Гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа

2017 оны 03 сарын 23 1101

Улсын Дээд шүүхийн ажилтнууд Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтад 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр  хамрагдлаа.

Гамшгийн талаарх мэдлэг олгох кино үзсэнээр сургалт эхлэв. Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, Япон улсын Кобе хотод 1995 онд болсон газар хөдлөлт болон  манай улсад гарсан гамшгийн асуудлуудыг харуулсан цуврал кино гамшгийн талаар ерөнхий мэдлэг олгож, түүнээс сэргийлэх сэтгэгдэл төрүүлэх зорилгоо сайтар биелүүлэх түвшинд хийгджээ.

Мөн сургалтын үеэр Өндрөөс аврах ажиллагааны танхимаар орж ханан хаданд авирч, аврах олсыг бэхлэх давхар холбоо, дан наймын тоо зэрэг уяаг хэрхэн зангидах талаар сурцгаав.

Түүнчлэн Эмнэлгийн анхны тусламжийн танхимд ахуйн хүрээнд учирч болох яс хугарах, үе мултрах, зүрхний үйл ажиллагаа доголдох, усанд живсэн хүнд анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар мэдээлэл сонсож, туршилт хийлээ.    

2016 оны 6 дугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн энэ төвд Бага насны хүүхдийн сургалт судалгааны танхим байдаг бөгөөд хүүхдүүд модон саадтай зам, тэнцвэр ологч дээр биетээр дадлага хийж, гамшиг ослын үед дуудлага өгөх, урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олж авдаг талаар мөн танилцуулав.  

Утаат орчноос аврах ажиллагааны танхимд гал гарах эрсдэл, урьдчилан сэргийлэх, галын үед хэрхэн биеэ авч явах талаар ерөнхий мэдлэг олгож, тусгайлан бэлдсэн утаат орчинд дадлага хийлээ.  

Мөн газар хөдлөлтийн үед аюулгүй орчныг сонгох, өөрийгөө яаж хамгаалах талаар мэдээлэл сонсож, тусгайлан бэлдсэн танхимд “4-8 баллын газар хөдлөлтийг бодитоор мэдэрцгээсэн” нь сургалтын “хамгийн эрсдэлтэй” хэсэг байв.

Түүнчлэн  Гал унтраах дадлага олгох танхимд анхан шатны багаж техникийг ашиглаж сурах талаар мэдээлэл сонсож, “дэлгэцэнд гарсан галыг унтраан” дадлага хийцгээлээ.  

Улсын Дээд шүүхийн ажилтнууд гамшгаас хамгаалах мэдлэг, дадлагыг хослуулсан сургалтад хамрагдсан нь болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо хэмээн тус сургалтын төвийнхөнд талархлаа илэрхийлэв.