С.А-ийн нэхэмжлэлтэй, "КП" ХХК-ийн эрх хүлээн авагчид холбогдох иргэний хэрэг

Шүүгчийн нэр П.Золзаяа
Шийдвэрийн огноо 2022.02.11
Шийдвэрийн дугаар 001/ХТ2022/00135
Хэргийн индекс 182/2021/00580/и
Маргааны төрөл Мөнгөн хадгаламжийн гэрээ
Хуулийн зүйл, заалт 454.1
Шийдвэрлэсэн байдал

Магалдлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2021.06.02, дугаар: 182/ШШ2021/01187
Анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2021.10.04, дугаар: 1501
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар: 001/ХТ2022/00135
Улаанбаатар хот


С.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/01187 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1501 дүгээр магадлалтай,

 

С.Агийн нэхэмжлэлтэй

К БХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох

 

2019.06.24-ний өдрийн А-47 дугаар Төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн хадгаламжийн 14,305,541.31 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны ханшаар /2019.06.24-ний өдрийн ханш 2,657.02 төгрөг/ тооцож 38,010,109,371.50 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгуулж, төлбөрийг ам.доллараар тооцуулах, хадгалуулсан мөнгө 14,117,665.42 ам.долларыг нэхэмжлэл гаргах үе буюу 2021.02.04-ний өдрийн валютын ханшаар тооцож 40,230,546,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч С.Агийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч Г.Урантогос, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасан, С.Оюунбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. С.А нь К Б ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан хадгаламжийн мөнгийг ам доллараар тооцуулах, 14,305,541.31 ам долларыг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч Банкны тухай хуульд заасан эрхийг хэрэгжүүлсэн гэж маргажээ.

 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/01187 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 9.4.3-ыг баримтлан К Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 06 сарын 24-ны өдрийн Төлбөр тооцоо барагдуулах дараалал тогтоох тухай А-47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгч С.Агийн хадгаламжийн 14,305,541.31 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны ханш /2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ханш 2657.02 төгрөг/-аар тооцож 38,010,109,371.50 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгож, төлбөрийг ам доллараар тооцохыг хариуцагчид даалгаж, К Б ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 14,117,665.42 ам.доллар буюу 40,230,546,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1501 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/01187 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.7-д заасан үндэслэлгүй тулнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ6

 

4. Нэхэмжлэгч С.А хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Магадлал нь Иргэний хууль болон Банкны тухай хуулийн зарим зүйл заалтыг эрх зүйн үндэслэлгүй буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь иргэний эрхийг зөрчсөн шийдвэр гарсан болно.Магадлалын үндэслэх хэсэгт “Анхан шатны шүүх төлбөрийг төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгож, ам.доллараар тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэжээ.”Тодруулбал 2018.06.18-ны өдрийн “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ”-ний нэг тал болох “К Б” ХХК нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.1-д заасан үндэслэлээр татан буугдсан, тухайн банкны эрх хүлээн авагч нь уг гэрээний нэг тал биш тул банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдтэй холбоотой үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэжээ. Энэ үндэслэл нь хууль хэрэглээний дараах алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэйбайна.

1.Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдтэй иргэн хүний байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээ бол Иргэний эрх зүйн харилцаа байдаг. Иймээс иргэний хууль тогтоомж нь Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэдэг. /Иргэний хуулийн 1.2/Давж заалдах шатны шүүхийн Магадлал энэ зарчмыг илэрхий зөрчиж байна.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д мөнгөн хадгаламжийг гэрээний талаар зохицуулахдааа/ банк хадгалуулсан мөнгийг хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээдэг, б/ хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр буцааж олгох үүрэг хүлээдэг. Иргэний хуулийн энэ зохицуулалтыг давж заалдах шатны шүүхийн шүүгчид дагаж мөрдөхгүй байх эрхгүй.

2. Банкны эрх хүлээн авагч гэрээний нэг тал биш тул Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх заалтыг тайлбарлан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй болсон.Учир нь Банкны эрх хүлээн авагч нь тухайн банкны эрх ба үүргийг залгамжлан хэрэгжүүлэгч мөн тиймээс ч Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт “Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна” гэж заасныг үл анхаарсан атлаа “Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69 1.3-т зааснаар тухайн банкны өр төлбөрийг хязгаарлах, шилжүүлэх, зогсоох эрхтэй ба энэхүү эрхийн хүрээнд гадаад валютаар илэрхийлэгдэх шаардлагын хэмжээг тушаал гаргах үеийн буюу 2019.06.24-ний өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах албан ёсны ханшаар тооцож төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 21.7.1, Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т заасантай нийцсэн байна. Иймд уг үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн 2019.06.24-ний өдрийн А-47 дугаар “Төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн хадгаламжийн 14,305,541.31 ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар /2019.06.24-ний өдрийн ханш 2,657.02 төгрөг/ тооцож 38,010,109,371.50 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгуулж, төлбөрийг ам.доллараар тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон. Үүнд:

1.Мөнгөн төлбөрийн хадгаламжийн гэрээний үүрэгтэй холбогдох маргаантай асуудалд төлбөр гүйцэтгэх мөнгөн тэмдэгтийн талаарх зохицуулалтыг үндэслэл болгосон нь буруу юм. Онолын ч Иргэний эрх зүйн ч талаасаа өөр зүйл гэдгийг анхаарсангүй. Миний бие ам.доллараар хадгаламжийн мөнгөө шаардаж байгаа иймээс тухайн мөнгөн тэмдэгтээр төлбөр гүйцэтгэх үүрэгтэй. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь заалтыг анхаарах учиртай байсан.

2. Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь заалтын “банкны өр төлбөрийг хязгаарлах, шилжүүлэх, зогсоох” гэсэн заалтыг үндэслэл болгосон нь хууль хэрэглээний алдаа гаргасан. Энэ зүйл нь банкны үйл ажиллагаа, дотоод харилцаатай холбоотой асуудлуудыг зохицуулсан. Түүнээс банкны хадгаламж эзэмшигчдийн эрх, үүрэгтэй холбоотой зохицуулалт биш юм.

3.Мөн Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2 заалт “Банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын хэмжээг тодорхойлж, нэхэмжлэлийн дарааллыг тогтоох” гэсэн заалтад нийцэж байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ тодорхойлогдсон тохиолдолд шүүх хуулиар тусгайлан зохицуулсны дагуу шүүхээс гадуур явагдаж байгаа ажиллагаанд оролцож тодорхойлогдсон хэмжээнээс өөр дүнтэй мөнгөн хөрөнгийг банкны эрх хүлээн авагчаас тогтоосон дарааллыг харгалзахгүйгээр хариуцагчаас гаргуулах боломжгүй гэсэн нь шүүхийн мөн чанарыг үгүйсгэсэн, Монгол Улсын үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг зөрчсөн үзэл санааг илэрхийлжээ.Шүүгчдийн эдгээр байдал нь хэргийн оролцогчдын эрх тэгш байдлыг алдагдуулсан улмаар банкны талд болон төрийн байгууллагын талд үйлчилж иргэний эрх, эрх чөлөөг илтэд үгүйсгэсэн гэж үзэж байна.Дээр дурьдсан тайлбар, үндэслэлүүдийг харгалзан магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

 

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2021.12.17-ны өдрийн 001/ШХТ2021/00960 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

ХЯНАВАЛ:

 

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

 

8. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч “К Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан “Төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай” 2019.06.24-ний өдрийн А-7 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар өөрт холбогдох хэсгийг буюу хадгаламжийн 14,305,541 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны ханшаар /2019.06.24-ний өдрийн ханш 2,657.02 төгрөг/ тооцож 38,010,109,371 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгуулж, төлбөрийг ам.доллараар тооцуулах, хадгалуулсан 14,117,665.42 ам.долларыг нэхэмжлэл гаргах үе буюу 2021.02.04-ний өдрийн валютын ханшаар тооцож 40,230,546,440 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Банкны тухай хуульд заасан бүрэн эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлсон гэж маргажээ. /хх 1-5, 86-87/

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хадгалуулсан ам.долларын мөнгөн хадгаламжийг үндэсний мөнгөн тэмдэгтэд шилжүүлснийг хүчингүй болгож, ам.доллараар тооцож олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс 40,230,546,440 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

 

10. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

11.Банк, эрх бүхий хуулийн этгээдэд хадгалуулсан үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөг болон гадаад улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдэх мөнгөн хөрөнгийг мөнгөн хадгаламж гэж ойлгохыг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.3-т заасан.

 

Хэрэгт байгаа баримтын хүрээнд С.А нь “К Б” ХХК-тай 2018.06.18-ны өдөр байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу ам.долларыг 12 сарын хугацаатай хадгалуулсан, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96, А-97 дугаар тушаалаар “К Б”-ыг албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилсон, эрх хүлээн авагч нь 2019.06.24-ний өдрийн А-47 дугаар “Төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай “тушаал гаргаж, тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн хадгаламжийн дансны үлдэгдэл 14,277,650.69 ам.долларыг тушаал гаргах өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах албан ёсны ханшаар тооцон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлсон үйл баримт тогтоогджээ.

 

12. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар банк заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх нөхцөлийг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөдхадгаламж эзэмшигч, харилцагч, бусад үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болсон, эсхүл гаргаж өгөх боломжгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон бол банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэнд тооцохыг хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.5.1-д заажээ.

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96, А-97 дугаар тушаалаар “К Б”-ийг албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилсон тул Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2.2-т зааснаарБанкны эрх хүлээн авагч нь банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг тогтоон, олон нийтэд мэдээлэх, хуульд заасан хугацаанд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын хэмжээг тодорхойлж, энэ хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох ажиллагааг явуулах үүрэгтэй байна.

 

13. Хариуцагч бүрэн эрхийн дагуу хуульд заасан энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ ам.долларын мөнгөн хадгаламжийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон нь үндэслэлтэй эсэх, энэ нь хадгаламж эзэмшигч буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн эсэх, гэрээний үүрэгт нөлөөлөх эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болжээ.

 

14. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д “Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ...” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Иргэний хуулийн 454.1-д заасны дагуу хадгаламжийн гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчийн хадгаламжийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ.” гэж тус тус заажээ. Эдгээр зохицуулалтын аль аль нь мөнгөн хадгаламжийн гэрээний үндсэн асуудлыг нарийвчлан зохицуулсан, агуулгын хувьд зөрүүгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламжийн гэрээний зүйл нь гадаад валют тул хадгалагч нь тухайн мөнгөн тэмдэгтийг буцаан олгох үүрэгтэй. Гэрээний энэ нөхцөлийг зөвхөн талууд өөрчилж болно.

 

15. Харин мөнгөн хадгаламжийн гэрээний нэг тал болох банк буюу хадгалагчийн  гэрээгээр хүлээсэн дээрх үүргийг банк татан буугдсан фактаас хамаарч хуулиар өөрчилдөг эсэх, ийм хэм хэмжээ байгаа эсэхийг шалгах нь зүй ёсны юм.

 

15.1. Банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т”Банкинд мөнгөн хөрөнгө хадгалах болон хадгаламжийн даатгалд даатгуулахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.” гэж зааснаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар холбогдох харилцааг зохицуулсан байна.

 

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Монголбанкнаас даатгалын тохиолдол бий болсон тухай мэдэгдлийг Хадгаламжийн даатгалын корпорацид ирүүлснээс хойш ажлын гурван өдөрт багтаан Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргана.”, 15.2-т “Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөр олгох хэлбэр, хугацааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ хуулийн 15.1-д заасан шийдвэр гарснаас хойш 48 цагийн дотор мэдээлж, мэдээллийн хувийг Монголбанкинд хүргүүлнэ.”, 15.3-д“Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш даатгалын нөхөн төлбөрийг энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан банкаар дамжуулан ажлын 10 өдрийн дотор олгож эхэлнэ.”, 15.4-т “Гадаад валютын хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэх бөгөөд түүний дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцно.” гэж тус тус заажээ.

Энэ хуулиар мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагааг зохицуулсан ба уг хуулийн дагуу нэхэмжлэгч нь 2019.06.25-ны өдөр 150,489 ам.долларын нөхөн төлбөрийг авсан, харин үлдэх хадгаламж нь “даатгагдаагүй хадгаламжийн төлбөр” гэсэн дараалалд хамаарсан байна. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дээрх зохицуулалтаар албан журмын даатгалтай хадгаламжийн асуудлыг тухайлан зохицуулсан тул даатгагдаагүй хадгаламжид хамааралгүй, энэ маргаанд хэрэглэх ёстой хууль биш, тийм учраас албан журмын даатгалтай хадгаламжид хамаарах хуулийн 15.4-т заасан“Гадаад валютын хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэх бөгөөд түүний дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцно.” гэсэн хэм хэмжээг хэрэглэхгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т тодорхой харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэхийг хориглосон байдаг тул хариуцагчийн “хуулийн 15.4-т заасан эрхээ хэрэгжүүлсэн” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Нөгөө талаар, албан журмаар даатгагдсан хадгаламжийн нөхөн олговрыг олгохдоо  мөнгөн хадгаламж нь гадаад валют байсан тохиолдолд банкийг татан буулгасан шийдвэр гаргасан буюу даатгалын тохиолдол бий болсон өдрийн ханшаар тооцож, даатгалаас олгож байгаа тул гэрээний үүрэгт нөлөөлөөгүй, мөнгөн хадгаламжийг гадаад валютаар нь өгсөнтэй дүйцжээ.

 

15.2.Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхийг хуульчилсан ба 69.1.3-т зааснаар эрх хүлээн авагч нь банкны өр төлбөрийг хязгаарлах, шилжүүлэх, зогсоох эрхтэй байна.

 

Банкны өр төлбөрийг хязгаарлах эрх хэмжээ нь тус хуулийн 69.6-д “Банкнаас хийгдсэн төлбөр, шилжүүлэг зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илүүд авч үзсэн байх шинжтэй бол банкны эрх хүлээн авах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх гурван сарын дотор хийгдсэн төлбөрийг, хэрэв төлбөр хүлээн авагч нь тухайн банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, ажилтан, тэдгээрт холбогдох этгээд байвал банкны эрхийг хүлээн авах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх 12 сарын дотор хийгдсэн бүх төлбөрийг доор дурдсанаас бусад тохиолдолд хүчингүйд тооцно”,70.1.1-д “банкийг албадан татан буулгах шийдвэр гарснаас хойш хугацаанд Банкны гүйцэтгээгүй мөнгөн төлбөрийн үүрэгт хүү, алданги, торгууль тооцохгүй”,71.2.1-д “нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байвал шаардлагыг хүлээн авахаас татгалзах”-ыг заасан хуулийн хүрээнд хязгаарлагдах бөгөөд үндэслэлгүйгээр төлбөрийг багасгах, гэрээний зүйлийг нэг талын санаачлагаар өөрчлөх эрх биш юм.

 

“Банкийг албадан татан буулгах шийдвэр гарснаас хойш хугацаанд банкны гүйцэтгээгүй мөнгөн төлбөрийн үүрэгт хүү, алданги, торгууль тооцохгүй” тухай хуулийн заалт нь онцгой нөхцөл байдлын улмаас гэрээний харилцаанд нөлөөлж буй зохицуулалт бөгөөд Банкны эрх хүлээн авагч уг хуулийг хэрэглэж, энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлж, хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох үүрэгтэй. Эрх хүлээн авагч нь мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо гэрээний гол нөхцөл болох “ам.доллар”-ыг үндэсний мөнгөн тэмдэгтэд хөрвүүлж тооцсон нь хэм хэмжээнд үндэслэгдээгүй, хуулиар ийм эрхийг олгоогүй байна. Иймд хариуцагчийг Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт оновчтой болоогүй байна. Мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу Банкны эрх хүлээн авагч нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д “Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ...” гэж зааснаар нэхэмжлэгчийн хадгалуулсан ам.долларыг буцааж өгөх үүрэгтэй, ийнхүү олгохдоо Банкны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар банкийг албадан татан буулгах шийдвэр гарснаас хойш хугацаанд  мөнгөн төлбөрийн үүрэгт хүү, алданги, торгууль тооцохгүйгээр тухайн үеийн үүрэг буюу мөнгөн хадгаламж болох ам.доллар, банкийг татан буугдах хүртэлх хугацаанд төлөх хүүг бодож, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох байжээ.

 

Банкийг татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд мөнгөн хадгаламж дах гадаад валютыг төгрөгт хөрвүүлэхийг хуульчилсан буюу Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-т заасан зохицуулалтыг өөрөөр хэрэглэх тохиолдлыг хуульд заагаагүй юм.

 

15.3. Банкны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Банкийг албадан татан буулгахад хүндрэл учруулж болзошгүй, зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илүүтэйд үзсэн шинжтэй, эсхүл банкны үйл ажиллагааг зохицуулахад болон харилцагч, хадгаламж эзэмшигч, банкинд зээлдүүлэгчийн эрх ашгийг хамгаалахад сөрөг нөлөөтэй, банкны гүйцэтгээгүй үүргээс банкны эрх хүлээн авагч татгалзах эрхтэй.” гэж заажээ.

Банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг мөнгөн хадгаламж дах гадаад мөнгөн дэвсгэртээр тодорхойлох нь нэхэмжлэгч буюу хадгалуулагч талд давуу байдал бий болгохгүй. Учир нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасны дагуу хадгаламжийн гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчийн хадгаламжийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэгтэй бөгөөд үүнд валютын ханш гэрээний аль нэг талынүүрэгт хамаарахгүй, гэрээний зүйлийг буцаан олгох үүрэг л байна. Ханшийн зөрүү нь гэрээний нөхцөл бус эрсдэл, хохиролд хамаарах асуудал тул хадгалуулагчийн эрх ашгийг хамгаалсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэл муутай гэж үзнэ.

 

16. Давж заалдах шатны шүүх “...“К Б” ХХК нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.1-д заасан үндэслэлээр татан буугдсан, тухайн банкны эрх хүлээн авагч нь мөнгөн хадгаламжийн гэрээний нэг тал биш тул банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдтэй холбоотой үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэлгүй.” гэж үзжээ.

 

Банкны эрх хүлээн авагч нь нэг талаас гэрээний нэг тал биш боловч нөгөө талаасаа Банкны тухай хуулийн 69, 71, 72, 73 дугаар зүйлд заасан банкны эд хөрөнгийг захиран зарцуулах, банкийг төлөөлөх, банкийг татан буулгах шийдвэр гарсан үеэр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлж баталгаажуулах эсвэл шаардлагыг хүлээн авахаас татгалзах, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргах, хуульд заасан дараалал, арга журмын дагуу өр төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулах эрхтэй,  “нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ буюу гэрээний үүргийг банк татан буугдах үеэр дуусгавар болгож байгаа тул гэрээнд хамааралтай, татан буугдсан К Бны үүргийг банк татан буугдах үеэр хязгаарлагдаж хариуцах этгээд мөн юм. Банкны эрх хүлээн авагч нь “К Б”-ны нэхэмжлэгчтэй байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээг дүгнэж, банк татан буугдсан үе хүртэлх хадгаламж, түүний хүүг тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон, банкийг төлөөлөх эрхтэй этгээд тул түүнийг гэрээнд хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд хариуцагч буюу эрх хүлээн авагч нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан К Бны гэрээний үүргийг хариуцах ёстой ба нэхэмжлэлийн шаардлагад хуулийн нийтлэг хэм хэмжээг бус хуулийн уг зохицуулалтыг хэрэглэж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

17. Нэхэмжлэгч нь “К Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн “Төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай” 2019.06.24-ний өдрийн А-7 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар өөрт холбогдох хадгаламжийн 14,305,541 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны ханшаар /2019.06.24-ний өдрийн ханш 2,657.02 төгрөг/ тооцож 38,010,109,371 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан ба 14,305,541 ам.доллараас албан журмын даатгалын дагуу олгосон нөхөн төлбөр 150,480 ам.доллар, 2019.09.27-ны өдөр төлбөрт шилжүүлсэн 18,730 ам.доллар, 2019.10.21-ний өдөр өгсөн нийт 187,875,89 ам.долларыг хасч 14,117,665.42 ам.доллараар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлуулахыг хүссэн. Банкны эрх хүлээн авагч 2019.06.24-ний өдрийн А-7 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 14,305,541 ам.доллар гэж тодорхойлсон бөгөөд үүнээс нэхэмжлэлд дурдсан төлөлтүүд хасагдах учиртай байна.

 

18. Банкны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2-т банкинд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу түдгэлзүүлнэ... гэж, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т зааснаар эрх хүлээн авагч нь банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг зарлах, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсвэл шаардлагын хэмжээг тодорхойлох, нийтэд мэдэгдэх ажиллагаанаас үзвэл нэхэмжлэлийн 2 дах шаардлага болох “хариуцагчаас 14,117,665 ам.доллар буюу 40,230,546,440 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

19. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1501 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2021/01187 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2.2 дах хэсгийг баримтлан “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А-47 дугаар “Төлбөр барагдуулах дараалал тогтоох тухай” тушаалын нэгдүгээр хавсралт дах нэхэмжлэгч С.А-д холбогдох түүний хадгаламжийн 14,305,541.31 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны ханшаар /2019 оны 06 сарын 24-ний өдрийн ханш 2,657.02 төгрөг/ тооцож 38,010,109,371.50 төгрөгт шилжүүлснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг 14,305,541.31 ам.доллараар тодорхойлохыг хариуцагч “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид даалгасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 201,310,682 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

 

                               ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД