсан нууц санал хураалтаар олонхын санал авсан  Улсын дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Очирбатын Номуулин,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Сономдовчингийн Энхтөр, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Баясахын Сугар нарыг Сахилгын хорооны шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг батлав.

Нийт шүүгчийн чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталлаа.