Улсын Дээд шүүхээр хянан хэлэлцсэн эрүү, иргэн, захиргааны хэрэг өсчээ

2017 оны 12 сарын 26 694

Улсын Дээд шүүх 2017 онд эрүү, иргэн, захиргааны нийт 3221 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 2589 хэрэг хянан шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн хэргийн 65.8 хувь нь иргэний, 21.0 хувь нь захиргааны, 13.2 хувь нь эрүүгийн хэрэг байна.

Эрүүгийн шүүн таслах ажлын талаар           

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 805 хүнд холбогдох нийт 466 хэрэг хүлээн авч, 560 хүнд холбогдох эрүүгийн 342 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 84 хэргийг албан бичгээр буцааж, 12 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.    

Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 75 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 4.6 хэрэг хэлэлцжээ. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 75.6 хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 342 хэргийн 43.8 хувь буюу 150 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 35.1 хувь буюу 120 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 21.1 хувь буюу 72 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.

Хүчингүй болгосон 72 хэргийн 31.9 хувь буюу 23 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 36.1 хувь буюу 26 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 2.8 хувь буюу 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 29.2 хувь буюу 21 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна.  

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн  94.2 хувь буюу 322 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 0.6 хувь буюу 2 хэргийг иргэний хариуцагчийн гомдлоор, 2.6 хувь буюу 9 хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр, 2.6 хувь буюу 9 хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцжээ.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 12-оор буюу 2.6 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 5-аар буюу 1.5 хувиар өссөн байна.

Иргэний шүүн таслах ажлын талаар   

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нийт 1991 хэрэг хүлээн авч, 1704 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 56 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 49 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 20 хэргийн харьяаллыг тогтоосон байна.

Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 98 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 18 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 1704 хэргээс нэг шүүгчид 243 хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 1704 хэргийн 53.7 хувь буюу 915 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 11.5 хувь буюу 196 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 18 хувь буюу 307 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 11.2 хувь буюу 191 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 5.6 хувь буюу 95 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 741 нь  нэхэмжлэгчийн, 953 нь хариуцагчийн, 10 нь гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэгдсэн байна.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1704 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 1104, Хөдөлмөрийн тухай хуулиар 392, Гэр бүлийн тухай хуулиар 47, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 123, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 8, бусад хуулиар 30 хэргийг хянан шийдвэрлэжээ.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 280-аар буюу 16.4  хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 235-аар буюу 16 хувиар тус тус өссөн байна.

Захиргааны шүүн таслах ажлын талаар

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нийт 764 хэрэг хүлээн авч, 543 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар, 62 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 30 хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 37 хүсэлтийг шийдвэрлэж, 74 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.

Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 63 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8.6 хэрэг хэлэлцсэн байна.  

Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 684 хэргээс нэг шүүгчид 97.7  хэрэг ногдож байна.

Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн 543 хэргийн 63.4 хувь буюу 344 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 11 хувь буюу 60 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 25.6 хувь буюу 139 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон 139 хэргийн 28.8 хувь буюу 40 хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 31.7 хувь буюу 44 хэргийн хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг хангасан, 39.5 хувь буюу 55 хэргийн магадлал хүчингүй, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт оруулсан байна. 

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 33 хэргийн  хүсэлтийг хангаагүй, 3 хүсэлтийг хангасан, 1 хэргийн оролцогч хүсэлтээсээ татгалзжээ. 

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 543 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл төрийн албаны маргаан 156, газрын маргаан 106, ашигт малтмалын маргаан 66, татварын маргаан 38, сонгуулийн маргаан 35, эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргаан 33, төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 13, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 13,Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолтой 5, бусад маргаан 78 байна.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан хүлээн авсан захиргааны хэрэг 203-аар буюу 36.2  хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 99-өөр буюу 22.3 хувиар өсчээ.

Дашрамд дурдахад 2017 онд Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч улсуудын Ассамблейн ажлын албанаас зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтанд Монгол Улсаас анх удаа нэр дэвшиж, амжилттай оролцсон нь Дээд шүүхийн хувьд нэгэн онцлог үйл явдал байлаа.