Ц.Ганбат: Шүүхийн битүүмжлэлтэй газрыг өөр хүнд өмчилсөн байсан

2014 оны 06 сарын 04 888

irgen1111Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдаад 10 жил болжээ. Энэ хугацаанд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 61.1 хувь нь нэхэмжлэгчийн буюу иргэдийн талд шийдэгдсэн байна. Захиргааны хэргийн шүүхээр эрх ашгаа хамгаалуулсан хүмүүсийн нэг болох Баянзүрх дүүргийн иргэн Ц.Ганбат манайд хандлаа.

-Та газраа алдчихаад Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэл үү?

-Би өөрийнхөө газрыг бусдад алдсан хүн.  Захиргааны хэргийн шүүхэд 2012 онд өргөдөл гаргасан. Тэрнээс өмнө газрыг минь хууль бусаар авчихлаа гээд Баянзүрх дүүргийн газрын албанд өргөдөл гаргаж үзсэн л дээ. Байгаа байдлаа  танилцуулаад байхад л газрын алба “наадах газрыг чинь хүн авчихсан” гээд хөдөлдөггүй юм билээ.

-Танайх хаана газартай байсан юм бэ?

-Баянзүрх дүүргийн Амгалангийн эцэст “УУС-15”-ын задгай гэдэг газар . Энэ нь дахин төлөвлөлтөд орсон, цахилгаан станц барих гэж байгаа газар юм. Хуучнаар Баянзүрх дүүргийн 8-р хороо, 2012 оноос 10 дугаар хороо болсон.

Би аж ахуй эрхлэх зорилгоор энэ газрыг авахын тулд 1997 онд анх хотын захиргаанд өргөдлөө өгч байсан. Газрын хэмжээ том буюу гурван айлынх байсан  учраас эзэмшиж, ашиглахын тулд Баянзүрх дүүргээс хот руу очиж зөвшөөрлөө ав гэсэн юм. Ингээд хотын захиргаанд өргөдлөө өгөөд удаж, 6-7 сарын дараа надад албан бичиг ирсэн. Хотын захиргаанаас ирсэн уг бичигт Дүүргийн газрын алба энэ асуудлыг шийдэж болно гэсэн байсан юм. Энэ бичгийг Баянзүрх дүүрэгт журмынх нь дагуу өгснөөр газрын гэрчилгээ нь 1999 онд гарсан. Өөрөөр хэлбэл, хоёр жил хөөцөлдөж байж 1999 онд захирамж гарч, 2100 кв.м  газрыг эзэмшиж авсан даа.

-Газар эзэмших эрхээ баталгаажуулсан байсан юм бол яагаад бусдад алдчихсан юм бэ?

-Үйл ажиллагаа явуулахын тулд мөнгө хэрэгтэй байсан тул 2004 оны үед  газраа банкинд тавьж зээл авсан. Гэтэл хийж байсан ажил минь жаахан бүтэлгүйтээд, зээлээ төлж чадахаа больж, шүүхийн шийдвэрээр миний газар битүүмжлэгдсэн. Албан ёсны гэрчилгээ маань хүчингүй болоогүй, шүүхийн шийдвэрээр л түр битүүмжлэгдсэн байсан. Гэтэл битүүмжлэлтэй байсан газрыг эзэнд нь огт мэдэгдэлгүйгээр газар эзэмших гэрчилгээ шинээр гаргуулаад, өмчлөөд авчихсан байсан. Бүр 2008 онд өөр хүний нэр дээр өмчлөлийн гэрчилгээ гарсан юм билээ. Би хөөцөлдөж байж 2011 онд банкны зээлээ төлөөд нөгөө эзэмшиж байсан газраа өмчлөлдөө авъя гэсэн чинь дүүргээс “Таны газар биш байна” гэдэг байгаа. Уг нь зээлийн төлбөрөө төлөөд аваарай л гэдэг байсан атал эзэмших эрхийн гэрчилгээтэй, шүүхийн битүүмжлэлтэй байхад өөр хүнд шилжүүлсэн байсан.

-Дүүргийн газрын албаныхан тэр газрыг яагаад өөр хүнд өгсөн гэж тайлбарладаг вэ?

-Хачирхалтай нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газрын албаны дарга нар нь  энэ асуудлыг мэдэхгүй байсан. Доод албан тушаалтнуудынх нь хийсэн үйлдэл юм шиг байна лээ.

-Захиргааны шүүхэд та яг хэзээ хандсан бэ?

-Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд 2012 онд хандсан. Олон жил ажилласан туршлагатай өмгөөлөгч авъя гэхээр их хөлс нэхсэн. Би тийм ч их мөнгөтэй хүн биш учраас залуухан өмгөөлөгч авсан. Гэхдээ л өмгөөллийн хөлсөнд чамгүй мөнгө төлсөн дөө. Сүүлдээ өөрийнхөө унаж байсан машиныг зарж гурван шатны шүүхэд орсон өмгөөлөгчийнхөө хөлсийг төлж дуусгасан. Уг нь анхан шатны шүүхээр ороод болчихдог юм байх гэж бодсон чинь үгүй юм билээ. Хууль бусаар газрыг минь авсан хүмүүс давж заалдсан. Гурван шатны шүүхийн шийдвэр миний талд гарснаар би өөрийнхөө газрыг сэргээж олж авсан. Бид хууль мэдэхгүйгээсээ болж асар их алддагийг тэгэхэд ойлгосон. Гэр бүлд нэг хууль мэддэг хүн байх ёстой гэдгийг ухаарсан учраас отгон охиноо хуулийн сургуульд оруулсан. Өөрөө ч бас хуулийн ном нэлээд уншсан.

-Нууц биш бол  та банкнаас хэдэн төгрөгийн зээл авсан юм бэ?

-Аж ахуй эрхлэх зорилгоор тухайн үед 15 сая төгрөгийн банкны зээлд тавиад л газраа алдсан хүн. Барилгын материалын суурийн блок, явган хүний зам гээд өөрийнхөө хэмжээнд таарсан ажил хийх гэж  л тэр газрыг авсан.

-Та түрүүн хуулийн ном уншсан гэлээ. Ямар ном уншиж судлав. Та ер нь ямар мэргэжилтэй вэ?

-Би жолооч, гагнуурчин хүн. Энэ газрын талаарх заргаас болоод хуулийн ном их уншсан.  Газрын тухай хуулийг сайтар уншиж судалсан. Шүүх миний уншиж байсан яг тэр заалтыг л барьж хэргийг шийдвэрлэсэн байсан шүү.

-Таны газрыг хэн гэдэг хүн өмчилж авсан юм бэ. Та хүн өмчилж авсныг яаж мэдсэн бэ?

-Танай газрыг нэг хүн зарах гэж байна гэж ойролцоо амьдардаг нэг хүн хэлсэн юм. “Баясаа гэдэг хүн авчихсан, зарах гээд байна” гэсэн. Тэр Баясаатай нь утсаар ярьтал “Гурван айлын газар байгаа, зарна” гээд. Тэгээд уулзсан чинь бүр өмчлөөд авчихсан байсан. “Энэ чинь миний газар, шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн” гэж тайлбарлатал “Тэр хамаагүй ээ” л гэсэн. Ингээд л аргагүйдэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан даа.

-Газрыг чинь ямар үнэтэй зарна гэх юм, тэр хүн?

-Гурван айлын газрыг тухайн үед 20 гаруй саяар л зарна гэж байсан. Тэр үед манай газар хотын захад, нэг их үнэ хүрэхгүй байсан.

-Та гурван шатны шүүхээр явсан гэсэн үү. Хэр их хугацаа зарцуулсан бэ?

-Дээд шүүх хүртэл явахад 6 сар болсон. Шат болгондоо шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон.

-Маргааны нөгөө тал болох дүүрэг, нийслэлийн газрын албаныхан энэ газрыг буруу олгочихжээ гэж ер нь хэлсэн үү?

-Нийслэлийн газрын албаныхан буруу олгогдсон байна гэж хэлж байсан. Өмчлөх шийдвэр Нийслэл дээр ирж гардаг юм байна лээ.  Шүүх хурал дээр Нийслэлийн хуулийн зөвлөх нь миний талд нэг удаа дуугарсан. Надад улан тамгатай газар эзэмших гэрчилгээ нь ч, бас газрын төлбөр төлж байсан баримт нь ч байсан. Гэтэл  газрын албанд ямар ч материал байхгүй болчихсон байсан.  Архив ухаж байж кадастрын зургаа би өөрөө олж авсан.

-Захиргааны шүүх нотлох баримтаа өөрөө цуглуулдаг биш бил үү?

-Анхан шатны шүүх материалаа өөрөө цуглуулсан. Шүүгч “өөр нотлох баримт байна уу” гэхээр нь би Нийслэлийн газрын албаны архиваас кадастрын зургаа олж авсан юм.

-Шүүхэд хандахыг хэн зөвлөсөн бэ?

-Шүүхэд хандъя гэж би өөрөө шийдсэн.

-Гурван шатны шүүхээр хэрэг шийдэгджээ. Хэн гэдэг шүүгч таны асуудлыг шийдсэнийг мэдэж байна уу?

-Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Лхагвасүрэн шүүгч дээр байсан. Бусад шатны шүүхийн шүүгч нар нь хэн болохыг мэдэхгүй.

-Шүүхийн ерөнхий хандлага, тантай харилцаж байгаа харилцаа ямархуу байв?

-Хуулийн дагуу сайхан харилцаатай л байсан. Үнэнээр явъя гэвэл шүүхэд л хандах хэрэгтэй юм байна лээ.

-Шүүхээр явахад бэрхшээлтэй тал байна уу?

-Шүүхээр явахад хэцүү тал байна аа. Нөгөө талын хүмүүс цаг хугацаа хожих гэж ажилладаг. Шат болгонд л нөгөө талын өмгөөлөгчид хурлыг хоёр удаа хойшлуулах хүсэлт гаргаж байсан. Үүнд би жаахан бухимдсан. Хуулинд ийм заалт байгаа учраас өмгөөлөгч хүсэлт гаргах эрхтэй гэж шүүгч хэлж байсан.

-Та шүүхэд хандахдаа асуудал эергээр шийдэгдэнэ гэдэгт итгэж байсан уу?

-Шүүхийн шийдвэр миний талд гарна гэдэгт би эргэлзээгүй. Та буруу зүйл хийгээгүй л бол шүүх таны талд л асуудлыг шийднэ. Та хууль бус зүйл хийсэн бол таны талд шийдэгдэхгүй нь ойлгомжтой. Миний асуудлыг үнэн зөвөөр нь шийдэж өгсөн Захиргааны хэргийн гурван шатны шүүхэд баярлаж байна. Ер нь Захиргааны шүүх гэж дарга нарын шийдвэрийг хянадаг ийм шүүх байгуулсан нь их зөв болсон юм байна гэж бодсон. Шүүхээр явж байхад тааралдаж байсан хүмүүс ч захиргааны шүүхэд их итгэдэг юм билээ.

-Та одоо газраа өмчлөөд авчихсан уу. Газар дээрээ юу хийж байна?

-Тэгсэн. 2014 оны 3-р сард газраа өмчилж авсан. Газар дээрээ одоогоор юм хийгээгүй байгаа. Манай газар дахин төлөвлөлтөд орсон. Тэгэхээр газрын нөхөн төлбөрөө аваад хотоос гарч 22-ын товчооноос цаашаа хүүхдүүдийнхээ нэр дээр газар авч төгөл үүсгэх юм сан гэж бодоод л явж байна.

-Уучлаарай, нөхөн төлбөр гэж хэдэн төгрөг авах вэ?

-0.7 га газарт 70 сая төгрөгөөр тооцож нөхөн төлбөр өгч байгаа юм билээ. Шүүхээр заргалдсан нөгөө тал маань дахин төлөвлөлтийг сонссон учраас  цаашаа хоёр шатаар явсан. Хэрвээ дахин төлөвлөлтөд ороогүй байсан бол тэр хүмүүс шүүхийн эхний шатаар ороод л орхих байсан байх.

-Төгөл байгуулна гэж их сайхан зүйл мөрөөдөж байгаа юм байна. Танд мод тарьж байсан туршлага бий юу?

-Одоо би эхнэр, том охин, бага хүүтэйгээ амьдардаг. Манай охиных Хайлаастад байдаг, хашаа нь битүү жимсний болон бусад модтой. Би өөрийнхөө, бас хөгшнийхөө, хүүгийнхээ нэр дээр газар авчихсан. Энэ яриад байгаа газар маань шүү дээ. Гэхдээ хүүхдүүдийн маань зарим нь газар өмчлөөгүй учир тэдний нэр дээр газар аваад төгөл үүсгээд амьдаръя л гэж хүсдэг.

Shuud.mn сайтад 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр нийтлэгдсэн болно.