Б.Н, О.Х нарт холбогдох эрүүгийн хэрэг

Шүүгчийн нэр Д.Эрдэнэбалсүрэн
Шийдвэрийн огноо 2022.05.18
Шийдвэрийн дугаар 96
Хэргийн индекс 186/2021/0108/Э
Маргааны төрөл
Хуулийн зүйл, заалт 22.4.4, 22.5.1
Шийдвэрлэсэн байдал

Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2021.12.30, дугаар: 27
Анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2022.03.17, дугаар: 306
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар: 96
Улаанбаатар хот


Б.Н-, О.Х- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаар магадлалтай,Б.Н-, О.Х- нартхолбогдох 2002005690348 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, арга зүйч, сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт *** оршин суудаг, ял шийтгэлгүй, Б- овогт Б-н Н-, /РД:***/,

 

2.Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Си Юу" сүлжээ дэлгүүрт кассчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүү нарын хамт *** оршин суух хаягийн бүртгэлтэй боловч *** оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, Т овогт О-н Х-, /РД:***/.

 

Б.Н- нь Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа иргэн О.Х-гийн “өөрийн төрсөн хүүхдээ оршин суугаа газрын харьяаллын бус цэцэрлэгт бүртгүүлэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчиж, хамран сургах тойргийн буc хүүхдийг элсүүлэн суралцуулахаар гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд иргэн О.Х-гаас хахууль өгөхийг шаардаж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн Хаан банкны *** дугаартай дансыг ашиглан 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт,

О.Х- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн төрсөн хүү Г.Ц-ыг хамран сургах тойргийн бус цэцэрлэгт элсүүлэхээр Б.Н-д дээрх мөнгийг шилжүүлэн өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатнышүүх шүүгдэгч Б.Н-г нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч О.Х-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-, Я.Х- нарт оногдуулсан торгох ялуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-, О.Х- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг, шүүгдэгч О.Х-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгг зааснаар шүүгдэгч Б.Н-гаас 500,000 төгрөгийг гаргуулан Улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Н- гаргасан гомдолдоо “...шүүгдэгч Б.Н- би анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүхийн шийдвэрийг зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний хувьд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.Өнөөдрийн байдлаар 500.000 төгрөгийг би өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлэн авсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзээд байгаа боловч хэрэгт цугларсан баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдсоныг шүүх огт харгалзан үзсэнгүй.

Шүүгдэгч О.Х-гийн 2 настай хүү өөрийн төрсөн эцгийн гэрээс цэцэрлэгтээ явах нь харьяалал зөрчөөгүй ба Чингэлтэй дүүргийн хорооны тодорхойлолт хэрэгт авагдсан байгаагаас гадна Чингэлтэй дүүргийн боловсролын мэргэжилтэн хэрэгт гэрчээр байцаагдахдаа хүүхдийг цэцэрлэгт авах эрх нь эрхлэгчийн эрх үүрэг байдаг талаар тодорхой мэдүүлсэн байгаа болно.

Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль”-д цэцэрлэгийн эрхлэгч нь “Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах” бүрэн эрхийн хүрээнд хүүхдийг элсүүлсэн авсан. Мөн хандиваар авсан 500,000 төгрөгийн зарцуулалтыг 2021 оны Нийслэлийн цэцэрлэгүүдийн шилэн дансанд тайлагнасан, мөн хандиваар 1 хүүхэд элсүүлэн авсан талаараа Нийслэл, дүүргийн боловсролын газруудад тус тус бичгээр мэдэгдэж байсан бодит байдлыг нотолсон бичгийн баримтууд хэрэгт авагдсан байгаа болно.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал нь гэнэтийн байсан бөгөөд энэ нөхцөлд хэрхэн ажиллах талаар ямарваа нэгэн санхүүжилт байхгүй байсантай холбоотой гарцаагүй байдлын улмаас хүн нэг бүрийг хамгаалах хувцас хэрэгсэл цэцэрлэгтээ авсан талаар мөрдөн байцаалт болон шүүхэд холбогдох баримтууд гарган өгсөн хэдий ч энэ талаар огт шалгаагүй мөн мөрдөн байцаалтын явцад дутуу шалгаад орхисонд гомдолтой байна.

Улмаар 500,000 төгрөгийг О.Х- нь хандив гэж өгсөн ба тэрээр миний зүгээс ямарваа нэгэн байдлаар мөнгө шаардаагүй талаар шүүхэд тодорхой мэдүүлсэн.

Би өөрийн хувийн дансаар авсан үйлдлийн тухайд ойлгож гэмшиж байгаа ба харин гэм буруугийн тухайд хэрэгт авагдсан өөрийн гэм буруугүй талаарх нотлох баримтуудыг шүүхэд гарган өгч тайлбарласаар байтал шүүх бодит байдалд дүгнэлт хийлгүйгээр намайг гэм буруутайд тооцсон байгааг зөвтгөж, анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Б.Тунгалаг гаргасан гомдолболон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 /шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй/ нь мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт /Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн/ заасныг баримтлан дараах гомдлыг гаргаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Н- нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй байхаас гадна яллах болон цагаатгах талын нотлох баримт бүрэн авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьж явагдсан.

Өөрөөр хэлбэл хамран сургах тойргийн бус хүүхэд Ц-ыг Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Н- нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.5-д хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах бүрэн эрхийн хүрээнд элсүүлэн авсан.Мөн хуулийн 14 дүгээр зүйл Эцэг эхийн эрх, үүрэг 14.2.6 дахь хэсэг “хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд туслах, Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 56/64 moотЦэцэрлэг, сургууль хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэмд эцэг эхчүүдээс хандив тусламж авч болно” гэж заасныг тус тус үндэслэн 500,000 төгрөгийн хандивын тусламж авсан үйл баримтыг бүрэн шалгаж тогтоогоогүй, өөрөөр хэлбэл хамгаалах хувцас хэрэгсэл авсан компанийн санхүүгийн баримт хэрэгт хураан авч холбогдох хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авснаар энэ үйл ажиллагааг хязгаарласан байна.

Хэрэгт авагдсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бичгийн баримтуудаар тухайн “Fire breakкомпани нь Ковидын хамгаалах хэрэгсэл зарах тусгай эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан бодит байдал тогтоогдсон байдаг.

Улмаар гэнэтийн аюул нөхцөлд ковидоос урьдчилан сэргийлэх хүн нэг бүрийг хамгаалах хувцас, ариутгалын бодис авах зэрэг ажиллагаанд зориулсан санхүүжилт тус цэцэрлэгийн төсөвт тусгагдаагүйн улмаас хандивын арга хэмжээг авч хэрэгжүүлэн шийдвэрлэх боломжтой гэж цэцэрлэгийн зөвлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцэж А/17 тоот “Хандивын тусламж авах” тушаалыг батлан Нийслэлийн боловсролын газрын цахим санд бүртгүүлсэн бодит байдлыг орхигдуулсан байна.

Шүүгдэгч Б.Н-гийн депозит дансны 2019.09.25-2020.08.25 өдрийг хүртэлх орлогын баримтанд үзлэг хийсэн байх бөгөөд тухайн өдрөөс хойших депозит дансны зарлагын баримт, 500,000 төгрөгийн зарцуулалт нь хэрэгт ач холбогдолтой байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу шалгаж, хэрэгт ач холбогдолтой баримтуудыг орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... мөрдөгч, прокурор шүүгдэгчийг яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг зөрчсөн байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Н- нь хууль дүрэм журмын дагуу хандивын тусламж авах комисс байгуулан, тушаал батлан Боловсрол соёл шинжлэх ухааны яамны цахим санд бүртгүүлэн, улмаар 500,000 төгрөгийн хандивын тусламж авч цэцэрлэгтээ ковидоос урьдчилан сэргийлэх, хамгаалах хувцас хэрэгсэл авсан нөхцөл байдлыг тайлагнан зохих журмуудын дагуу ажиллаж байсан талаар хангалттай баримт байхад түүнийг мөрдөгчөөс дутуу шалгаж, өөрөөр хэлбэл зөвхөн шүүгдэгчийн дансанд мөнгө орсон өдрөөр дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй, бүрэн биш ажиллагаа явуулж хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна.

Өмгөөлөгчийн зүгээс дээрх үндэслэлээр мэтгэлцсэн хэдий ч анхан болон давж заалдах шатны шүүх зөвхөн шүүгдэгч нарын яллах талын нотлох баримтыг шийтгэл тогтоолын үндэслэл болгосон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэг” хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгана” гэж заасны дагуу төлөөлөгчийн дүгнэлт, түүнийг үндэслэх нотлох баримтуудыг хэрхэн ямар үндэслэлээр  няцаан үгүйсгэсэн талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Хэрэгт цугларсан баримтуудаар миний үйлчлүүлэгч хувийн дансаараа цэцэрлэгийн хандивын мөнгийг авч захиргааны зөрчил гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэн захиргааны хэм хэмжээний зөрчлийг эрүүгийн гэмт хэрэг гэж дүгнэн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Н-г цагаатгаж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Нийтийн албан тушаалтан, шүүгдэгч Б.Н- нь албаны чиг үүргээ хувийн зорилгод ашиглан иргэн О.Х-гаас 500,000 төгрөг авч, хахууль өгөгчийн ашиг сонирхолд нийцүүлэн хийх ёсгүй үйлдлийг хийж, уг мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч О.Х- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан 500,000 төгрөг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ба хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил гараагүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Н- болон түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Н-, О.Х- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Н- нь бусдын ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчиж, хамран сургах тойргийн буc хүүхдийг элсүүлэн суралцуулахаар гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд иргэн О.Х-гаас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкны дансаар дамжуулан 500,000 төгрөгийн хахууль авсан,

О.Х- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн төрсөн хүү Г.Ц-ыг хамран сургах тойргийн бус цэцэрлэгт элсүүлэхээр Б.Н-д дээрх мөнгийг шилжүүлэн өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.Н-, О.Х- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээр нотлох баримтын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарт тулгуурлан, үнэлж шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдний үйлдсэн хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, шүүгдэгч  Б.Н-гийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, шүүгдэгч О.Х-гийн үйлдсэн хэрэг нь мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, тэдгээрт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураан авч улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н- болон түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан “...шүүх хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэсэн ижил агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н- болон түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

 

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                     С.БАТДЭЛГЭР

 

                                                                     Б.БАТЦЭРЭН

 

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН