Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-25
Дугаар 319
Хэргийн индекс 110/2016/0044/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Х.Е
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Г.М
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Х.Е-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нарыг оролцуулан хийж, Баян-өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0022 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0391 дүгээр магадлалтай, Х.Е-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч К.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0022 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хайсанайгаас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/472 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Е-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 19 ний өдрийн Б/504 дүгээр захирамж, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитекторын албан тушаалд Х.Е-ыг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3.225.717 /гурван сая хоёр зуун хорин таван мянга долоон зуу арван долоо/ төгрөгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0391 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0391 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

1. Аймгийн ерөнхий архитектор Г.М нь 1998 онд төрийн захиргааны албанд анх орж ТЗ-4 зэрэглэлээр ажиллаж, төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцэн, 1999 онд аймгийн Засаг даргын 33 дугаар захирамжаар зэрэглэлээ ахиулан ТЗ-5-аар цалинжиж байсан төрийн захиргааны жинхэнэ албан хаагч мөн бөгөөд 2000 онд төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдөн, 2002 оны 5 дугаар сарын 22-нд Улсын Дээд шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдож урьд ажиллаж байсан албан тушаалд хэвээр үргэлжлэн ажиллаж байсан ба аймгийн ЗДТГ-ын даргын 2003 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 03 дугаар тушаалаар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо нь хасагдан төрийн албанаас чөлөөлөгдсөн боловч Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2.3, 4.2 дугаар заалт, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5 дахь заалтын дагуу нөөцөд байгаад тооцогдож 2014 онд эргэж мөн аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст төрийн жинхэнэ албан хаагч болон мэргэжилтнээр томилогдон ажилласан.

2. Г.М нь аймгийн ерөнхий архитектороор томилогдохоос өмнө аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст 2014 оноос 2016 оны 9-р сарын 19 хүртэл нийт 2,8 жил барилга архитектор, орон нутгийг хөгжүүлэх сан, төлөвлөлт, жижиг дунд үйлдвэр хариуцсан ажилтнаар ТЗ-5 зэрэглэлээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2016 оны 1/1117 тоот зөвлөмж, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар аймгийн Засаг дарга томилно гэж заасны дагуу Г.Мын мэргэжил, ажлын туршлага, мэргэшсэн байдал зэргийг харгалзан үзэж аймгийн Засаг даргын 2016 оны Б/504 дугаар захирамжаар аймгийн ерөнхий архитектороор томилсон.

З. Харин нэхэмжлэгч Х.Е-ыг өөрийн хүсэлтийн дагуу Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 6-р сарын 27-ны Б/13 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

4. Уг захирамжийн 1 дүгээр заалтад “тус чөлөөт бүсийн захирагчийн албаны хот төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Х.Е нь өөрийн хүсэлтээр ... шилжин ажиллах болсон тул 2016 оны 6-р сарын 27-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.

5. Өөрөөр хэлбэл Х.Е нь тухайн байгууллагын ажлын зайлшгүй шаардлага, элдэв шахалт, зүй бус шаардлагаар бус зөвхөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь дээрх захирамжийн 1-р заалтаар нотлогдож байгаа юм.

Энэхүү захирамжийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-ийг дурдсан боловч албан ажлын зайлшгүй шаардлагаар бус зөвхөн Х.Е-ын өөрийн хүсэлтээр чөлөөлсүгэй гэж захирамжийн 1 дүгээр заалтад тусгаж баталгаажуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 болон 17 дугаар зүйлийн 17.7-д тус тус зааснаар цаашид төрийн албаны нөөцөд бүртгэх боломжгүй юм. Учир нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Насихатын гэрчийн мэдүүлгээр манайд ерөнхий архитекторын сул орон тоонд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд захиалга ирүүлсэн боловч төрийн албаны салбар зөвлөлөөс Х.Е-ыг томил гэж утсаар мэдэгдсэний дагуу Х.Е-ыг тус албан тушаалд томилсон юм гэж мэдүүлсэн байна.

Уг мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд ямар нэгэн хүний хэлсэн үгээр биш хууль журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж түүний дүнгээр төрийн албаны салбар зөвлөлөөс дүгнэлт гарч хуулийн дагуу томилогдох ёстой гэж үзэж байна. Мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц орон тоог баталсан Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2015 оны Б/65 дугаар тушаалын хавсралтад “хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор”-ын орон тоо батлагдсан ба Х.Насихатаас Х.Еыг энэхүү орон тоонд томилоогүй, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасан “аймаг нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилох” эрх нь аймгийн Засаг даргад хуулиар олгосон эрх хэмжээтэй ба Х.Насихат нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны Б/16 дугаар тушаалынхаа 1-р заалтад ... Хайсанай овогтой Есенболыг ... аймгийн ерөнхий архитектороор ... томилсугай гэж тушаал гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Х.Насихат 2016 оны 06 дугаар сарын 27-ны Б/16 дугаар тушаалын 1-р заалтад ... Хайсанай овогтой Есенболыг ... аймгийн ерөнхий архитектороор ... томилсугай гэж тушаал гаргаснаараа Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг ноцтой зөрчсөн ба Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2, 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт гаргасан байна гэж үзэж байна. Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “аймаг нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилох” гэж заасан нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргыг томилох, чөлөөлөхөд хамаарах хуулийн зохицуулалт мэтээр хуулийг буруу хэрэглэн тайлбарласан байна.

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргыг томилох, чөлөөлөх хуулийн зохицуулалт нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д зааснаар зохицуулагдаж байгаа юм. Харин Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “аймаг нийслэлийн ерөнхий архитекторыг   4 жилийн хугацаагаар томилох” гэж заасан нь зөвхөн аймгийн ерөнхий   архитекторыг томилох, чөлөөлөхөд хамаарах хуулийн зохицуулалт гэж үзэж байна.

Учир нь, аймгийн ерөнхий ахритекторыг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Х.Насихат томилох эрхгүй бөгөөд Х.Е-ыг аймгийн ерөнхий архитектороор томилсон нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг зөрчсөн байна.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “өөрийн бүтэц, орон тоонд хамаарах ажилтан, албан тушаалтныг ажилд томилох, чөлөөлөх шийдвэрийг аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга гаргах эрхтэй гэж үзлээ” гэсэн хэсэгт Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Х.Насихатын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаар тушаалын 1-р заалтад ... Хайсанай овогтой Есенболыг ... аймгийн ерөнхий архитектороор ... томилсон тушаал, мөн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхны шатны шүүхийн шийдвэрт заасан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог баталсан 2015 оны Б/65 дугаар тушаалд “аймгийн ерөнхий архитектор” гэсэн орон тоог батлаагүй, ... гэж тогтоосныг тус тус зөв үнэлж, дүгнэж чадаагүй гэж үзэж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0391 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч К.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Гулбаршагийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0022 дугаар шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга ажилтай К.Б миний Х.Е-ыг хууль бусаар томилсон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга асан Х.Насихатын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож Х.Е-ыг чөлөөлсөн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба уг гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хангахгүй орхиж, Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гомдлын үндэслэл:

1.  Хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 221/МА2017/0391 дүгээр магадлалынхаа хянах хэсгийн 12-р хуудас дээрээсээ эхний өгүүлбэрт ... Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “аймаг нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилох” гэж заасан нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргыг томилох, чөлөөлөхөд хамаарах хуулийн зохицуулалт мэтээр хуулийг буруу хэрэглэн тайлбарласан байна.

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргыг томилох, чөлөөлөх хуулийн зохицуулалт нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д зааснаар зохицуулагдаж байгаа юм.

Харин Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “аймаг нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилох” гэж заасан нь зөвхөн аймгийн ерөнхий архитекторыг томилох, чөлөөлөхөд хамаарах хуулийн зохицуулалт гэж үзэж байна.

Учир иймд аймгийн ерөнхий архитекторыг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Х.Насихат томилох эрхгүй бөгөөд Х.Е-ыг аймгийн ерөнхий архитектороор томилсон нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг зөрчсөн байна.

2. Хэргийг нотлох баримтад тулгуурлан зөв үнэлээгүй талаар:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 221/МА2017/0391 дүгээр магадлалынхаа хянах хэсгийн 12-р хуудас дээрээсээ хоёр дахь өгүүлбэрт ...”харин өөрийн бүтэц, орон тоонд хамаарах ажилтан, албан тушаалтныг ажилд томилох, чөлөөлөх шийдвэрийг аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга гаргах эрхтэй гэж үзлээ” гэснээр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Х.Насихатын 2016 оны 06 дугаар сарын 27-ны Б/16 дугаар тушаалын 1-р заалтад ... Хайсанай овогтой Есенболыг ... аймгийн ерөнхий архитектороор ... томилсугай гэж өөрийн бүтэц орон тоонд хамааралгүй албан тушаалтныг томилж тушаал гаргасныг нотлох баримтад тулгуурлан үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл Х.Насихат 2016 оны 06 дугаар сарын 27-ны Б/16 дугаар тушаалаараа өөрийн бүтэц орон тоонд хамааралгүй аймгийн ерөнхий архитекторын албан тушаалтныг томилсон.

Энэ талаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхны шатны шүүхийн 2017 оны 110/ШШ2017/0022 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 31 дүгээр хуудасны доороосоо 2 дахь өгүүлбэрт ... Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог баталсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны Б/65 дугаар тушаалд “аймгийн ерөнхий архитектор” гэсэн орон тоог батлаагүй, “хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор гэсэн орон тоог баталсан, ... “ гэж тогтоосныг хэргийг шийдвэрлэхэд анхааралдаа аваагүй байна.

Цаашид Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны Б/65 дугаар тушаалд “аймгийн ерөнхий архитектор” гэсэн орон тоог батлаагүй тул Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Х.Насихатын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаар тушаалын 1-р заалтад ... Хайсанай овогтой Есенболыг ... аймгийн ерөнхий архитектороор ... томилсугай гэж өөрийн бүтэц орон тоонд хамааралгүй албан тушаалтныг томилж тушаал гаргасныг хүлээн зөвшөөрч эгүүлэн ажилд авах боломжгүй, Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.2-д зааснаар аймгийн ерөнхий архитекторыг аймгийн Засаг дарга томилох тул Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаас томилох эрхгүй болно.

Иймд, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхны шатны шүүхийн 2017 оны 110/ШШ2017/0022 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 221/МА2017/0391 дүгээр магадлалыг тус тус хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

            Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.Е-ыг аймгийн “Ерөнхий архитектор”-ын албан тушаалд томилсон, мөн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг ажилд томилсон дээрх Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгосон, хариуцагч уг тушаалыг үндэслэлээ “... Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасны дагуу ... аймгийн Ерөнхий архитекторыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга томилох эрхгүй байтал ... /томилсон нь/ хууль зөрчсөн” гэж, нэхэмжлэгчээс “... хөдөлмөрлөх эрх зөрчсөн” гэж тус тус маргажээ.

            Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “...аймаг ...-ийн Ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар /аймгийн Засаг дарга/ томилох”-оор заасан байх тул Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга аймгийн “Ерөнхий архитектор”-ыг томилсон нь дээрх хуулийн заалтад нийцээгүй, хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга маргаан бүхий 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар “хууль зөрчсөн” тушаалыг хүчингүй болгосныг шүүх шууд буруутгах үндэслэлгүй.

            Анхан болон давж заалдах шатны шүүх уг маргаанд хэрэглэвэл зохих Хот байгуулалтын тухай хуулийн дээрх заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаж хэрэглээгүй, маргааны үйл баримтуудад хамааралгүй Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дах хэсэгт заасныг хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу, шийдвэр, магадлалын энэ хэсэгт холбогдуулан хариуцагч нараас хяналтын журмаар гаргасан “... шүүх ... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлтэй байна.

            Нэгэнт, хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад аймгийн “Ерөнхий архитектор”-ыг томилох эрх олгогдоогүй байхад нэхэмжлэгч Х.Е-ыг уг албан тушаалд томилохыг шүүхээс түүнд даалгах боломжгүй, иймд нэхэмжлэгчийн “аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитекторын албан тушаалд Х.Е-ыг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3.225.717 /гурван сая хоёр зуун хорин таван мянга долоон зуу арван долоо/ төгрөгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

            Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар “аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоо”-г батлахдаа уг газар дотор “Барилга, хот байгуулалтын хэлтэс” ажиллахаар, хэлтсийн дарга нь “Ерөнхий архитектор” байхаар тусгасан, уг тушаалын дагуу Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар “хэлтсийн дарга бөгөөд /аймгийн/ Ерөнхий архитектор”-ын албан тушаалд Б.М-ыг томилсон, мөн даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар Ерөнхий архитектор Б.Маратыг “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, үүний дараа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.Еыг аймгийн “Ерөнхий архитектор”-ын албан тушаалд томилсон, өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь аймгийн “Ерөнхий архитектор”-ын албан тушаалд  томилж, чөлөөлөх шийдвэр гаргаж ирсэн, аймгийн Засаг даргаас “өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан” талаар маргаж байгаагүй байна.

            Түүнчлэн, нэхэмжлэгч Х.Е нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн, тус салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор нөөцөөс нэр дэвшиж, Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Цагааннур чөлөөт бүсийн захирагчийн албаны ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлт, архитектор төлөвлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд анх томилогдсон,  Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар  “аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжин ажиллах болсон” гэх үндэслэлээр, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, нэхэмжлэгчээс “... өмнөх даргыг томилж, чөлөөлсөн шийдвэрүүд /хүчинтэй/ байхад ... намайг томилох эрхгүй гэж би ойлгоогүй, ... миний буруу байхгүй /байхад/... төрийн жинхэнэ албан хаагч намайг шууд ажлаас чөлөөлж, уг албан тушаалд өөр этгээд томилсон нь ... хууль бус” гэх тайлбарыг шүүх хүлээж авах үндэслэлтэй байна.

            Учир нь, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б/504 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Г.М-ыг аймгийн “Ерөнхий архитектор”-ын албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах журмыг зөрчиж, сонгон шалгаруулалт зарлаагүй, сонирхогч этгээдүүдийг өрсөлдүүлэлгүй шууд томилсон нь уг албан тушаалд ажиллаж байсан Х.Е-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлтэй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/472 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэрийг уг хэсэгт холбогдуулж нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх уг асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

            Эдгээр үндэслэлээр хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баян-өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0022 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0391 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Е-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/504 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг “аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитекторын албан тушаалд Х.Е-ыг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3.225.717 /гурван сая хоёр зуун хорин таван мянга долоон зуу арван долоо/ төгрөгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА