Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Ганцогт, Г.Надмидцэрэн нарт холбогдох

Шүүгчийн нэр С.Соёмбо-Эрдэнэ
Шийдвэрийн огноо 2022.03.29
Шийдвэрийн дугаар 001/ХТ2022/00380
Хэргийн индекс 101/2019/04953/И
Маргааны төрөл Зээлийн гэрээ
Хуулийн зүйл, заалт
Шийдвэрлэсэн байдал

Магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2020.03.09, дугаар:
Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2020.05.15, дугаар:
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар: 001/ХТ2022/00380
Улаанбаатар хот


 

                                        Хас банк ХХК-ийннэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00853 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1073 дугаар магадлалтай,

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Надмидцэрэн, Г.Ганцог нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 160,301,382 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, У.Азжаргал нарын хамтран гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, Г.Ганцогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Хас банк ХХК нь Г.Надмидцэрэн, Г.Ганцог нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 160,301,382 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00853 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нараас 135,696,349,29 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24,605,032,71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Г.Ганцогийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202022543 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай, зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022542 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/2 тоотод байрлах 20 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022608 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 226 тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Г.Ганцогийн эзэмшлийн нэгж талбарын 18641325718277 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 18641325695267 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 135,696,349,29 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,029,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нараас 906,632 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1073 дугаар магадлалаарБаянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00853 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар хариуцагч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нараас 160,301,382 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай гэж, 3 дах заалтын 906,632 гэснийг 1,029,657 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 906,632 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 280,976 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, У.Азжаргал нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ “...нэхэмжлэгч нь зээлийн гэрээг нэхэмжлэл гаргах үедээ цуцалсан байхад анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцлах нөхцөл 2018.02.28-ны өдөр бүрдсэн байсан гэж үзсэн нь үндэслэлгүй болсон байхаас гадна хариуцагч талын төлсөн мөнгийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар суутгаж аваагүй нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасанд нийцэхгүй гэж шүүх хуулийг буруу тайлбарлажээ... зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т хамааралгүй бөгөөд хэрэглэх ёстой хууль биш байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хүлээн авах боломжгүй...” гэж дүгнэсэн. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зохигчийн хооронд байгуулсан 2014.10.06-ны өдөр 1080019116 дугаартай зээлийн гэрээний 5.2-т “зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө” гэж заасныг хүчин төгөлдөр байдлын талаар маргасан. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээний уг заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд нийцсэн эсэх, зээлдэгч талд хохиролгүй эсэхэд дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш гэдгийг тогтоохын тулд хуулийн үндэслэлээс хайх зарчмыг баримталдаг. Тодруулбал, тодорхой нэг эсхүл хэсэг бүлэг хуулийн зохицуулалтын зорилго, зорилт агуулгатай үл нийцэх байдлаар эсрэг талын эрхийг хязгаарласан тохиолдолд тус гэрээний стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үздэг. Түүнчлэн тухайн гэрээний мөн чанартай салшгүй холбоо бүхий гол эрх, үүргийг хязгаарлаж байгаа ба ингэснээр гэрээний зорилгод хүрэх боломжгүй нөхцөл байдал үүсч буй бол ийм агуулга бүхий стандарт нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр бус байдаг. Хариуцагч Г.Надмидцэрэн, Г.Ганцог нарын нэхэмжлэгч “Хас банк” ХХК-тай 2014.10.06-ны өдөр байгуулсан 1080019116 дугаартай зээлийн гэрээний 5.2-т “Зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө" гэж заасан нь Иргэний хуульд нийцэхгүй. Учир нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ" гэж заасан. Өөрөөр хэлбэл энэхүү хуулийн зохицуулалтаар үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх журамтай байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үндсэн агуулга, зарчмын хувьд өрийн хэмжээ багасвал төлөх үүргийн хэмжээ бас багасна гэх үүрэг гүйцэтгэгчийн эрх ашгийг хамгаалсан үзэл баримтлал, логик утга агуулсан. Гэтэл зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний маргаан бүхий заалт нь Иргэний хуулийн үүрэг гүйцэтгэх дарааллыг журамласан тус заалтын агуулгыг илтэд гуйвуулан, эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, хүүг төлүүлж, эцэст нь үндсэн төлбөрийг төлүүлснээр өрийн хэмжээ багасахгүй, үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчид хохиролтой нөхцөл байдал үүсгэсэн. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгчийн хүлээх хариуцлага юм. Эдгээр хариуцлагыг эхэлж төлүүлэхээр гэрээгээр дараалал тогтоох нь хуульд нийцэхгүй гэж үзэх үндэслэлтэй. Аливаа хуулийн хориг тавигдсан зохицуулалтын объектив нөхцөл бүрдсэн л бол субъектив тал буюу холбогдох этгээдийн хүсэл зоригийг харгалзан үзэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний нөхцөлийг зээлдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн заалтыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй. Дээрх үндэслэлүүдээр зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.2 дахь заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан харилцан итгэлцэл, шударга ёсны зарчмыг зөрчиж, зээлдэгчид илт хохиролтой нөхцөл бүрдүүлсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс тус заалтыг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 53 дугаартай Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 2.4-т “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ” гэж тайлбарласан. Үүнээс үзвэл Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өр...” гэдэг нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон үеэс бус зээлийн эргэн төлөлтийн хуваариар тохиролцсон сар бүр төлөх хэсэгчилсэн үүргээр тодорхойлогдохоор байхад гэрээний хугацаа дууссаны дараа тус зохицуулалтыг хэрэглэнэ гэж давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.

4.1. Хариуцагч нарын төлөөлөгчдөөс хэргийн материалтай танилцах, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.03.09-ний өдрийн 4804 дугаартай захирамжаар “...Зээлийн хувийн хэрэгт авагдсан зээлийн гэрээ, холбогдох баримтуудыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгсөн, гэрээнээс татгалзахтай холбоотой нотлох баримтаа нэхэмжлэгч тал шүүхэд бүрдүүлж өгөх үүрэгтэй байхад хариуцагч Г.Надмидцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг баримтуудыг гаргуулах хүсэлт гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нийцээгүй тул хүсэлтийг хангах үндэслэлгүй... “Хас банк” ХХК-ийн ерөнхий захирлын 2017.07.06-ны өдрийн А1/951 дугаартай тушаалаар төгрөгийн зээлийн суурь хүү 15.5 хувь болж 1 хувиар буурсан, хэргийн 6-р хуудсан дахь зээл, хүүгийн тооцоолол, 2017.06.12-нд 18 хувь болсон гэх баримтаас үндэслээд зээл, хүүгийн тооцооллоо хийх боломжтой байсан учир “Хас банк” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалтай танилцаж, тайлбар гаргах гэсэн хүсэлтийг хангах үндэслэлгүй байна...” гэж дүгнэн шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх дүгнэхдээ ‘‘...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэргийн материалтай танилцсан байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа хуульд нийцсэн байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэргийн материалтай танилцах, тайлбар гаргах боломж олгох хүсэлтийг ганц хариуцагч Г.Надмидцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал гаргаагүй, хариуцагч Г.Ганцогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан мөн адил гаргасан байдаг. Энэ нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2020.03.09-ний өдрийн 853 дугаартай тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл шүүхээс хариуцагч Г.Ганцогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалангийн хэргийн материалтай танилцах, тайлбар гаргах хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж, хариуцагч Г.Надмидцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргалын гаргасан хүсэлтүүдийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх; хэргийн материалтай танилцах” эрхийг ноцтой зөрчсөн. Түүнчлэн төлөөлөгч Н.Баясгалан нь 2020.03.02-ны өдөр хэргийн материалтай танилцахад “Хас банк” ХХК-ийн ерөнхий захирлын 2017.07.06-ны өдрийн А1/951, 2016.06.27-ны өдрийн А-900, 2015.06.26-ны өдрийн А-761 дугаартай тушаал, 2015.03.27-ны өдрийн А-345 дугаартай тушаалууд хэрэгт авагдаагүй байсан. Хавтаст хэрэгт шинээр нотлох баримт ирсэн талаар шүүгчийн туслахаас мэдэгдээгүй. Шүүх хуралдаан товлогдсон өдөр буюу 2020.03.09-ний өдөр шүүх хуралдаан эхлэхээс 20 минутын өмнө шүүгчийн туслахаас шүүх хуралдаан аль зааланд болохыг лавлахаар ороход хавтаст хэрэгт “Хас банк” ХХК-ийн ерөнхий захирлын дээрх тушаалууд авагдсан гэдгийг мэдсэн. Тухайн материалуудтай бүрэн танилцаж байж гарын үсэг зурна гэсэн боловч шүүгчийн туслах би хэргээ үзүүлсэн, тушаалуудын зургийг нь авсан бол хэргийн материал танилцсан баримтад гарын үсэг зурах ёстой гэж шахсан тул холбогдох баримтад цагийг тэмдэглэж гарын үсэг зурсан. Хэдий тус тушаалууд нь цөөхөн хуудас боловч хэрэгт хамааралтай тушаалыг олж, түүний дагуу зээлийн гэрээний эргэн төлөлтөд төлсөн 70,169,820 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасантай нийцсэн байдлаар тооцоолоход хугацаа шаардлагатай бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүн хасагдах нь тодорхой билээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг үндэслээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, У.Азжаргал нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нараас 135,696,349,29 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24,605,032,71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасныг давж заалдах шатны шүүх шийдвэрт хариуцагч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нараас 160,301,382 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

8. Хариуцагч Г.Ганцог, Г.Надмидцэрэн нар нь 2014.10.06-ны өдөр1080019116 тоот зээлийн, №1080019116-01, №1080019116-02тоот баталгаат ипотекийн гэрээнүүдийг “Хас банк ХХК-тай байгуулж, хашаа байшин, амины орон сууц худалдан авах зориулалтаар 122,000,000 төгрөгийг жилийн 3.3 хувь дээр 16.5 хувийн суурь хүүг нэмж, 19.8 хувийн хувьсах хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Г.Ганцогийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202022543 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай, зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022542 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/2 тоотод байрлах 20 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202022608 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 226 тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Г.Ганцогийн эзэмшлийн нэгж талбарын 18641325718277 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 18641325695267 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газарзэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь тогтоогджээ.

 

Зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ.

 

9. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

9.1. Зээлийн гэрээний 1.1, 2.4, 4.1.1-д заасны дагуу Г.Ганцогийн дансанд зээл 122,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй болно.

 

10. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулан хуульчилжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д “Зээлдэгч нь зээлийн хүү, үндсэн төлбөрийг 1 дүгээр хавсралт /зээлийн эргэн төлөлтийн хуваарь/-д заасны дагуу сар бүрийн 3-ны өдөр, хэрэв энэ нь долоо хоногийн амралтын, бүх нийтээр амрах баярын өдөр бол түүний өмнөх ажлын өдөр төлөх ба зээлийн үндсэн төлбөр нь хуанлийн нэг жилд сар бүр тэнцүү хэмжээтэй байна”, 4.2.1-д “зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд, эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүрэгтэй” гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцжээ.

 

Нөгөөтэйгүүр гэрээний 2.8, 4.1.11, 4.2.2, 5.4-т зааснаар зээлдэгч нар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.

 

11. Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн451.1,452 дугаар зүйлийн452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 3, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.3-т тус тус заасны дагуу шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээний 4.3.4-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон тул хариуцагч Г.Надмидцэрэн нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй.

 

12. Байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд цуцлагдсан гэж үзэх, хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг л шүүхээс шийднэ. 

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т заасан зохицуулалт хамаарна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацаагхаргалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно.

 

13. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “зээлийн гэрээнд зээлдэгч, ...гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж хуульчилсан байна.

 

Зээлийн гэрээний 6.1.1-д “зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн эсхүл бүрэн төлөөгүй, 6.1.10-т “гэрээний үүргээ биелүүлэх талаар банкны тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн бусад үүргээ зөрчсөн”  тохиолдолд  банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах талаар нэрлэн заажээ. 

 

Хариуцагч нарзээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Хас банк ХХК хариуцагч Г.Ганцогт 2017.07.04, 2019.10.04-ний өдөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь биелүүлэхийг шаардаж байсан, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогдсон боловч тодорхой үр дүн гараагүй болох нь нотлогджээ.

 

14. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, мөн зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасан ба хариуцагч нарт зээл төлөх хугацаа заасан мэдэгдлийг хүргүүлсэн боловч үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой болсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ хууль болон гэрээнд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

15. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тусгасан гэрээний хавсралт нь гэрээний салшгүй хэсэг мөн боловч талууд зээлийн жилийн хүүг 19,8 хувийн хувьсах хүүтэйгээр гэрээний 2.2-т тохиролцсон байсныг Хас банк ХХК-ийн ерөнхий захирлын 2017.07.06-ны өдрийн А1/951 тоот тушаалд зааснаар зээлийн гэрээний жилийн хүү 18 хувь болгож, анх гэрээ байгуулснаас 1,8 хувиар буурсан нөхцөлөөр хариуцагч нарын зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол хийснийг буруутгах үндэслэлгүй.

 

16. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Төрийн банкнаас хариуцагч нарт хүргүүлсэн зээл эргэн төлөх тухай мэдэгдэл зэргийг үндэслэж, нэхэмжлэгчийг гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийг хамтран зээлдэгч нараас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.

 

17. Анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцлах нөхцөл 2018.02.28-ны өдөр бүрдсэн, зээлийн гэрээний 5.1-д заасан нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн байхад тооцоолол ойлгомжгүй гэсэн хуульд заагдаагүй үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэсэн давж заалдах шатны дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

18. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, У.Азжаргал нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоотөлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж дурдсан байна.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлээр үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан ба  216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтын “...төлөх хугацаа болсон өр” гэдэгт талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусах үед биелэгдээгүй үлдсэн өр хамаарна.

 

Гэрээг цуцлахад гэрээг цуцлах хүртэл хугацааны төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүүгийн өр байгаа тул зээлдэгч төлбөр төлсөн бол зөвхөн зээлээс хасагдах учиргүй.

 

19. Давж заалдах шатны шүүхийн “...зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4хамааралгүй бөгөөд хэрэглэх ёстой хууль биш, зээлийн гэрээний 5.2-т заасан нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр бус болохгүй...” гэсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

20. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэргийн материалтай танилцсан байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2заасан шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг хууль зүйн хувьд буруутгах боломжгүй.

 

21.Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

22. Зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг давж заалдах шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, У.Азжаргал нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхихнь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1073 дугаар магадлалыг хэвээр үлдээж,хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, У.Азжаргал нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,029,657 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

 

                ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

 

                                                                                       П.ЗОЛЗАЯА

 

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                       Д.ЦОЛМОН