З.Гулбарша: Захиргааны шүүх байгуулагдсанаар албан тушаалтанд тавих хяналтын тогтолцоо бий болсон

2014 оны 05 сарын 28 1375

Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ой удахгүй болно. Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч З.Гулбаршатай уулзаж, энэ шүүх орон нутагт хэрхэн үйл ажиллагаагаа эхэлж байсан болон бусад асуудлаар ярилцлаа.

gulger-Баян-Өлгий аймагт Захиргааны хэргийн шүүх арван жилийн үйл ажиллагаагаа  хэрхэн   эхэлсэн дурсамжит  түүхэн мөчөөс яриагаа эхлэх үү?

-Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчиннаймдугаар зүйлд “эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно” гэж заасны дагуу анх Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар  Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус  баталж, энэ хуулиуд нь 2004 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжсэн.

“Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т зааснаар нутаг дэвсгэрийн харьяаллаар   Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх байгуулагдаж,  2004 оны 06 дугаар сарын 04-ний өдөр анх нээлтээ  хийсэн юм. Тухайн үеийн хуулиар аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч нь Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албыг хавсран гүйцэтгэдэг байсан ба захиргааны хэргийн Ерөнхий шүүгч болон 2 шүүгч, мөн 1 туслах буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй , Баян-Өлгий аймгийн  Захиргааны хэргийн шүүх гэсэн нэр хаягтай анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Анх иргэдийн энэ шүүхийн талаар мэдээлэл ойлголт хомс, ямар асуудлаар, ямар маргаанаар  тухайн шүүхэд хандах ёстой гэдгийг төдийлөн ойлгодоггүй байсан тул  шүүхэд хандах иргэдийн тоо цөөн байлаа.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилт болон шүүхийн үйл ажиллагааг ард иргэдэд ойлгуулах шаардлага нэн тэргүүнд тавигдсан.

Баян-Өлгий аймаг нь өөрөө үндэстний хувьд  онцлогтой тул юуны өмнө  шүүгчид маань ахмад хуульчдын тусламжтайгаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа казах хэлнээ орчуулж, хэвлүүлсэн. Мөн шүүх болон хуулиа сурталчилсан эвхмэл хуудас хийж, аймгийн бүх сумдаар явж, яриа ярилцлага хийхдээ дээрх гарын авлагаа тарааж, захиргааны шүүхэд ямар үндэслэлээр хандах ёстой болон энэ шүүхийн ач холбогдол нь юунд байгааг тайлбарлан хууль сурталчлах ажлыг уйгагүй  хийж гүйцэтгэсэн.

Ингэж хууль сурталчлах ажлаа амжилттай явуулсны үр дүнд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус аливаа шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн иргэд, хуулийн этгээд тус шүүхэд хандаж эхэлсэн.

-Арван жилийн хугацаанд танай шүүх иргэд, хуулийн этгээдээс нийт хэдэн гомдол хүлээж авсан бэ. Үүнээс хэдийг нь шийдвэрлэв?

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай шүүхэд иргэн, хуулийн этгээдээс нийт 518  нэхэмжлэл иржээ. Үүнээс шийдвэрлэсэн нь 441, харин 77 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Тоон үзүүлэлтээс харахад манай шүүхэд иргэд, хуулийн этгээдээс  гаргаж байгаа нэхэмжлэлийн тоо  жилээс жилд өсчээ. Хэрэг шийдвэрлэж байгаа  байдлаар нийслэлд байрлах Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн дараа орж байна.

Ингэж нэхэмжлэлийн тоо өсөж байгаа явдал нь хууль сурталчлах ажил сайн явагдаж, иргэдийн хууль эрх зүйн мэдлэг сайжирсантай холбоотой. Мөн шүүхэд итгэх итгэл нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсээс  хамаарсан болов уу гэж боддог.

Шүүн таслах чанарын үзүүлэлтийн хувьд манай шүүх 2007 онд хамгийн сайн менежменттэй шүүхээр, 2009 онд шүүн таслах ажлын үзүүлэлтээр бусад шүүхүүдээс тэргүүлж Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Дээд шүүхээс өргөмжлөл болон бусад шагналаар шагнагдаж байсан.

Тус шүүхийн шийдвэрлэсэн хэргийг хэргийн оролцогчдоос  хуульд заасан  эрхийн дагуу давж заалдаж гомдол гаргаж, мөн хяналтын журмаар хянуулдаг. Сүүлийн 3 жилийн судалгаанаас үзэхэд давж заалдах шатны шүүхээр орсон нийт 71 хэргийн 59 хэрэг буюу 83 хувь, хяналтын журмаар хянагдсан нийт 41 хэргийн 36 буюу 87,8 хувь нь хэвээр үлдсэн байна.

Манай шүүх цаашид ч шүүн таслах ажлын чанарын үзүүлэлтэд илүү анхаарч ажиллах болно. Мөн шүүхийн шинэтгэл явагдаж байгаа өнөө цагт шүүгчид маань өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг маргааныг хараат бус байдлаар хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг эрхэм зорилгоо болгон  ажиллаж байна.

-Иргэд ямар асуудлаар их хандаж байна. Яагаад энэ төрлийн маргаан гарах болсон нөхцөл шалтгааны талаар судалсан уу?

-Судалгаанаас харахад манай шүүх төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой болон газрын маргааныг голчилж шийдвэрлэсэн байна.

Яагаад энэ төрлийн маргаан гарч байгаа талаар нөхцөл шалтгааныг судалсан. Жишээ нь, төрийн жинхэнэ албан хаагчдын хувьд ихэвчлэн захиргааны эрх бүхий албан тушаалтанд төрийн жинхэнэ албан тушаалд томилохыг даалгах төрлийн нэхэмжлэл их ирдэг. Учир нь захиргааны байгууллага, албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад ороогүй иргэдийг дур мэдэн томилох тохиолдол их байна. Тэгээд сонгон шалгаруулалт явагдсаны дараа хуульд заасан   болзол, шаардлагыг хангасан, төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг томилохгүй хууль зөрчих асуудал их гардгаас болж  шүүхэд хандах нь элбэг байдаг.

Мөн төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас халах, тэдний хуульд заасан  баталгаатай холбоотой маргаанаар шүүхэд их хандаж байна.

Харин газрын маргааны хувьд эрх бүхий албан тушаалтнууд иргэн, хуулийн этгээдэд газрыг анх эзэмшүүлэх, өмчлүүлэхдээ хуульд заасан журмын дагуу биш хууль зөрчиж, аймгийн Газрын албаар дамжуулахгүйгээр шууд өөрсдөө дур зоргоор  шийдвэр гаргадаг тохиолдол байна. Түүнчлэн иргэдэд давхардуулан газар олгосноос,  мөн  аймгийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг тус тус зөрчиж газар олгох шийдвэр гаргах зэрэг нөхцөл шалтгаанаас болж энэ төрлийн маргаан их гардаг.

-Төрийн албанаас үндэслэлгүй халсныг тогтоосон тохиолдол хэд вэ. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд хэдий хэмжээний мөнгө гаргахаар шийдвэрлэсэн бэ?

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд төрийн албаны нийт 128 маргааныг хянан шийдвэрлэжээ. Уг 128 хэргийн 64 нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, төрийн албад томилох шийдвэр гаргасан байна. Харин 32 нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болж, 10 нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгожээ. 14 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, 5 хэргийн  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, 3 хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо эвлэрснээр шийдвэрлэгдсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэх 64 нэхэмжлэгчийн 32 нь  ажилд томилохыг даалгах тухай шаардлага гаргаж, энэ нь хангагдсан  бол, харин үлдсэн 32 нэхэмжлэгчийг  ажлаас хууль бусаар халсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилжээ. Мөн 20 иргэнд ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 26 сая 641 135 төгрөгийг төсвөөс гаргуулж, тухайн нэхэмжлэгч нарт олгосон шийдвэр гаргасан.

-Төрийн албаны маргаан шийдвэрлэж байхад иргэдэд сэрэмжлүүлчихмээр зүйл юу байдаг вэ?

-Ер нь Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу зарлагдсан сул орон тооны сонгон шалгаруулалтад орж, тэнцэн, төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшигдэн төрийн жинхэнэ албад томилогдож байж хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх ёстой.

Гэтэл сул орон тоог зарлаагүй байхад захиргааны албан тушаалтнаас сонгон шалгаруулалтад ороогүй, нэр нь дэвшигдээгүй иргэнийг тухайн албан тушаалд түр томилох асуудал гардаг. “Түр томилох” гэдэг ойлголт хуульд байхгүй,  ингэж  томилогдсон иргэн төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэх эрхгүй байдаг.

Тухайлбал, ийнхүү томилогдсон  иргэн  төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн, халагдсан  талаарх захиргааны актыг хүчингүй болгуулахаар  шүүхэд хандвал анхнаасаа хуулийн дагуу томилогдоогүй тул амжилт олохгүй. Иймд  иргэд энэ тал дээр илүү анхаараасай, түр томилсон гэсэн аливаа захиргааны актад бүү хууртаасай гэдгийг хэлмээр байна.

-Захиргааны шүүхийн онцлог юу вэ?

-Захиргааны хэргийн шүүх нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг өөрөө гүйцэтгэдэг, үүгээрээ мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлдэг  онцлогтой шүүх юм.

Иргэний шүүхэд талууд нотлох баримтаа өөрсдөө  гаргаж өгдөг  бол Захиргааны хэргийн шүүхэд захиргаа, иргэн хоёрыг шүүхийн өмнө эрх тэгш байдалд хүргэхийн тулд шүүх  өөрөө санаачлан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бусдаас шаардах, улмаар уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэм буруутай этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх замаар мөрдөн шалгах зарчмаа хэрэгжүүлдэг.

Захиргааны хэргийн шүүх байгуулагдсанаар захиргааны байгууллага, албан тушаалтанд тавих хяналтын тогтолцоо бий болсон. Иргэн, хуулийн этгээдээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеэс эхлэн тухайн маргаан бүхий  захиргааны акт нь шүүхийн хяналтад орж, улмаар уг актын хууль зүйн үндэслэлийг шүүх хянаж эцсийн шийдвэр гаргадаг.

-Захиргааны хэргийн шүүх 10 жил ажиллачихлаа. Үйл ажиллагааных нь ач холбогдол, үр дүн чухам юу байна вэ?

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд шүүхээр хянагдсан захиргааны актуудын хууль зүйн үндэслэлүүдийг харахад эхний үед  эрх бүхий албан тушаалтнууд нь захиргааны актыг гаргахдаа хуулиар олгоогүй эрх хэмжээг эдлэн акт гаргах, тухайн актыг гаргах эрх хэмжээгүй этгээд захиргааны акт гаргах, хуулиар  олгосон эрхээ буруу хэрэглэж алдаа гаргах, огт эрх зүйн үндэслэлгүй акт гаргах зэрэг дутагдал, зөрчлүүд их гаргадаг байсан. Харин сүүлийн жилүүдэд шүүхээр хэлэлцэгдэж байгаа маргаан бүхий захиргааны актуудын эрх зүйн үндэслэлүүд  арай зөв боловсронгуй болж, хуульд үндэслэгдэж, бүтэц  хэлбэр нь хүртэл хуульд заасан шаардлагыг хангасан зэрэг  ахицтай өөрчлөлтүүд  гарч байгаа нь захиргааны шүүхийн   үйл ажиллагааны үр дүн гэж үздэг.

Захиргааны байгууллага,  албан тушаалтнууд нь  шүүхээс гарч байгаа шийдвэрүүдтэй танилцаж, өөрсдийн гаргасан актад  дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч,  дахин шинэ акт гаргахдаа урьд гаргасан алдаагаа давтахгүй байх,  зохих хуульд үндэслэж  шийдвэр гаргадаг болсон нь  захиргааны шүүхийн ач  холбогдол юм.

Нөгөө талаас Захиргааны хэргийн шүүх нь иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илүү өргөн утгаар хамгаалж байгаа.

Хуульд заасны дагуу гаргах ёстой  захиргааны актыг гаргахгүй, үйл ажиллагаагаа явуулахгүй, иргэдийг чирэгдүүлж,  хохироож, дур зоргоор авирлаж байгаа захиргааны байгууллага,  албан тушаалтнуудад даалгах төрлийн шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс гаргаж байгаа нь иргэдийн эрх  ашигт нийцсэн,  тэдний зөрчигдсөн эрхийг хамгаалж байгаа шийдвэр юм.

Сүүлийн жилүүдэд шийдвэрлэсэн хэргүүдийг урьд жилүүдийн хэргүүдтэй  харьцуулж үзэхэд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа байдал  багасаж, нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдэх  нь ажиглагдаж байгаа. Энэ нь мөн захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, ач холбогдолтой  холбоотой гэж үздэг.

24tsag.mn сайтад 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тавигдсан.