Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-18
Дугаар 297
Хэргийн индекс 128/2016/0250/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч Г.Д, У,Г, У.Т
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Г.Т, М.Б, Т.Г
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Г.Д, У.Г, У.Т нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, гуравдагч этгээд М.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0393 дугаар магадлалтай, Г.Д, У.Г, У.Т нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Г, У.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Х.У, У.О нарын өвлөгч Г.Д-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/309 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0393 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч Г.Д, түүний өмгөөлөгч Ц.З нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд хандаж байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч нарт 2008 онд газар эзэмшүүлэхээр гаргасан захирамжаа хүчингүй болгосныг 7 жилийн дараа 2015 оны сүүлээр мэдээд энэхүү захирамж нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж тухайн газраа бодитой эзэмшиж хашаа барьж харуул сахиул хөлслөн өдий хүртэл 10 жил болсон бидэнд хүндээр тусч шүүхэд хандсан ч анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад бүрэн үндэслэлтэй биш учир дутагдалтай дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх бүрэн нягтлахгүйгээр хэвээр үлдээсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасны дагуу шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д хууль бус захиргааны акт гэж зрх зүйн зөрчилтэй актыг хэлнэ гэсэн. Маргаан бүхий А/309 дүгээр захирамж нь илт хууль бус захиргааны акт болохыг мэтгэлцээний үед хангалттай тайлбарлаж энэ нь баримтаар нотлогдсон. Тухайлбал, уг захирамж, гэрчилгээг хүчингүй болгох тухай бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн гэрчилгээг хүчингүй болгох ёстой атал ийм нөхцөл үүсээгүй, 40 дүгээр зүйлийг захирамждаа огт дурдаагүй.

2. Захирамж Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т үндэслэсэн ба энэ бол газар эзэмших талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэх тухай бөгөөд гуравдагч этгээд нэхэмжлэгчийн хооронд үүссэн маргаан тухайн үед буюу 2013 онд байгаагүй   нэхэмжлэгч маргаан гаргах байтугай захирамж хүчингүй болсныг хожим мэдсэн. Гуравдагч этгээд хэнтэй маргасныг хүлээж аваад шийдвэрлэсэн нь тодорхойгүй, гэнэт 2015 онд гарч ирсэн, энэ хооронд нэхэмжлэгч нарт газар олгосон захирамжид гомдол гаргаж Захиргааны шүүхээр явсан, шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 915 дугаар захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хүлээн авахаас татгалзсанд гомдол гаргаагүй байдаг. Давж заалдах шатны шүүх ч иргэдийн хооронд маргаан үүссэн гэж үзлээ.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар газрын талаар баримтлах зарчимд газар эзэмшихэд шударга ёс, тэгш эрхийн зарчмыг баримтлах ёстой атал зөвхөн гуравдагч этгээдүүдийн эрх ашигт үйлчилж одоогоос 9 жилийн өмнөх захирамжаа хүчингүй болгохдоо ядаж нэхэмжлэгч ямар ч буруугүй хуулийн дагуу захиргааны байгууллагад өргөдөл хүсэлтээ гаргаад газар эзэмших эрх авсныг бодолцож тухайн 1968 м.кв газрыг
тэгш эрхийн үндсэн дээр аль алинд нь эзэмшүүлж шийдвэрлэх боломжтой байсныг анхаарсангүй. Ингэхдээ тухайн газрыг гуравдагч этгээдүүдэд шударга бусаар эзэмшүүлсэн өөрийнхээ алдаа дутагдлыг засах сэтгэл гаргасангүй. Учир нь гуравдагч этгээд М.Б нь Д-гээс, Т, Г нар нь А болон Е гэх 2 орос хүнээс газрыг нь шилжүүлэн авч байгаа мэтээр хуурамч баримт бүрдүүлэн өгснийг шалгаж хянахгүйгээр газар олгосны зэрэгцээ тэдний газар эзэмших эрх дуусгавар болоод сунгуулах хүсэлт гаргаагүй 5 жил болсон байхад захирамждаа сунгах талаар тусгаагүй атал 15 жилээр сунгаж байсан. Хуульд хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ гаргах ёстой. /Газрын тухай хуулийн 37.1/ Үүгээрээ маргаан бүхий акт гарах үед нэхэмжлэгчийн биш гуравдагч этгээдүүдийн гэрчилгээ хүчингүй болох нөхцөл бүрдсэн байсан. Тэдэнд газраа шилжүүлэн өгсөн гэх 2 орос иргэн нь газар эзэмших эрх огт байхгүй. Д нь 2-37 биш 17-276 гэх огт өөр газарт хаягтай түүнд газар олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 70 дугаар захирамж нь 2005 онд хугацаа нь дуусаад 2 жил болсон газар эзэмших эрхгүй байхад шүүх гуравдагч этгээдүүдийг шударгаар газар эзэмшсэн гэж үзэж буй нь үндэслэлгүй.

Щүүх зөвхөн маргаан бүхий актын тухайд биш энэ газартай холбоотой бусад баримт бичиг гуравдагч этгээдүүдэд газар олгосон сунгасан зэрэг нь хуулийн үндэслэлтэй эсэхэд буруу дүгнэлт өгч хууль ёсны гэж үзлээ. Ядаж тэдэнд газар эзэмших эрхээ хугацаанд нь сунгуулахгүй байх хүндэтгэн үзэх ямар шалтгаан байсныг тодруулаагүй. Хэрэв давхардуулж газар олгосон гэж үзэж байгаа бол үүнд захиргааны байгууллага буруутай байхаас нэхэмжлэгчийн буруу гэж байхгүй бөгөөд Засаг дарга нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалж байгаа гэдгээр нэхэмжлэгчийг хохироох эрхгүй. Иймд гуравдагч этгээд нь захиргааны акт гаргуулахдаа бодит үнэнийг биш хууран мэхлэх байдлаар бусдын газрыг шилжүүлэн авч байгаа мэтээр хууль бус арга хэрэглэснийг захиргааны байгууллага болон шүүх дэмжээд ямар ч заль мэх хэрэглээгүй, нэхэмжлэгч нарт хохиролтойгоор асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн газрыг яаж олж авснаар нь хууль ёсны эзэмшигчийг тодорхойлох шаардлагын үүднээс авч үзэх байсан.

4. Шүүхээс Г.Д надад хандаж 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1/4491 дүгээр албан бичгээр “хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын газрын кадастрын зургийг үйлдсэн этгээд нь тодорхой биш байна гээд тодруулж ирүүл гэсэн бөгөөд үүний хариуд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ш/25 дугаар албан бичгээр уг зургийг Баянзүрх дүүргийн Газрын албанаас ирүүлсэн болохыг дурдаж тэд канондох үедээ үдээстэй материалын зарим хэсэг нь дутуу бүдэг гарсан байж болохыг тайлбарлаж газрын хувийн хэргийг эх хувиар нь авч тодруулахыг хүссэн ч энэ хүсэлтийг хангасангүй. Ер нь тухайн газар давхцалтай гэдэг нь бүрэн нотлогдоогүй гэж үздэг, зөвхөн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2/1438 дугаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын албан бичгээр тодорхойлж байгаа нь хангалтгүй. Бодит байдал нь гуравдагч этгээдүүдийн газрын захирамж 2007 онд гарсан гэдэг ч кадастрын зураг нь 2013 онд мэдээллийн санд орсон байгаа нь анхнаасаа кадастрын зураггүй байсан гэх мэт эргэлзээтэй зүйлүүд олон байдаг. Нэхэмжлэгч нарын кадастрын зураг мэдээллийн санд байхгүй бол түүнийг эрхэлдэг захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тул нэхзмжлэгч нарыг буруутгах үндэслэл биш юм. Энэ талаар Газрын тухай хуулийн 23.4.4-т заасныг зөрчлөө. Энэхүү кадастрын зураг хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд тодорхой болгоогүйгээр шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.4-т заасан “...шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн..., хуулийн шаардлага хангаагүй...” гэдэгт хамаарна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4.4-т төлөөлөгчид олгосон итгэмжлэлд захиргааны ямар маргаанд оролцохыг заах, үүнийг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байхыг заасан ч Г-ээс  Б-д өгсөн итгэмжлэл нь тус захиргааны хэрэг үүсэхээс өмнө 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр олгосон зөвхөн нэхэмжлэгчийн эрх үүрэгтэй холбоотой гуравдагч этгээдэд хамааралгүй байгаа нь мөн хуулийн зөрчил юм.

6. Хариуцагчийн тайлбар болон нотлох баримт нь А/309 дүгээр захирамж хууль ёсны болохыг нотолж чадахгүй байхад шүүх захиргааны байгууллагын үйл  ажиллагаа тухайн  үед замбараагүй байсан гэдэг тайлбарыг үндэслэн хариуцагч нь хууль зөрчих эрхтэй мэтээр буруутгах үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийлээ.

Энэ мэтээр захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дэх хэсэг болон 106.2 дахь заалт зөрчигдлөө. Шүүхийн шийдвэр магадлалд нэхэмжлэгчийн буруу гэх нэг ч зүйл байхгүй.

Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гуравдагч этгээд нарын газар эзэмших эрх нь нэхэмжлэгч нараас түрүүлж үүссэн, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар нь давхцалтай болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас 2013 оны А/309 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил газартай давхцалтай” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Хэдийгээр хариуцагч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслээгүй боловч энэ нь анхнаасаа нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийг олгохдоо /2008 оны 242 дугаар захирамжаар/ мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, үүний улмаас гуравдагч этгээд нарын газар эзэмших эрх зөрчигдсөн тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн гарсан актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд “гуравдагч этгээд нь ... нэхэмжлэгч нарт газар олгосон захирамжид гомдол гаргаж Захиргааны шүүхээр явсан, шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 915 дугаар захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хүлээн авахаас татгалзсанд гомдол гаргаагүй байдаг...” гэснээс үзвэл гуравдагч этгээд нь газар эзэмших эрхийн зөрчлөө арилгуулахаар маргаж байсан үйл баримт байх тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, ... хууль бус шийдвэрийг хүчингүй болгож...” гэснийг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлтэй байна. Иймд “гуравдагч этгээд хэнтэй маргасныг хүлээж аваад шийдвэрлэсэн нь тодорхойгүй” гэх утгатай гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Мөн “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар газрын талаар баримтлах зарчимд газар эзэмшихэд шударга ёс, тэгш эрхийн зарчмыг баримтлах ёстой атал зөвхөн гуравдагч этгээдүүдийн эрх ашигт үйлчилж одоогоос 9 жилийн өмнөх захирамжаа хүчингүй болгохдоо ядаж нэхэмжлэгч ямар ч буруугүй хуулийн дагуу захиргааны байгууллагад өргөдөл хүсэлтээ гаргаад газар эзэмших эрх авсныг бодолцож тухайн 1968 м.кв газрыг тэгш эрхийн үндсэн дээр аль алинд нь эзэмшүүлж шийдвэрлэх боломжтой байсныг анхаарсангүй” гэж маргаж байгаа нь үндэслэлтэй боловч энэ нь шүүхийн хянан шийдвэрлэх асуудал биш тул энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй.

Дээр дурдсанчлан, цаг хугацааны хувьд гуравдагч этгээд нарын газар эзэмших эрх нь нэхэмжлэгч нараас түрүүлж үүссэн бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон захирамжуудтай маргаагүй тул уг эрх нь хэрхэн үүссэн, тухайлбал бусдаас шилжүүлэн авсан, эсхүл шинээр авсан эсэх нь энэхүү маргааны хувьд хамааралгүй үйл баримт юм.

Иймд, “... гуравдагч этгээд М.Б нь Д-гээс, Т, Г нар нь А болон Е гэх 2 орос хүнээс газрыг нь шилжүүлэн авч байгаа мэтээр хуурамч баримт бүрдүүлэн өгснийг шалгаж хянахгүйгээр газар олгосны зэрэгцээ тэдний газар эзэмших эрх дуусгавар болоод сунгуулах хүсэлт гаргаагүй 5 жил болсон байхад захирамждаа сунгах талаар тусгаагүй атал 15 жилээр сунгаж байсан ... Тэдэнд газраа шилжүүлэн өгсөн гэх 2 орос иргэн нь газар эзэмших эрх огт байхгүй … байхад шүүх гуравдагч этгээдүүдийг шударгаар газар эзэмшсэн гэж үзэж буй нь үндэслэлгүй ... Шүүх зөвхөн маргаан бүхий актын тухайд биш энэ газартай холбоотой бусад баримт бичиг гуравдагч этгээдүүдэд газар олгосон сунгасан зэрэг нь хуулийн үндэслэлтэй эсэхэд буруу дүгнэлт өгч хууль ёсны гэж үзлээ…” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөн, хуулийг зөв тайлбарлан хэргийг хянан  шийдвэрлэсэн тул  “... Ер нь тухайн газар давхцалтай гэдэг нь бүрэн нотлогдоогүй, зөвхөн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2/1438 дугаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын албан бичгээр тодорхойлж байгаа нь хангалтгүй... хэргийн нөхцөл байдлыг тодорхой болголгүйгээр шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.4-т заасан “...шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн..., хуулийн шаардлага хангаагүй...” гэх утгатай гомдлыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлын дээрх болон бусад үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй байх тул шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0393 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ