Шүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав

2021 оны 10 сарын 26 627

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу Сургалтын хөтөлбөрийн хорооны боловсруулсан шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн батлах зохицуулалттай.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган”-д тавьсан илтгэлдээ шүүхэд мэдээллийн технологи, хиймэл оюун ухааныг ашиглах талаар байр сууриа илэрхийлж, шүүхийн системд цахимжилт, хиймэл оюуныг шат дараалалтай нэвтрүүлэхийн чухлыг онцолсон.

Энэ хүрээнд сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шүүгчдийн сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд цахимжилт, мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх асуудлаар Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг  Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй уулзаж санал солилцов.

Уулзалтаар шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан батлах сургалтын хөтөлбөрийн дагуу шүүгчдийн сургалтыг чанар, үр өгөөжтэй зохион байгуулахад мэдээллийн технологийн шийдлийг ашиглах, сургалтын үйл ажиллагааг үе шаттай цахимжуулж чанарыг сайжруулах, Улсын дээд шүүхийн дэргэд байгуулагдсан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд шүүгчийн сургалтын цахим дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцаж, харилцан ойлголцолд хүрчээ.