М.Батсуурь: Шүүх шийдвэрээрээ хүн гомдоож магадгүй ч үйлчилгээгээрээ гомдоож болохгүй.

2014 оны 06 сарын 03 981

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн 
М.Батсуурьтай ярилцлаа.

Шүүхийн шинэтгэлийн асуудлаас яриагаа эхлэх үү. Саяхан Улсын Их Хурлаас Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орсон. Шинэлэг зүйл юу оров?

MPA_PHOTO-4329-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Шүүхийн шинэтгэл”-ийн давалгааг эхлүүлж, энэ хүрээнд 6 хууль бүхий “Шүүхийн тухай багц хууль”-ийг Улсын Их Хуралд өргөн барьсныг 2012 онд баталсан билээ. Ингээд хуулиуд 2013 оноос бүрэн хэрэгжих болсон. Харин “Шүүхийн тухай багц хууль”-д суусан зарчмын шинжтэй шинэлэг өөрчлөлтүүд хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад ороогүй байсан тул зарим талаар зөрчил үүсгэж, амьдралд шууд хэрэгжүүлэх боломжгүй байдал үүссэн. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг дээрх хуультай нийцүүлэх ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох төслийг боловсруулсны эцэст Улсын  Их Хурлаар хэлэлцэгдэн батлагдлаа. Энэ сарын 26-наас эхлээд хэрэгжихээр болж байна.

Тухайлбал, ямар өөрчлөлтүүд байна?

-Жишээ нь Шүүхийн тухай багц хуульд нөлөөллийн мэдүүлэг хөтлөх тухай зохицуулалт орсон. Үүнийг хэрхэн хөтлөх талаар хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй байсныг оруулсан. Мөн шүүгчийг татгалзан гарах зохицуулалтад “ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байдал үүсгэхээр” бол хэргийг шийдвэрлэхээс татгалзан гарахаар болов. Эдгээр нь шүүхийн хараат бус байдлыг хангахад чухал ач холбогдолтой заалтууд юм. Үүний зэрэгцээ шүүх хуралдааныг дуу, дүрс бичлэгээр баталгаажуулах заалт орсон. Энэ нь хожим шүүх хуралдааны үйл явцыг ажиглах боломжийг иргэдэд олгож байгаа. Мөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсантай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар зохицуулалтууд нэмэгдэв. Иргэний журмаар эд хөрөнгийн маргаан ихээхэн шийдвэрлэгддэг тул эвлэрүүлэн зуучлал нь талуудад эв зүйгээр асуудлаа шийдэх, цаг хугацаа хэмнэх төдийгүй эдийн засгийн хувьд ашигтай.

Саяхан болсон “Эдийн засгийн форум” дээр Та шүүхийн шинэтгэл хөрөнгө оруулалтыг татах чухал хэрэгсэл гэж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу.

-Хөрөнгө оруулалтыг татахад зөвхөн эдийн засгийн хүчин зүйлс хангалттай гэж ойлгож болохгүй. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын таатай хуулийн орчин, мөн түүнийг зөрчигдөхөөс хамгаалж, амьд байлгадаг шүүхийн хараат бус байдал чухал үүрэгтэй. Тодруулбал, Монгол улсад хийгдэж буй хөрөнгө оруулалт нь хуулийн хувьд найдвартай хамгаалагдсан, хууль нь урьдаас тодорхой бөгөөд тогтвортой, хэрвээ асуудал үүсвэл Монгол улсын шүүх нөлөөнд авталгүй, хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэнэ гэсэн итгэл үнэмшил байж гэмээ нь хөрөнгө оруулагчид хуулийн эрсдлээс эмээлгүй хөрөнгө оруулалт хийх болно. Нэг жишээ дурдахад Швейцарийн банк дэлхийд найдвартай гэдгээрээ алдартай. Тэнд банк нь илүү зузаан хана хэрэмтэй, эсхүл хамгаалалт нь хүчирхэг учраас биш, харин хадгаламж эзэмшигчдийн эрх, тэр дундаа нууцлалыг сайтар хамгаалсан хуультай, үүнийг нь зөрчигдөхөөс сэргийлж чаддаг шүүхийн тогтолцоонд байгаа юм. Эсрэгээр байгалийн баялаг арвинтай атлаа Азийн, эсхүл Африкийн зарим улсад хөрөнгө оруулалт үгүйлэгдэж байгаа нь тэдгээр улсын хууль нь тогтворгүй, хуулийн орчин тогтвортой байлаа ч шүүх нь авилгад автсан учир оруулсан хөрөнгөө алдаж болзошгүй гэсэн айдастай холбоотой. Шүүхийн хараат бус байдлаа бэхжүүлсэн гэдгээ харуулах нь Монгол улсад хөрөнгө оруулалтыг татах нэг чухал хөшүүрэг учир шүүхийн шинэтгэлийг зөвхөн хуулийн салбарын асуудал гэж ойлгож болохгүй.

-Шүүхийн шинэтгэл ид явагдаж байгаа үетэй зэрэгцээд Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Ер нь захиргааны хэргийн шүүх ямар онцлогтой шүүх вэ?

-Захиргааны хэргийн шүүх гэдэг дагнасан шүүхийн тогтолцоо Монгол Улсад байгуулагдаад 10 дахь жилдээ ажиллаж байна. Хэдийгээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2002 онд батлагдсан ч 2004 оны 6 дугаар сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн учир энэ 2014 оны 6 дугаар сарын 1-нд 10 жилийн ой тохиож байна. Хамгийн товчоор төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрээс иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалдаг шүүх гэж ойлгож болно. Социализмын үед бол ийм шүүх байгаагүй, байх ч боломжгүй. Учир нь төр, иргэн хоёр дандаа босоо харилцаатай байсан учир иргэд төрөө шүүмжлэх, эрхийг нь зөрчлөө гээд шүүхдэх боломжгүй байлаа. Харин ардчилсан нийгэмд төр хэдий нийтийн эрх ашгийн төлөө бусдыг захирамжилсан шийдвэр гаргадаг ч энэ нь хуулийн хүрээнд байх ёстой. Хэрэв хууль зөрчиж, иргэний эрхийг хөндсөн гэж үзвэл хамгаалуулах тогтолцоо нь захиргааны хэргийн шүүх юм.

-Өнгөрсөн хугацаанд хэдэн хэрэг шийдвэрлэсэн бэ. Иргэд голдуу газрын маргаанаар ханддаг гэж дуулсан?

- Энэ хугацаанд бүх шатандаа 19683 хэрэг хүлээн авсан бөгөөд 7441 хэргийг анхан шатанд шийдсэн бол давж заалдах шатанд 3519, хяналтын шатаар 1807 хэрэг, нийт 12767 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн. Шийдвэрлэсэн хэргийн 61.1 хувийг иргэн, хуулийн этгээд талдаа шийдсэн. Үүний цаана 4000 орчим төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, иргэн хуулийн этгээдийн эрхийг сэргээсэн гэсэн үг. Маргааны төрлийг аваад үзэхэд энэ хугацаанд хамгийн их нь Газрын маргаан шийдвэрлэсэн байдаг. Энэ нь нийт хэргийн 30 орчим хувь. Дараа нь төрийн албаны маргаан 20 орчим, тэгээд сонгууль, эд хөрөнгийн бүртгэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, тендертэй холбоотой маргаан голлох хувийг эзэлдэг. Ер нь төр, иргэн хоёрын хооронд хамгийн их үүсдэг харилцаан дээр маргаан их гардаг гэж болно. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд захиргааны шүүх дандаа иргэний талд үйлчлэх зорилготой гэж ойлгож болохгүй. Төрийн байгууллага, албан тушаалтаны шийдвэр иргэний эрхийг хөндсөн боловч энэ нь хууль ёсны байвал нэхэмжлэл хангагддаггүй гэдгийг тайлбарлах нь зүйтэй байх.

- Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг Улсын Ерөнхий прокурорын газраас Хууль зүйн яаманд шилжүүлсэн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон байсан. Ер нь ямар хэрэг нь захиргааны шүүхээр, ямар хэрэг нь иргэний шүүхээр шийдвэрлэгддэг юм бэ?

-Захиргаа гэдэг бол төрийн хууль хэрэгжүүлэх ажиллагаа юм. Тиймээс хууль тогтоодог, шүүдэг байгууллагаас бусад нийтийн нэрийн өмнөөс хууль хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан бүгд л захиргаанд хамаардаг. Хуульд ч гэсэн анх энэ агуулгаар нийтийн захиргааны толгой болох Засгийн газрыг оруулаад түүнээс доошоо бүхий л захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянахаар оруулсан. Харамсалтай нь 2005 онд Засгийн газар, Сонгуулийн Ерөнхий хороо хоёрыг захиргааны шүүхийн хяналтаас авсан. Авсан шалтгаан нь Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хянана гэж үзсэн боловч Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянадаг бөгөөд амьдрал дээр Үндсэн хуулиас бусад хууль зөрчсөн шийдвэрийг Засгийн газар гаргах боломжтой. Тиймээс энэ шийдвэрүүд хяналтгүй орхигдсон тул эргээд иргэний хэргийн шүүх хянах болсон.

- Захиргааны хэргийн шүүх бий болсноор нийгэмд ямар эерэг нөлөө үзүүлэв?

-Дурдаад байвал маш их эерэг үзэгдлийг нийгэмд авчирсан. Хамгийн нэгдүгээрт түгээсэн том соёл бол төрийн байгууллага хуульд захирагдаж ажилладаг соёлыг төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Бид эрх зүйт төр гэж ярьдаг. Төрийн байгууллага албан тушаалтан ч гэсэн иргэнтэй адил хуульд захирагдах ёстой.Иргэн төрийн албан тушаалтантай адил тэгш эрхтэй гэдгийг захиргааны хэргийн шүүх дээр маргаанаа шийдүүлэхдээ хамгийн их мэдэрдэг байх гэж би боддог. Иргэн захиргааны шүүхэд хандах болсноор төрийн байгууллагын сүүдэрт байсан хууль бус шийдвэрүүдийг нээж, шүүх уг шийдвэрүүдийг хүчингүй болгож хууль бус ажиллагааг таслан зогсоож эхэлсэн. Ингэснээр эцсийн үр дүнд эрх зүйт буюу хууль дээдэлдэг төр амьдарч эхэлж байгаа юм. Үүнийг дагаад мөн иргэд захиргаанаас эмээдэг байсан бол одоо энэ хандлага өөрчлөгдөж захиргааны шүүхэд хандах нь ихсэж байна.

-Захиргааны хэргийн шүүх манай анхны дагнасан шүүх. Дагнасан шүүхийн ач холбогдол ер нь юу вэ?

-Нийгмийн харилцаа өргөжихийн хэрээр хууль бас даган улам нарийсан хөгжиж байна. Өмнө нь хуульч хуулийн салбар болгоныг гадарладаг байсан үе бий. Харин өнөөдөр хуульч хүн энэ бүгдийг нь мэдэх боломжгүй. Иймээс эрүүгийн, иргэний, захиргааны зэрэг тодорхой салбар эрх зүйгээр мэргэших ёстой болж эхэлж байна. Захиргааны шүүх хамгийн анхны  нарийн мэргэжлийн шүүхийн загварыг бий болгосон. Энэ шүүх зөвхөн төрийн албан тушаалтны шийдвэр хуулийн талаас зөв байна уу үгүй юу гэдэгтэй холбоотой маргааныг шийднэ. Мэргэшсэн шүүх бий болоод ирэхээр иргэний хувьд ч ээлтэй. Олон талын өнгөц мэдлэгтэй хүнээр асуудлаа шийдүүлэхээс илүүтэй тухайн асуудлаар нарийн мэргэшсэн хүнд хандаж, шийдүүлэх боломжтой болж эхэлж байна. Захиргааны дагнасан шүүх бий болоод ач холбогдлоо харуулсан учраас  2012 онд нийтлэг харьяаллын байсан шүүхийг мэргэшүүлж эхэлж байна. Мөн дагнасан шүүх төрөлжсөн шүүхийг төрүүлдэг. Дагнах гэдэг маань хуулийн тогтолцоог дагадаг. Төрөлжинө гэдэг тэр тогтолцоон дотроо тодорхой маргаанаар төрөлжих тухай ойлголт. Дагнасан захиргааны шүүх дотроо татварын, санхүүгийн төрөлжсөн шүүхүүд бий болно. Улмаар дагнасан иргэний шүүх дотроо гэр бүл, хөдөлмөрийн, худалдааны шүүхүүдтэй болно. Ингээд улам мэргэшнэ гэсэн үг.

-Захиргааны шүүхэд хандах иргэдийн тоо жил бүр өсч байгаа гэсэн. Иргэд эрхээ хамгаалах талаар мэдлэгтэй болж байна гэж ойлгох уу. Эсвэл төрийн байгууллага, албан тушаалтнууд хууль бус шийдвэр олноор гаргаад байна уу?

-2004 онд 150 орчим хэрэг шийдвэрлэж байсан бол одоо улсын хэмжээнд жилд 1100 орчим хэрэг шийдвэрлэж байна.  Үүнийг би эерэг талаас нь хардаг. Нэгдүгээрт, иргэд энэ шүүхийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болж эхэлж байна. Түүнчлэн эрхээ хамгаалах соёлтой болж эхэлж байна. Бид өмнө нь шүүх гэхээр хэрэгтэн л шүүхийн хаалга татдаг гэсэн ойлголттой байв. Харин өнөөдөр шүүх иргэн миний эрхийг хамгаалдаг, бас надад үйлчилдэг байгууллага гэсэн ойлголт улам дэлгэрч байна. Нөгөө талаас захиргааны хэргийн шүүх ч гэсэн өөрөө иргэдийн итгэлийг дааж чадаж байна гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, энэ шүүхээр асуудлаа шийдүүлээд маргаж байгаа юм чинь үнэхээр үндэслэлтэй байх юм бол ямар ч авлигагүйгээр,  хамгийн эрүүл аргаар үнэнээ тогтоолгох юм байна гэсэн итгэл ард иргэдийн дунд ажиглагдаж байна. Тэгэхээр энэ бол захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа иргэдийн итгэлийг дааж байгаагийн нэг илрэл байх. 2004 онд шийдсэн хэргүүдийг аваад үзэхээр тэр гарч байгаа албан тушаалтны шийдвэр нь хуулийн ямар ч үндэслэлгүй байдаг байсан. Харин одоо төрийн байгууллага, албан тушаалтны гаргаж байгаа шийдвэрийг харах юм бол асар олон хуулийг үндэслээд нөгөө гаргаж байгаа шийдвэртээ сайн тайлбар хийчихсэн тийм шийдвэр гарч эхэлж байна.

-Шийдвэрлэсэн хэргийн тоог аваад үзвэл орон нутагт бага, харин нийслэлд их байдаг юм байна. Орон нутгийн шүүгч нийслэлд ажиллуулж болдоггүй юм уу?

-Энэ бол бэхжиж байгаа шүүх. Саяхан Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын дунд нэг шүүхийг бий болгосон. Хуучин Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүх, Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүх гэж байсан. Одоо бол дундаа нэг тойрог нэг шүүхтэй болсон. Булган аймгийн болон Орхон аймгийн захиргааны хэргийн хоёр шүүх нэгдсэн байгаа. Хөгжиж байгаа шүүхийг шийдвэрлэсэн хэргээр дүгнэх бус, харин ирээдүйд нийгэмд ямар ач холбогдолтой вэ гэдэг талаас нь харах нь чухал. Шүүх бол иргэний эрхийг хамгаалдаг байгууллага. Тиймээс иргэний эрхийг хамгаалдаг байгууллага нь иргэндээ ойрхон байх ёстой. Монгол улсын хэмжээнд зөвхөн Улаанбаатар хотод ганцхан анхан шатны захиргааны шүүх нь байх юм бол иргэд хэр хандах вэ. Жишээ нь, Увс аймаг юм уу Дорнодод Засаг дарга нь хууль бус шийдвэр гаргачихсан байхад энд ирж хандах болов уу. Замын зардлаас эхлээд зөндөө зүйл байгаа. Цөөн хэрэгтэй байна гэдэг шүүхийг хүртээмжтэй байлгах, иргэндээ ойрхон байлгах үнэт зүйлийг үгүй хийх үндэслэл биш байх.

-Нэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид аймгийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тухай нийтлэл манай сонинд гарсан. Үүнтэй холбогдуулж асуудахад Захиргааны шүүхийн шийдвэрийн биелэлт ямар байна вэ?

-Судалгаанаас харахад захиргааны хэргийн шүүхийн хоёр шийдвэрийн нэг нь л биелдэг байдалтай харагддаг. Энэ бол манайд л байгаа зовлон юм. Хууль дээдэлдэг соёл төлөвшсөн, захиргааны хэргийн шүүх олон жил амьдарсан улсад захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх гэсэн ойлголт байдаггүй. Шүүх буруутай гэж шийдвэрлэсэн бол тэр албан тушаалтан биелүүлээд л явна. Манайд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээж авдаггүй тал бий. Шүүхийн шийдвэр гарсан л бол эрүү ч бай, захиргааны хэргийнх нь ч бай адилхан биелдэг байх нь хууль дээдэлдэг нийгмийн энгийн үзэгдэл.Саяны жишээ бол инээдтэй гэхээсээ эмгэнэлтэй байдал юм даа. Шийдвэр гүйцэтгэлийн албадлагын тогтолцоо хэрэгтэйг харуулж байна. Яваандаа хуулийг дээдлэх, шийдвэрийг биелүүлэх соёл бий болох байх.

-Захиргааны хэргийн шүүхийн цаашдын хандлагыг та яаж тодорхойлох вэ? Мөн хэрэг хянан шийдвэрлэдэг журмын талаар.

- Захиргааны хэргийн шүүх бол шүүхийн зүгээр нэг салаа мөчир биш. Энэ нь Монгол улсад ардчилал, эрх зүйт төр төлөвших нэг том баталгаа нь юм. Ардчилал, эрх зүйт төр бидний зорилго хэвээрээ байгаа цагт энэ шүүх улам бэхжиж хөгжих нь дамжиггүй. Мэдээж олон улсын жишиг, нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагаар илүү мэргэшсэн, төрөлжсөн шүүхийн загвар луу орох байх. Тухайлбал, сонгууль, тендерийн маргааныг газрын маргаан шийддэг журмаар шийдвэрлээд байх нь цаашдаа зохисгүй. Маргааны онцлогт тохирсон журам, түүгээр мэргэшсэн шүүгчид ажилладаг тогтолцоонд шилжих нь зүйтэй. Нөгөө талаас шүүх бол үйлчилгээний байгууллага гэж би дээр хэлсэн. Тиймээс үйлчлүүлэгчдээ сэтгэл хангалуун үйлчилгээг үзүүлэх ёстой. Шүүх шийдвэрээрээ хүн гомдоож болно. Учир нь маргаж байгаа талуудын бүгдийнх нь сэтгэлд нийцсэн шийдвэр гаргах боломжгүй, буруу тал нь гомдоод л үлдэх байх. Харин үзүүлдэг үйлчилгээгээрээ иргэдийг гомдоож болохгүй.

Д.Саруул

“Өдрийн сонин” -ны 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн  №135/4775 дугаарт нийтлэгдсэн.