О.Зандраа:Захиргааны шүүх иргэний үндсэн эрхийн хамгаалалт болж чадсан

2014 оны 05 сарын 28 1581

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ой ирэх зургадугаар сарын 1-нд болно. Улсын Дээд шүүхийн шүүгч О.Зандраатай уулзаж, тус шүүхийн төлөвшил, үйл ажиллагааны талаар ярилцлаа.

IMG_02061

-Та Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийг 10 жилийн турш тэргүүлсэн хүн. Энэ  шүүх байгуулагдаж байсан түүхээс яриагаа эхлэх үү. Ер нь захиргааны шүүхийг байгуулах нийгмийн хэрэгцээ шаардлага юу байв?

-Эргээд харахад 10 жилийн өмнөх өчигдөрхөн мэт санагдаж байна. Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдаж байх үед миний бие Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр нь томилогдож ажилласан. Шинэ шүүх, шинэ шүүгчид, шинэ хамт олон, хамгийн гол нь хүний эрхийг шүүхээр хамгаалах шинэ тогтолцоо гээд бүх зүйл шинэ байв. Бид ингэж л анхны шангаа татаж, ажлаа эхлүүлсэн. Монгол Улсын шүүх олон жилийн бахархам түүхтэй, баялаг уламжлалтай, бүтээл туурвил арвинтай, номд нэвтэрхий олон арван судлаач, эрдэмтэн, шүүгчдийг төрүүлсэн төрт ёсны түүхэн тулгуур нь болсоор өдийг хүрсэнд би бахархаж явдаг юм.

Бид 1990 оноос эхлэн эрх зүйт төр, ардчилсан аргаар засаглах хэлбэрт тохирсон хүний эрхийг хамгаалах тогтолцоог хайж эхэлсэн. Үр дүн нь дагнасан шүүхтэй байхыг Монгол Улсын Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн явдал юм. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д “...эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно.” гэснээр ард түмний хүсэлт, нийгмийн эрэлт, хэрэгцээ хуульчлагдсан билээ.

Тухайн үед хэргийн төрлөөр дагнасан шүүхийг байгуулах, шүүхийн үйл ажиллагааг төлөвшүүлэхэд онолын мэдлэг төдийгүй бас туршлага дутаж байлаа. Гэвч эрх зүйт төрийн загварыг хүлээн зөвшөөрч, Үндсэн хуулиараа баталгаажуулсан бидний хувьд аливаад “урьдын” хандлагаар бус харин хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх зүй ёсны шаардлагыг хуульд нийцүүлэн шударгаар хэрэгжүүлэх нь дагнасан шүүхийн шүүгчдийн нэн тэргүүний зорилт байв.

-Та  Захиргааны хэргийн шүүхийг байгуулах эрх зүйн үндэс бүр ерээд онд тавигдсан гэж хэлэх гээд байна уу?

-Тийм ээ. Эрх зүйт төрийн загварын тулгуур зарчмын нэг болсон “өмчлөх эрхээр хангагдсан хүн бусад эрхийн тухай боддог” гэх томъёолол “төр эдийн засгийн харилцаанд оролцож түүнийг удирдах бус харин зохицуулах үүрэгтэй” хоршиж, иргэдийг “өмчжүүлэх” ажил 1990-ээд оны эхээр өргөн хүрээнд хийгдсэн. Үүнээс үүдэн өмчийн маргаан нийт шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн зонхилох хэсгийг эзлэх болж иргэд болоод хуулийн этгээд нь “өмчлөх” эрхээ хамгаалуулах эрмэлзлэл өндөр болсон нь урьд өмнө байгаагүй шинэ үзэгдэл байлаа. Тухайлбал, 1990-1996 оны хооронд Монгол Улсын хэмжээнд нийт 168 248 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд үүний 72 хувь буюу 121 091 хэргийг иргэний, үлдэх 47 157 хэргийг эрүүгийн хэрэг эзэлсэн байдаг.

Иргэдийн эд хөрөнгийн шинжтэй “хувийн эрх”-ийн зөрчил нэмэгдэж, хүн бүр өмчтэй болох зорилтыг юу юунаас илүү чухалчилж байснаас бус “захиргаатай заргалдах зав” тэр бүр байгаагүй болов уу. Хэдийгээр байдал ийм байсан ч дагнасан шүүхийг байгуулах оролдлогууд хийгдсээр байсан юм. Тухайлбал, Ардын Их Хурлаас 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан “БНМАУ-ын Иргэний эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай хууль” -ийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “БНМАУ-ын иргэн БНМАУ-ын Үндсэн хууль, хууль тогтоомжийн бусад актаар олгосон эд хөрөнгө, гэр бүл, орон сууц, хөдөлмөрийн болон амин хувийн бусад эрх”-тэй холбоотой төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанд гомдол гарган шийдвэрлүүлэхээр маргааны төрлийг шууд заасан.

Ингэснээр зарим тодорхойгүй зүйлүүд гарч эхэллээ. Жишээ нь, захиргааны байгууллага, албан тушаалтан гэж хэнийг ойлгох, маргааны хүрээ юугаар хязгаарлагдах, захиргааны хууль бус үйл ажиллагаа гэдгийг тодорхойлсон ч үйлдэл, эс үйлдэхүйн чухам алинд нь хамаарах гэх мэтээр өнөөгийн өндөрлөгөөс харвал энгийн мэт боловч тухайн үедээ шүүн таслах ажиллагаанд шинэ ойлголтыг бий болгосон юм.

-Шинэ ойлголт гэхээр хүндрэл бэрхшээл байсан л биз дээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь одоогийнхоос ямар ялгаатай байсан бэ?

-Хэргийг шийдвэрлэх ажиллагаа нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, түүнээс гарсан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхээр шийдвэрлэх гэсэн хоёр хэлбэртэй байсан нь одоогийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим хадгалагдаж байсан гэж ойлгогдохоор байдаг. Гэвч шүүхээс явуулах үйл ажиллагаа нь процедурын хэрэглээгүй байсан бөгөөд хамгийн гол нь “хүч тэнцвэргүй” иргэн, хуулийн этгээд болон төрийн албан тушаалтны тухайн маргаанд “тэнцвэржүүлэгч” буюу нотлох баримтыг хэрхэн цуглуулах нь тодорхойгүй байв.

Энэ хуулийн зорилт нь тухайн үед шинэ тутам дэвшүүлэгдэж байсан хүний эрхийг захиргааны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах уу, захиргааг шүүх хянах уу гэдэгт төгс хариулт өгч чадаагүй юм. Улмаар 1994 оны 5 дугаар сарын 9-ний өдөр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” батлагдаж, шинэ Үндсэн хуулиар тодорхойлогдсон “ерөнхий харъяалал”-ын шүүхийн иргэний хэргийг хянан шийдвэрлэх журам тогтсон.

Дээрх хуулийн 12 дугаар бүлэгт “Гомдлоор авч хэлэлцэх хэрэг”-ийг тодорхойлсноор зарим талаар нийтийн захиргаанд тавих шүүхийн хяналтыг шинэчлэн тогтоосон төдийгүй захиргааны байгууллага, албан тушаалтан хууль бус захиргааны “акт”-аар баримжаа болгон шүүхийн хяналтад оруулсан юм.

Улмаар иргэдийн өмчлөх эрх 2000 оны дунд хэрд харьцангуй утгаараа хангагдаж, өмчлөх бус өмчийг эдийн засгийн харилцаанд оруулахтай холбогдон захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдол ихэсч, эд хөрөнгийн эрхтэй холбоотой маргаанаас илүү захиргааны маргаан анхаарал татаж байсны дээр эдийн засгийн хөгжил, ажил эрхлэлтийн түвшин, бизнесийн үйл ажиллагааны ашиг орлогоос хамааран “хотжих” процесс хурдацтайгаар явагдаж, иргэд оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхээс үүдэлтэй захиргааны маргаан нийслэл хотод зонхилж, түүн дотроо газрын, татварын, төрийн албаны, гаалийн эрх зүй дэх харилцаанаас үүдэлтэй маргаан их гарах болов.

1990-ээд оны сүүлээр нэг талаар дээр дурдсан нийгмийн эрэлт, шаардлага, нөгөө талаар Үндсэн хуулиар тодорхойлсон дагнасан шүүхийг байгуулах “боломж”-ийг бодит байдал болгон гүйцэлдүүлэх нь зайлшгүй байсан. Урьд өмнө нь хууль тогтоох ажиллагааны тодорхой хөтөлбөр, төлөвлөгөөгүй байснаас хууль хоорондоо зөрчилдөх, утга ижил заалт олшрох, улмаар нэг тохиолдлыг эрх зүйн өөр өөр гарц шийдлээр томъёолох ойлголт, тодорхойлолтын зөрүү гарах зэрэг практик шинжтэй хүчин зүйлүүдээс хамаарч “үндэсний эрх зүйн тогтолцоог шинэтгэх” шаардлага тулгарсан нь хэргийн төрлөөр дагнасан шүүхийг байгуулахад багагүй “дэм” өгсөн дөө.

-Захиргааны дагнасан шүүх байгуулагдах тухай чухам хэдийнээс яригдаж эхэлсэн бэ?

-Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн дагуу шүүх эрх мэдлийн салбарт тодорхой хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан 2000 оны тавдугаар сарын 4-ний өдрийн Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө” батлагдан гарсан.

Уг төлөвлөгөөний стратеги зорилтуудын нэгд “Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хууль бус шийдвэрт тавих хяналтын механизм бий болгох” зорилтыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээнд “Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулж үйл ажиллагааг нь төлөвшүүлэх” ажил багтсан юм.

Ийнхүү Үндсэн хуулийн дагнасан шүүхийн хууль зүйн үндэслэл, үндэсний эрх зүйн тогтолцоог шинэтгэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” батлагдан 2004 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн. Ингэж шүүх нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын явуулж буй үйл ажиллагааг хянах эрх зүйт төрийн загварт зайлшгүй оршин байх “өөрийн” жинхэнэ эрхээ олж авснаар Монгол төрийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас эргэснийг тэмдэглэхэд таатай байна.

Шинэ шүүхийн материаллаг баазыг бэхжүүлэхэд төрийн болон Шүүхийн ерөнхий зөвлөл,  тухайн үеийн Дэлхийн банкны санхүүжилттэй “Шүүх, эрх зүйн шинэчлэл” төслийн багийн дэмжлэг их байснаас гадна шүүгчдийг бэлтгэх, мэргэшүүлэхэд ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, түүний Монгол дахь төлөөлөгчийн газар, Эрх зүйн боловсрол академи үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, өнөөгийн дагнасан шүүхийн өнгө төрхийг бүтээлцэж байсныг дурдах хэрэгтэй байх.

- Захиргааны хэргийн шүүхийн хүний нөөц, зохион байгуулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Шинэ шүүхэд шинэ шүүгч нар ажиллахад хүндрэл бэрхшээл тулгарч л байсан байх...

- Шинэ шүүхийг байгуулж, үйл ажиллагааг нь төлөвшүүлэх ажил дардан байгаагүй ээ. Гэхдээ хууль ёс, шударга шүүх, иргэдээ гэсэн сэтгэл зүтгэлтэй шүүгч, ажилтнууд, хамт олон, төслийн болон бусад байгууллагын дэмжлэгтэйгээр энэ шүүхийг анх байгуулан, үйл ажиллагааг нь төлөвшүүлж, өнөөгийн түвшинд хүргэсэндээ сэтгэл хангалуун байна.

Зохион байгуулалтын хувьд аймаг, нийслэлд захиргааны хэргийн анхан шатны 22 шүүх байрлахаар, харин давж заалдах болон хяналтын шатны шүүхийн чиг үүргийг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим хэрэгжүүлж байхаар анх хуульчлагдсан юм. Санхүү, аж ахуйн болон мэргэшсэн шүүгчдийг бэлтгэхтэй холбоотой бүх ажил шинээр тавигдаж, бид Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран олон ажлыг төлөвлөн гүйцэтгэж байсан. Тухайлбал, шүүхүүдийг байрлуулах байр орон, түүн дэх тавилга, техник, тоног төхөөрөмж, бусад аж ахуйн хэрэгслийг төсвийн хөрөнгө оруулалтаас гадна Дэлхийн банкны санхүүжилттэй “Шүүх, эрх зүйн шинэчлэл” төслөөс санхүүжүүлж, бүрэн шийдэж өгч байсан юм. Бид нэг асуудлаа шийдвэрлэсэн ч дагнасан шүүхэд ажиллах мэргэшсэн шүүгчдийг бэлтгэх ажлыг хийх хэрэгтэй байв. Энэ ажилд ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан маань хэмжээлшгүй их тус нэмэр болж шүүгчдийг захиргааны эрх зүй, хэрэг хянан шийдвэрлэх процессийн эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх, бэлтгэх, сургах, туршлага судлах ажилд тэртээгээс өдий хүртэл хамтран ажиллаж байна.

-Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг иргэдэд ойлгуулах чиглэлд ямар ажил зохион байгуулсан бэ. Одоо энэ шүүхэд хандах иргэдийн тоо харьцангуй өссөн үү?

-Дагнасан шүүхийг нийгмийн эрэлтэд оруулах, иргэдэд дагнасан шүүхийн талаар мэдлэг, мэдээлэл олгох, сурталчлах, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах зэрэг ажиллагаа тулгамдсан асуудлын нэг байсан. Бид энэ чиглэлд өнгөрсөн 10 жилд цөөнгүй ажил зохион байгуулсан бөгөөд үр дүн нь ч тэр хэмжээгээр гарсан. Тухайлбал, шүүх байгуулагдан ажиллаж эхэлсэн 2004 онд улсын хэмжээнд анхан шатны журмаар 145 хэрэг шийдвэрлэгдэж байсан бол өнгөрсөн 2013 онд энэ тоо 1106 болж бараг 10 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн маань нийгмийн эрэлт болон шүүгчдийн ажлын ачаалал жилээс жилд өсч, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрээс иргэдийн эрхийг шүүхийн журмаар хамгаалах явдал нэмэгдэж, эцэстээ гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад тавих шүүхийн хяналт хууль зүйн хүрээнд тодорхой болсоор байна. Энэ бол бидний анх зорьж, хүсч байсан ажлын үр дүн мөн. Харин одоо бид 10 жилийн өмнөх зорилтоо тодорхой хэмжээгээр хангасан учраас цаашид энэ хүрээнд бусад олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх бодит хэрэгцээ хүлээгдэж байна. 

- Захиргааны хэргийн шүүх энэ хугацаанд эрх зүйн талаасаа хэрхэн өөрчлөгдөж хөгжсөн бэ?

- Захиргааны хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүх дагнасан байдлаар ажиллах хууль, эрх зүйн орчин бүрэн утгаараа бий боллоо. Богино хугацаанд тодорхой амжилтад хүрч, Захиргааны хэргийн шүүхийг байгуулан, үйл ажиллагааг нь төлөвшүүлж, мэргэшсэн шүүгчдийг бүрдүүлж чадлаа. Тухайлбал, хэргийн төрлөөр дагнан ажиллах шүүгчид нь нарийн мэргэшиж, шүүх нь хараат бусаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх бие даасан байдлаар төлөвшсөн гэж боддог. Бид захиргааны хэрэг мөн эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг эхлэлийн асуултаасаа хальж, өнөөдөр шударга өрсөлдөөнийг хэрхэн зохицуулах ёстой вэ, үнэт цаас, оюуны өмч, улсын бүртгэлийг хэрхэн хөтлөн явуулдаг, тэр нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тухай нарийвчилсан, мэргэшил шаардсан асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Энэ нь шүүх, шүүгчид маань хэргийн болон мэргэшил, мэдлэгийн хувьд тэлж, илүү өргөн хүрээнд, олон улсын жишиг тийш тэмүүлж байгааг харуулна. Энэ хэмжүүрээр нь харвал бид захиргааны хэргийн дагнасан шүүхийн хувьд үр бүтээлтэй ажилласан гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр захиргааны хэргийн дагнасан шүүх нь шүүгчид бус, харин тухайн маргааныг шийдвэрлэх шүүхийн процесст эрх мэдлийг хууль зүйн арга хэлбэрээр шилжүүлж буй нь хамгийн том амжилт, хүрсэн үр дүн юм.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдан 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс ажиллаж эхэлснээр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид давж заалдах болон хяналтын шатны чиг үүргийг давхар хэрэгжүүлж байсан шүүх хоорондын давхардал байхгүй болж, анхан, давах, хяналтын шатны шүүх хуульд заасан журмын дагуу өөрсдийн чиг үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ.

Мөн 21 аймгийн анхан шатны “Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч байна” гэсэн 2002 оны Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.10 дахь хэсгийн заалт өөрчлөгдөж, 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2013 оны 12 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 шүүх Ерөнхий шүүгчтэй ажиллаж байна.

- Захиргааны хэргийн шүүх төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргээ ямар хэмжээнд хэрэгжүүлж чадсан гэж та үздэг вэ?

- Энэ асуултад тодорхой тоон жишээнд үндэслэн хариулъя. Сүүлийн 10 жилд захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд нийт 7441 хэрэг шийдвэрлэсэний 61.1 хувь буюу 4546 хэргийг  нэхэмжлэгчийн буюу иргэний талд шийдвэрлэсэн байдаг. Хэрвээ энэ шүүх байгуулагдаагүй байсан бол 4546 иргэн захиргааны шийдвэрийн улмаас ямар нэг байдлаар хохирсоор үлдэхийг үгүйсгэх аргагүй. Нөгөөтэйгүүр иргэд захиргааны хэргийн шүүхээр бахархах, иргэний эрхийн үндсэн хамгаалалт болж чадсаныг харуулж байна. Жишээ нь өнгөрсөн хугацаанд Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо 10 дахин нэмэгдсэн нь үүний илрэл юм. Өөрөөр хэлбэл, даргын хууль бус шийдвэрийг захиргааны хэргийн шүүхэд мэдүүлж, өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулах иргэдийн тоо олширч, тэдгээрийн эрх зүйн ухамсар ч дээшилсээр байна.

- Цаашид шүүхийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, захиргааны хэргийн шүүхийг улам боловсронгуй болгох тал дээр юу хийх хэрэгтэй байна вэ?

- Өнөөдөр шүүхийн шүүн таслах ажиллагаа болон зохион байгуулалт нь дэлхий дахины өнөө цагийн хөгжлийн хурдац, түүний нөлөөгөөр богино хугацаанд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд шинэчлэгдэх зүй ёсны шаардлагатай тулгарч байна. Гэхдээ энэхүү шинэчлэл нь зөвхөн цаг хугацаа, орон зай, гадаад хүчин зүйлийн нөлөөнөөс гадна шударга ёсны чиг баримжааг илүү лавшруулахад чиглэгдэх ёстой юм.

1996 оны 6 дугаар сард Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд 35 улс оролцож, эрх зүйг дээдлэх үндсийг тодорхойлж, шударга ёсыг бий болгох арга хэлбэрийг олон улсын түвшинд анх удаа дэвшүүлжээ. Үүнд “...эрх зүйг дээдлэх гэдэг нь ардчиллын дэг журмыг тогтоох, түүнд хүрэх хууль, бусад журмыг тогтооход чиглэх бус, харин хувь хүний хөгжлийн дээд үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, бүрэн дүүрэн хүлээн авахад үндэслэсэн, түүнийг бүрэн илэрхийлэх эрх зүйн арга хэлбэрийг баталгаажуулсан нь шударга ёс юм.” гэж анх удаа томъёолсон байна. Эрх зүйт төр дэх шүүх нь хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа хууль бус халдлагаас хамгаалах, нэгэнт зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, учирсан хохирлыг арилгуулах замаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг.

Ер нь шүүх юунаас эхэлж шинэчлэгдэх ёстой вэ, шүүхийн шинэчлэл бүтэц,  тогтолцоо, шүүгчээсээ  л эхэлнэ. Шинээр батлагдсан шүүхийн  тухай багц хуульд энэ зүгт хийсэн шинэчлэл нилээдгүй бий. Гэхдээ шүүхийн шинэчлэл  гэхээр хуучин хувцсаа шинээр солихтой адил хялбархнаар бодож болохгүй. Цаг хугацаа, шүүгч, захиргааны ажилтны хичээл зүтгэл, идэвх санаачлага, дотоод шинэчлэлээс ихээхэн хамааралтай юм.

2012 онд батлагдсан Шүүхийн тухай багц хуулийн зарчмын өөрчлөлтүүд нь шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудлууд болох шүүхийн бие даасан, нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхийн захиргаа, төсвийг бие даалгах, шүүх, шүүгчийн ажлын ачааллыг зохистой болгох, шүүгчийн ур чадвар, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх замаар хэрэг маргааныг шударгаар шийдвэрлүүлэх Монгол Улсын ардчилсан Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийн зарчмыг илүү бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ. Одоо бид өөрсдийн үйл ажиллагаандаа шинэчлэл хийж, боловсрох, мэргэших, дагнасан шүүхийн шүүгчдийг мэргэжлийн болон салбарын байнгын сургалтад хамруулах ажлыг шат бүртээ нэн даруй эхлүүлэх шаардлагатай байна.

Нийгэм дэх шүүхийн гүйцэтгэх үүрэг, оролцоо их болсон өнөө үед шүүгчийн хараат бус байдлыг хангах, ур чадвар, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, шүүхийн үйлчилгээг чанартай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх зэрэг олон чухал зорилтыг ганц хуулийн зориулалтаар бус, тус тусын нарийвчилсан хуулиар зохицуулах замаар аль болох иж бүрнээр шийдвэрлэх нийгмийн энэхүү захиалга, шаардлага бүрэн хангагдлаа.

Бид дээр дурдсанчлан эрх зүйн даяаршилд Монгол Улс хүссэн ч, эс хүссэн ч татагдан орж байгаа нь дэлхий нийтийн чиг хандлагатай зэрэгцэж буй хэрэг мөн. Тийм ч учраас Монголын шүүх дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шударга ёсны загварыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрэлдэж, эртнээс эдүгээг хүртэлх хүн төрөлхтний туйлын мөрөөдөл байсан шүүх өөрийнхөө эрхийг баталгаажуулж, шударга ёсны манаанд хоёргүй сэтгэлээр ажиллах эрх зүйн орчин бүрэлдсэнд хувьдаа баяртай байдаг юм.

Эцэст нь шүүхийн шинэчлэлийг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгчид түүчээлэн эхлүүлж, түүний төлөвшилд манлайлах, тэргүүлэх байр суурьтайгаар оролцох нь нэр төрийн хэрэг бөгөөд бидний үйл ажиллагаанаас хамааран шүүх эрх мэдэлд хамаарах бусад байгуулага болон хууль сахиулах салбарын шинэчлэл тодорхойлогдох тул идэвх санаачлагатай, бүтээлч, үр нөлөөтэй арга хэлбэрээр шинэчлэлд хандахыг уриалж байна.

“Үндэсний шуудан” сонины 2014 оны 5 дугаар сарын 28-ны №102/2038/ дугаарт нийтлэгдсэн.