Улсын Дээд шүүх 1578 хэрэг хүлээн авчээ

2020 оны 07 сарын 31 955

Улсын Дээд шүүх 2020 оны эхний хагас жилийн байдлаар эрүү, иргэн, захиргааны нийт 1578  хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 867 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 38.4 хувь нь эрүүгийн, 34.3 хувь нь иргэний, 27.3 хувь нь захиргааны хэрэг байна.

Эрүүгийн шүүн таслах ажиллагааны талаар

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 638 хэрэг хүлээн авч, 333 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 129 хэргийг шүүгчийн захирамжаар буцааж, 86 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийт 28 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 12 хэрэг хэлэлцсэн байна. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид дунджаар 106 хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 333 хэргийн 50.8 хувь буюу 169 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 22.8 хувь буюу 76 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 26.4 хувь буюу 88 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон байна.

Хүчингүй болгосон 88 хэргийн 28.4 хувь буюу 25 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 18.2 хувь буюу 16 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 20.4 хувь буюу 18 хэргийг хэрэгсэхгүй болгож (үүнээс 6.8 хувь буюу 6 нь цагаатгалын хэрэг), 33 хувь буюу 29 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.

2020 оны эхний хагас жилийн байдлаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн төрөл садан болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссуудаар дамжуулан 88 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч нийтдээ 30 цагаатгалын үнэмлэх олгосноос 6 үнэмлэх шинээр, 24 үнэмлэх нөхөн олгожээ. Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн цагаатгалын 12 хүнд холбогдох 8 хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 85.3 хувь буюу 284 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 0.9 хувь буюу 3 хэргийг иргэний хариуцагчийн гомдлоор, 11.4 хувь буюу 38 хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр, 2.4 хувь буюу 8 хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн  хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 8 хэргийн 87.5 хувь буюу 7 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 12.5 хувь буюу 1 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэн 8 хэргийг ялтан, түүний өмгөөлөгчийн гомдлоор хэлэлцжээ.

Иргэний шүүн таслах ажиллагааны талаар

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нийт 472 хэрэг хүлээн авч, 297 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 41 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 34 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 7 хэргийн харьяаллыг тогтоосон байна.

Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 26 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 13 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид дунджаар 92 хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 297 хэргийн 52.9 хувь буюу 157 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 10.1 хувь буюу 30 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 24.2 хувь буюу 72 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 8.8 хувь буюу 26 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 4 хувь буюу 12 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 37.4 хувь буюу 111-ийг нэхэмжлэгчийн, 60.3 хувь буюу 179-ийг хариуцагчийн, 2 хувь буюу 6-г гуравдагч этгээдийн, 0.3 хувь буюу 1-ийг прокурорын гомдлоор хянан хэлэлцжээ.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 297 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 216, Хөдөлмөрийн тухай хуулиар 46, Гэр бүлийн тухай хуулиар 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 19, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 1, бусад хуулиар 6 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2020 оны эхний хагас жилд улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нийт 13 хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан шаардлагыг хангасан  1  намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байна. Түүнчлэн намын дүрэм, мөрийн хөтөлбөр, даргын өөрчлөлтөө бүртгүүлэх тухай давхардсан тоогоор 12 хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэжээ.

Захиргааны шүүн таслах ажиллагааны талаар

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нийт 468 хэргийг хүлээн авч, 237 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар, 50 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 26 хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 10 хүсэлтийг шийдвэрлэж, 67 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариу өгчээ.

Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 26 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 11 хэрэг хэлэлцсэн байна. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид дунджаар 62 хэрэг ногдож байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 237 хэргийн 73.4 хувь буюу 174 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 9.3 хувь буюу 22 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 17.3 хувь буюу 41 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлттэй 10 хэргийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 45.1 хувь буюу 107 итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, 18.2 хувь буюу 43 нэхэмжлэгчийн, 18.6 хувь буюу 44 өмгөөлөгчийн, 8 хувь буюу 19 хариуцагчийн, 4.6 хувь буюу 11 гуравдагч этгээдийн, 5.5 хувь буюу 13 гомдол гаргагчийн гомдлоор хянан хэлэлцжээ.

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 237 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл зөрчлийн 63, газрын маргаан 45, төрийн албаны маргаан 39, бусад 39, ашигт малтмалын маргаан 16, татварын маргаан 12, төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 12, бүртгэлийн маргаан 10, мэргэжлийн хариуцлагын хорооны 1 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна.