Д.Л-д холбогдох цагаатгалын хэрэг

Шүүгчийн нэр Д.Эрдэнэбалсүрэн
Шийдвэрийн огноо 2022.01.19
Шийдвэрийн дугаар 30
Хэргийн индекс индексгүй
Маргааны төрөл
Хуулийн зүйл, заалт 1942 оны ЭХ-н 137 дугаар зүйл
Шийдвэрлэсэн байдал

Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 1950.05.18, дугаар: 8
Анхан шатны шүүх Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 1938.05.18, дугаар:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар: 30
Улаанбаатар хот


Д.Л-дхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 05 дугаар сарын 18- ны өдөр таслан шийтгэсэн 8 дугаар тогтоолтой Д.Л-д холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1950 оны байдлаар: Овог Д-, нэр Л-, 1898 онд төрсөн, нас 52, эрэгтэй, ард, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар баг, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт, хөрөнгө бод 45, гишүүн бус, бичиг үсэг сураагүй, 1936 онд 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн байна.

 

Д.Л- нь 1949 оны өвөл Түвшинширээ сумын Нансал чавганцын хүү Ухнааг өвчтэй байхад тэдний гуйлтаар очиж ном, гүрэм уншиж өгч, өргөл барьцанд 3 настай тэмээ 1-ийг авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокуророос Д.Л-н үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар ялын төлөвлөгөө /он, сар, өдөр бичигдээгүй/ үйлдэн Аймгийн шүүх таслах газарт шилжүүлсэн байна.

 

Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 05 дугаар сарын 18- ны өдөр таслан шийтгэсэн 8 дугаар тогтоолоор Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэг өдүүлсэн тул 6 сар хорих ялаар шийтгэж, өргөл барьцанд авсан 3 настай тэмээг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 5 дугаар сарын 18-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 8 дугаар тогтоолоор Д- овогтой Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 6 сар хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Д.Л-н үйлдсэн хэргийн санаа зорилго, ашгийг хичээж, бусдаас шахаж шаардаж өргөл барьц авсан эсэх, хэргийн улмаас нийгэм болон иргэдэд ямар хор, хохирол учруулсан эсэхийг шалгаж, баримтаар бүрэн тогтоогоогүй, нутгийн цөөн иргэдийн гуйлтын дагуу сан тавьж, ном уншиж, барьц болгож өгсөн зүйлийг авсныг ашгийг хичээсэн гэж үзэж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн байна.

Түвшинширээ сумын 3 дугаар багийн харьяат Дамчаагийн Чүлтэмсүрэнг 1950 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрчээр байцаахад: “миний дүү Ухнааг өвчтэй байх үед миний төрсөн эх, 76 настай Нансал сандрахдаа Л-г дуудан ирүүлж, түвд ном уншуулж, 3 настай тэмээ 1-ийг өргөл барьц болгож өгсөн нь үнэн” гэж, мөн сумын Гаваагийн Лхамсүрэнг 1950 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр байцаахад: “миний дүү Шар цэргийн алба хааж байгаад уушиг нь өвдөж, 1949 оны 1 дүгээр сард нас барсан. Түүнийг эмнэлгээр эмчлүүлж байсан, Л-ар ном, гүрэм уншуулсан удаа байхгүй бөгөөд морь өгөөгүй” гэж, мөн сумын харьяат, Гэрэлийн Иш гэгчээс 1950 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлсэн нь: “Л- өнгөрсөн оны 1 дүгээр сард идшинд хэрэглэхээр үнээ 1-ийг надаас авч бор зүсний 3 настай тэмээ нэгийг өгч дээр нь 100 төгрөг нэмж өгсөн. Энэ тэмээг Нансал чавганцаас авсан тэмээ гэж байсан. чухам ямар учиртай авсан болохыг мэдэхгүй” гэж тус тус мэдүүлжээ.

Хэргийн баримт, гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд, Д.Л-н өргөл барьц авсан үйлдлийг тодорхой нотолж мэдүүлээгүй ба Д.Л- нь өөрийн сайн дураар, ашиг хонжоо харж, шунахай сэдлээр бусдад ном уншиж, гүрэм, сан тавиагүй, харин хүмүүсийн хүсэлтийн дагуу очиж ном гүрэм уншиж тусалсны хариуд нь сайн дураараа өгсөн зүйлийг авч байжээ.

1934 онд батлагдсан Төр шашныг тусгаарлан явуулах тухай хуулийн 20 дугаар зүйлд: “Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална”гэснээс үзвэл албадан авахыг хориглосноос бус сайн дураар өгсөн өргөл барьцыг авахыг хориглоогүй байна.

Д.Л- нь бусдын гуйлтаар гэрт нь очиж шашны ном, гүрэм уншиж, тэдний сэтгэлээсээ өргөл барьц болгож өгсөн зүйлийг авсныг нь тэдэнд шашнаар нөлөөлж, ашгийг хичээсэн гэж буруутгаж, улс төрийн хэрэгт зориудаар буруутган хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Иймд Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 05 дугаар сарын 18-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 8 дугаар тогтоолоор Даадаа овогтой Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 6 сар хорих ялаар хилсээр шийтгэсэн тогтоолыг хүчингүй болгож, түүнийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн бөгөөд дүгнэлтээ дэмжиж байна” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Д.Л-г шашны мухар сүсгээр ард олныг мунхруулан өргөл барьц авч ашигласангэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 05 дугаар сарын 18-ны өдөр таслан шийтгэсэн 8 дугаар тогтоолоор 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 6 сар хорих ялаар шийтгэж, өргөл барьцанд авсан тэмээг улсын орлого болгон шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд Д.Л- нь ард олны сүсэг бишрэлийг далимдуулан мухар сүсгийг төрүүлэн эд зүйлийг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, түүнээс тусламж авсан хүмүүсийн бие махбодь өвдсөн, нас барсан гэх баримт тогтоогдоогүй, бусдыг ятгаж мунхруулсан гэх гэмт хэргийн санаа зорилго зэргийг шалгаж тогтоогоогүй бөгөөд албадлага, дарамт үзүүлэн хэрэг хүлээлгэсэн мэдүүлэгт үндэслэн ял шийтгэсэн, мөн хохирогч нарын мэдүүлэгт дурдагдсан “..өөрсдийнх нь хүсэлт, гуйлтаар гүрэм, ном уншиж, сайн дураараа эд зүйл өгсөн” гэсэн мэдүүлгийг хэрхэн үнэлж, бусад баримттай харьцуулан няцаан үгүйсгэж байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр хилсээр ял шийтгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн Д.Л-г хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл дэх “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.

 

Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 05 дугаар сарын 18-ны өдөр таслан шийтгэсэн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.Л-г улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь зүйтэй гэжхяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 05 дугаар сарын 18-ны өдөр таслан шийтгэсэн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Д.Л-дхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Д.Л-дхолбогдох хэргийн талаар гаргасанпрокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

 

ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

 

                                                                        Ч.ХОСБАЯР

 

                                                                        Б.ЦОГТ

 

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН