Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-27
Дугаар 326
Хэргийн индекс 110/2016/0056/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч Ш.Е, Н.М, Д.А нар
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Х.С, М.Б, Х.С нар
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ш.Е, Н.М, Д.А нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Ш.Е, гуравдагч этгээд М.Ботагөзийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал, зайнаас Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нэхэмжлэгч Н.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат, нэхэмжлэгч Д.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай, нэхэмжлэгч Ш.Е-ын өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0386 дугаар магадлалтай, Ш.Е, Н.М, Д.А нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Н.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Ш.Е-ын өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0023 дугаар шийдвэрээр: 1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Е нь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны Б/32 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Е, Н.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалын Н.М, Д.А нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Ш.Е, Н.М, Д.А нарыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.514.162 /хоёр сая таван зуу арван дөрвөн мянга зуун жаран хоёр/ төгрөгийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгч нарын тус бүрт олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус газрын даргад даалгаж, нэхэмжлэгч Д.А-гийн үлдсэн шаардлага болох ажилгүй байсан хугацааны олговорт илүү нэхэмжилсэн 480.604 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0386 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Нэхэмжлэгч Н.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/MA2017/0386 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь өөрөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэрэгт нотлох баримт хангалттай авагдсан мөртлөө хэт нэг талыг баримтлан дүгнэлт хийжээ.

  1. Магадлалын үндэслэл болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон учир шалтгаан нь тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 28 орон тоог 19 болгож цөөрсөн байхад анхан шатны шүүх хуучин ажиллаж байсан мэргэжилтнүүдийг бүгдийг нь томилох агуулгатай шийдсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй гэж өрөөсгөлөөр дүгнэлт хийсэн байжээ. Шийдвэрт хууль бус томилогдсон хүмүүсийн тушаалыг хүчингүй болгосоныг давж заалдах шатны шүүх хараагүй өнгөрсөн нь харамсалтай байна. Харин хууль бус томилогдсон хүмүүсийн талаар ямар шалгуураар томилогдсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй гэжээ. Энэ нь хариуцагч болон гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан тайлбарууд тэдгээрийг томилсон гэх түр тушаалууд, хуучин Хөдөлмөрийн хэлтэс болон Халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан хүмүүсийн нэрсийн жагсаалт татан буугдах үед тэд нарыг чөлөөлж байсан тушаалууд, Төрийн албаны мэргэжлийн шалгалтанд ороогүй гэх ТАСЗ-ийн тодорхойлолт тайлбаруудаар хангалттай нотлогдож байна.
  2. Давж заалдах шатны шүүх нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, мөн 27.2.4 дүгээр заалтуудыг буруу тайлбарласан нь илт байна. Учир нь Төрийн албан хаагчдыг орон тоо хасагдсан нөхцөлд нэмэгдэл баталгаагаар хангах асуудал ажил олгогчийн үүрэг мөн бөгөөд сул орон тоо гарсан нөхцөлд эхлээд тухайн байгууллагад ажиллаж байгаад орон тоо нь хасагдсан хүмүүсийг шилжүүлэн томилох байлаа. Гэтэл хариуцагч төрийн албаны шаардлага хангахгүй байгаа гадны хүмүүсийг томилсон нь хууль бус байна. Тийм учраас анхан шатны шүүх нь энэ талаар зөв шийдсэн байсныг хүчингүй болгох нь үндэслэлгүй байна.
  3. Сум хариуцсан мэргэжилтнүүдийн Улаанхус, Баяннуур, Өлгий сум гэлтгүй ажлын чиг үүрэг нь адилхан байсан. Учир нь нэхэмжлэгч Н.М-гийн сумд хариуцаж байсан ажлын чиг үүрэг нь хэвээр нь хадгалагдсан байгаа. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байгаа. Давж заалдах шатны шүүх ажлын чиг үүрэг нь хадгалагдсан, нэмэгдэл баталгаагаар хангагдах байсныг өөрөөр тайлбарлаж хууль бус шийдвэр гаргасан байжээ. Товчхон дурдахад ямар ч орон тоо гарсан нөхцөлд эхлээд төрийн жинхэнэ албан хаагчдаар нөхөх нь гарцаагүй бөгөөд үүнийг Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдсан байжээ.
  4. Хоёр байгууллагыг нэгтгэж сум хариуцсан хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтний хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүргийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Сум хариуцсан хөдөлмөр, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд нэмж нэгтгэж, хамтатган хэрэгжүүлэхээр тусгасан байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсоор байхад давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийжээ.

Төрийн албанд орох болзол, шаардлага хангахгүй байгаа гуравдагч этгээдийг дэмжиж анхан шатны хууль ёсны шийдвэрийг хүчингүй болгосон явдалд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн 0386 магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү. Шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг онлайнаар ололцуулан мэтгэлцэх зарчмаар хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Е-ын өмгөөлөгч А.Серикжан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүд:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дахь заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай:

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн чиг үүргийг нэгтгэж, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шинээр байгуулсан байдаг.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 6/21 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан, сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо 19, сумдын нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нийт дүнгээрээ 8 орон тоогоор цөөрч хасагдсантай холбогдуулж, урьд Өлгий сумын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Е, Баяннуур сум хариуцсан мэргэжилтэн Д.А, тус сумын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.М нарыг аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны б/32, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны б/32, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны б/08 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зааснаар төрийн байгууллага байгуулагдаж, ажлын байрны орон тоо цөөрсөн ч тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг эрх бүхий албан тушаалтан томилох үүрэгтэй байхаар хуульчилсан.

Гэтэл хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байдаг. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хандаж Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Ш.Е ажиллах эрхтэй эсэх талаар урьд тус сумын Нийгмийн халамжийн болон Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээр урьд ажиллаж байсан нэр бүхий ажилтнууд маргаж байгаагүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд тайлбар өгч байсан зэргээс үзвэл хариуцагч албан тушаалтан Өлгий сумын Нийгмийн халамжийн болон Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн алийг нь ч тухайн ажлын байранд томилоогүй байхаас гадна аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний болон Хөдөлмөрийн хэлтсүүдэд урьд огт ажиллаж байгаагүй Х.С, С.Х нарыг Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр шууд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх хэсэгт “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 4.2.5 дахь хэсэгт “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэж заасан зарчимд нийцээгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байсан.

Нөгөөтэйгүүр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, албан хаагчдын цалин хөлс олгох нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг олгосноор нэхэмжлэгч Ш.Е 2016 оны 08, 09, 10 дугаар саруудад ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Үүнээс гадна хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29, 30 дугаар тушаалуудаар Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр С.Х болон Х.С нарыг ТЗ-5-1 шатлалаар тус тус цалинжуулж, түр томилсноос үзвэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй бөгөөд түүнийг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган үзэх, төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн гэх боломжгүй юм.

Үүнээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч Ш.Е-ыг томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь нотлогдон тогтоогдсон ба Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Ш.Е-ыг томилохыг даалгаж шийдвэрлэсэн тухай анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байсан.

Мөн давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хариуцагчийн гомдлыг үндэслэлтэй гэсэн мөртлөө магадлалын тогтоох хэсэгт гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон юм. Үүнээс үзэхэд давж заалдаж шатны шүүх хэргийг хянаж магадлал гаргахдаа хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нэгтгэн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн зохион байгуулсан байна. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаар тушаалын холбогдох хэсгээр Баяннуур сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн Д.А, Өлгий сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн Ш.Е нар, мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалын холбогдох хэсгээр Улаанхус сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.М нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөрчлөн зохион байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тус тус шилжүүлжээ.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга “бүтэц, орон тоо, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарыг шилжүүлэн томилоогүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас харахад Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтний чиг үүргийг Нийгмийн халамжийн мэргэжилтний чиг үүрэг дээр нэмж нэгтгэн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын ажлын байрны тодорхойлолт батлагдсан байх тул “чиг үүрэг хэвээр хадгалагдсан” гэж үзэхгүй ба энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Маргаан бүхий албан тушаалын чиг үүрэг нэмэгдэж өөрчлөгдсөн ба Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар ямар шалгуураар, хэрхэн сонгон шалгаруулж 28 мэргэжилтнээс 19 орон тоонд томилсон талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчдийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлд хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.Е, Н.М, Д.А нарын Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарал бүхий үйл баримтад нэхэмжлэгч тус бүрээр дүгнэлт өгч шийдвэрлэх байжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат, нэхэмжлэгч Ш.Е-ын өмгөөлөгч А.Серикжан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутайн хяналтын журмаар гаргасан гомдол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хяналтын журмаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, 123 дугаар зүйлийн 123.4-д заасан улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх шаардлагыг хангаагүй тул хэлэлцээгүй болохыг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0386 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат, нэхэмжлэгч Ш.Еын өмгөөлөгч А.Серикжан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Е, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мурат нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН