Бразил Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгч Антонио Герман Бенжаминыг хүлээн авч уулзлаа

2015 оны 07 сарын 02 2827

 

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Бразил Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгч Ноён Антонио Герман Бенжаминыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв болон Бразил улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул Ц. Хулан нар байлцлаа.

Уулзалтын үеэр шүүгч М.Батсуурь Монгол Улсын шүүхийн тогтолцоо тэр дундаа шүүхээр хянан хэлэлцэгдэж шийдвэрлэсэн захиргааны хэрэг маргааны талаар товч танилцуулга хийсэн бол Ноён А.Г. Бенжамин мөн өөрийн орны шүүхийн тогтолцоо, онцлогийг танилцуулаад, Монгол Улсын Дээд шүүхтэй байгаль орчныг хамгаалах, түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох мөн түүнчлэн энэ талаар олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжтойг дурдсан юм.

Ноён А.Г. Бенжамин нь Бразил Улсын Дээд шүүхэд шүүгчийн алба хашихын зэрэгцээ НҮБ-ын Байгаль Орчныг хамгаалах хөтөлбөрийн зөвлөх болох Олон Улсын Байгаль Хамгааллын шүүгч нарын зөвлөлийн гүйцэтгэх нарын бичгийн даргаар ажилладаг байна.

Сонирхуулахад Бразил Улсын Дээд шүүх нь 33 шүүгчтэй бөгөөд шүүгч бүр өөрийн 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын албатай, дэлхийн анхны бүрэн цахимжсан шүүх буюу цаас хэрэглэдэггүй Дээд шүүх юм байна. Мөн тус Улсын Дээд шүүх нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаанаас бусад хэрэг маргаан хянан хэлэлцэн эцсийн шийдвэр гаргадаг ба Эрүү, Иргэн болон Захиргааны хэргийн гэсэн 3 танхимтай байна. Өнгөрсөн жил Захиргааны хэргийн танхим дангаараа 80,000 орчим гомдлыг хянан хэлэлцжээ.