Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт явагдаж байна

2013 оны 02 сарын 20 8726

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж УИХ-аас баталсан Шүүхийн тухай багц хууль ирэх 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Шүүхийн бүтэц, тогтолцоо, орон тоо, эрх зүйн орчин зэрэгт цоо шинэ олон өөрчлөлтүүд орж буй эдгээр хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс олон ажлуудыг зохион байгуулж байна. Эдгээрийн нэг нь Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас хамтран зохион байгуулж буй эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт юм. Сургалтад Улсын Дээд шүүх, Нийслэлийн шүүх, бусад шүүхүүдийн шүүгч нар, өмгөөлөгчид, төслийн ажилтнууд хичээл зааж байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж юу болох, түүний ач холбогдол, энэ ажиллагааны үе шатууд, эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүй, арга барил, харилцааны ур чадвар, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны төрлүүд, эвлэрлийн гэрээний зүйл заалт боловсруулах зэрэг сэдвүүдээр эвлэрүүлэн зуучлагч нар 2013 оны 2 дугаар сарын 20-24-ны өдрүүдэд “номын дуу” сонсож байгаа юм байна.Энэ удаагийн сургалтад эвлэрүүлэн зуучлагч болох сонирхолтой 68 хүн хамрагдаж байна. Өнөөдрийг хүртэл эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх гурван удаагийн сургалтад нийт 180-аад хүн хамрагдаж, сертификат гарджээ. Хуульд зааснаар дээд боловсролтой, ял шийтгэлгүй ямар ч хүн эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан сертификат авснаар орон тооны болон орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчаар ажиллаж болох аж.

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд эвлэрүүлэн зуучлагч хэмээх цоо шинэ ойлголт манайд орж ирж байгаа бөгөөд иргэний эрх зүйн маргаан, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд эвлэрүүлэн зуучлалыг ашиглахаар хуульд тусгажээ. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өөрийн нарийн шат дараалал, дэг журамтай тул эрх зүйн маргааны оролцогчдод цаг зав, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны дарамт зэргийг үүсгэдэг. Тэгвэл эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэглэснээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, хамгийн гол нь маргаанд оролцогч талууд сэтгэл ханамжтай үлдэх сайн талтай байна.

Түүнчлэн шүүхийн ажлын ачаалал тодорхой хэмжээгээр буурах, шүүгчийн нэг хэргийг хянан шийдвэрлэхэд зарцуулах хугацаа нэмэгдсэнээр илүү оновчтой шийдэл гаргах ач холбогдолтой юм. Тухайлбал, 2012 оны шүүн таслах ажлын дүнгээр дүүргийн шүүхийн нэг шүүгч 338 хэрэг шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэг шүүгч өдөрт 1-2 хэрэг шийдсэн судалгаа байгаа нь ажлын ачаалал асар өндөр байгааг илтгэж байна. Дашрамд дурдахад шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч бэлтгэх сургалт 2013 оны 2 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Нийслэлийн шүүхэд зохион байгуулагдаж байгаа юм байна.