Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-27
Дугаар 325
Хэргийн индекс 128/2016/0967/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн С
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд С.Д
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

С-гийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батжаргал, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хурцбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0315 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0449 дүгээр магадлалтай, С-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0315 дугаар шийдвэрээр: 1.Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1.5, 35.3.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 44 дүгээр зүйлийн 44.4, 44.6, 44.7, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ОХУ-ын иргэн С-гийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны А/199 дүгээр, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаар захирамжуудын С.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээд С.Д-гийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаар захирамжийн С.Б.Натальяад холбогдох заалт буюу 1 дэх заалтын “4 дүгээр хавсралтад заагдсан 1 иргэн /Сидорова Наталья/-д газар ашиглах эрхийн нэр шилжүүлэхээр шийдвэрлэсүгэй” гэсэн заалтыг илт хууль бус акт байсан болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0449 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0315 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2 дахь хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

 Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

            Анхан болон давж заалдах шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаартай захирамжийн С-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 1994 оны Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5, 2002 оны газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.3, 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.2, 38.1, 38.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 44 дүгээр зүйлийн 44.4, 44.6, 44.7, 44.9, 34 дүгээр зүйлийн 34.8, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

            Учир нь дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд газрыг хэн эзэмших эрхтэй талаарх хуулийн зохицуулалт байхын зэрэгцээ захиргааны байгууллага газар эзэмших ашиглуулах шийдвэр гаргахдаа газар эзэмшигч, ашиглагч нарт ямар шаардлага тавих тухайн шаардлагыг хэрхэн хангуулах, түүнчлэн газар эзэмшигч, ашиглагч захиргааны байгууллагаас хуулинд заасан шаардлагыг хангасан бол түүнд газар ашиглуулах эсхүл газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулсан хуулийн зохицуулалтууд байна.

Тухайлбал: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт газрыг хэнд эзэмшиж, ашиглуулахаар, 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт Дүүргийн ИТХ-аас баталсан Tyxaйн жилийн газар зохион байгуулалтын дагуу эзэмшиж, ашиглуулахыг, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байхаар, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байхаар, 35.1.5 газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар; 35.3.3. газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөөр; 35.3.4. газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байхаар; 37.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэхээр, 38.1. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдахаар, 38.4. Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болохоор, 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6. хүндэтгэн  үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 44.4. Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний нь зориулалтаар ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэхээр, 44.6. Энэ хуулийн 44.4-т заасан иргэнд хувийн гэр, орон сууцны хашааны зориулалтаар ашиглуулах газрын хэмжээ 0,05 га-гаас, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих зориулалтаар олгох газрын хэмжээ 0,1 га-гаас тус тус илүүгүй байна. Газрыг 5 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ашиглуулах бөгөөд гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байхаар, 44.7. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар ашиглах тухай хүсэлт гаргахын өмнө гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас тодорхойлолт авсан байхаар, 44.9. Эрх бүхий байгууллага зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээдэд газар ашиглуулсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, 61.1. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоохоор хуульчилсан хуулийн зохицуулалтууд юм.

Гэтэл нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 465 дугаар захирамжаар үүсч энэхүү захирамж гарах үед Захиргааны байгууллагаас Газрын тухай хуулийн дээр дурдсан үндэслэл журмын дагуу газар ашиглагчийн шаардлагыг хангаж байна гэж үзээд нэхэмжлэгчийг маргаан бүхий газрыг үргэлжлүүлэн ашиглаж болно гэж газар ашиглах эрхийг олгосон юм. Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг дээр дурдсан хуулийн дагуу газар ашиглах эрхгүй гэж үзсэн бол 2013 онд нэхэмжлэгч газрын хэмжээгээ багасгаж, холбогдох баримтуудыг бүрдүүлэн газар ашиглах эрхээ нээлгэх боломжтой байхад нэхэмжлэгчийн энэхүү боломжийг шаардлагагүй гэж үзэж газрыг ашиглуулах тухай шийдвэрлэсэн байхад шүүхээс дээрх хуулийн зохицуулалтыг хангаагүй гэж үзэж нэхэмжлэгчийг хохироож байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаартай захирамжаар олон иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд тухайн захирамжинд нэхэмжлэгч С-гийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байна. Энэхүү хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн болохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа дурдсан байна.

Гэтэл Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9 дэх хэсэгт Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээдэд газар ашиглуулсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ...”' гэж заасан байгаа бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглуулсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамааралтай хуулийн зохицуулалт юм.

Мөн маргаан бүхий газар нэхэмжлэгчийн эцэг нь 2001 оноос амьдарч эхэлсэн улмаар түүний охинд тухайн газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон газар ашиглах эрх нь Монгол Улсын Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар үүссэн байхад шүүхээс нэхэмжлэгчийн үл хөдлөх өмчлөх эрхийг хязгаарлаж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэж үзэж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмчид хамаарах үл хөдлөх эд хөрөнгө нь газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарч байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг шүүхээс хүлээн зөвшөөрч байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий захирамжийн үндэслэх хэсэгт дурдаагүй Газрын тухайн хуулийн зүйл, заалтыг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж байгаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хариуцагч нараас гуравдагч этгээдэд газар ашиглуулах шийдвэрийг олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна...” гэж заасныг болон ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.1.3 дахь хэсэгт зааснаар суурин болон хээрийн судалгаа хийхгүйгээр газар олгосон нь маргаан бүхий актыг зорилгодоо нийцээгүй хууль бус болсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Анхан шатны шүүхээс талуудын үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо түүнд хэрхэн мэдэгдсэн талаархи баримтыг гаргуулахаар шүүгчийн захирамж гарч, Сүхбаатар дүүргийн газрын албанд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1/5009 дугаартай албан бичгээр хандсан боловч тухайн баримт шүүхэд ирээгүй, захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, ОХУ-ын иргэн С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 253 дугаар захирамжийн дагуу Монгол Улсад байнга оршин суугч ОХУ-ын иргэн К-д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар маргаан бүхий газрыг ашиглуулах эрх үүссэн бөгөөд тэрээр 2012 онд нас барснаар өвлүүлэгчийн газар ашиглах эрхийг түүний охин С-д өвлүүлж, өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгч хууль ёсны өвлөгчийн хувьд маргаан бүхий газрыг ашиглах эрхийг шилжүүлэн авах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаснаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаар захирамжаар тус дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11-437 тоот 699 мкв газар ашиглах эрхийг С-д шилжүүлэн ашиглуулахаар шийдвэрлэсэн атлаа уг шийдвэрээ 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/133 дугаар захирамжаар нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Учир нь хуульд заасан журмын дагуу үүссэн газар ашиглах эрхийг хэрэгжүүлэх зорилгоор нэр шилжүүлэх тухай хүсэлтийг хангаж гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаар захирамж нь нэхэмжлэгчид эрх зүйн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд уул захиргааны актын улмаас бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж сөргөөр нөлөөлөөгүй, нэхэмжлэгч дээрх захирамжийг гаргуулахдаа хууль бус арга хэрэглээгүй, өөрөөр хэлбэл хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байхад хариуцагч Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9 дэх хэсгийг үндэслэн хүчингүй болгосон байна.

Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9-д “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээдэд газар ашиглуулсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж заасан бөгөөд хуулийн энэ зохицуулалт нь гадаадын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглуулсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамааралтай байхад Сүхбаатар дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчид хамаатуулж түүнийг буруутган газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуулийн дээрх заалттай нийцээгүй, хууль бус захиргааны акт болно.

Нэгэнт захиргааны байгууллага Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй тул маргаан бүхий газрыг С.Д-д эзэмшүүлж, улмаар өмчлүүлэх шийдвэр гаргасан захиргааны байгууллагын үйл ажиллагааг зөвтгөх хууль зүйн боломжгүй, “... маргаан бүхий газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан...” гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс бие даасан шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0315 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0449 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 44 дүгээр зүйлийн 44.9, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан ОХУ-ын иргэн С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаар захирамжийн С-д холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны А/199 дүгээр, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаар захирамжуудын С.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН