Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-09
Дугаар 357
Хэргийн индекс 128/2016/0949/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч Б.А
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ХУД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Б.Б
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр, хариуцагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0497 дугаар магадлалтай, Б.А-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б\128 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.А-т 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 4 сар 00 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.419.488 /таван сая дөрвөн зуун арван есөн мянга дөрвөн зуун наян найм/ төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас гаргуулж, нэхэмжлэгч Б.А-т олгон, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, 3.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд Б.А-ийг томилохыг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0497 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрийн нэг дэх заалтын “Б/128 дугаар” гэсний дараах “тушаалыг хүчингүй болгосугай” гэснийг тушаалын 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгож, Б.А-ийг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргаар томилохыг тус хэлтсийн даргад даалгасугай.” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/128 дугаар тушаалын нэг дэх заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч шүүх уг асуудлаар хуульд үндэслэсэн дүгнэлт хийсэнгүй.

Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаан дээр “ажилд эгүүлэн томилуулах” гэдгээ “Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргаар томилуулах” гэж тодруулсан бөгөөд шүүх хуралдаан дуусч, шүүх шийдвэрээ гаргахаар завсарлаж, зөвлөлдсөн. Энэ хүртэл нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хувьд хариуцагчаар “Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргыг” татах хүсэлт гаргаагүй юм. Гэтэл шүүх зөвлөлдсөний дараа шүүгч хуралдааныг хойшлуулж, өөрийн санаачлагаар тус хэрэгт хамтран хариуцагчаар “Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга”-ыг татаж оролцуулах тухай захирамж гаргаж, уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан. Шүүгчийн энэхүү захирамж гарсны дараа л нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөр огноолсон нэхэмжлэлийн шаардлагаа “миний ажиллаж байсан албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц дэх Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд хэвээр хадгалагдаж үлдсэн байна. Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд томилохыг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст даалгаж өгнө үү” гэсэн тодруулгыг шүүхэд гаргасан болох нь хэрэгт авагдсан байгаа. Анхан шатны шүүх өөрийн санаачлагаар хамтран хариуцагч татах захирамж гаргаснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 20.1.1, 52 дугаар зүйлийн 52.2.3, 52.2.4 гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн агуулга, шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний тайлбаруудад “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сaйд намайг ажлаас чөлөөлсөн тушаалдаа, тэтгэмж олгохыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний санхүүд даалгаж болж байгаа шигээ ажлын байраар хангахыг холбогдох доод шатны байгууллагадаа даалгах боломжтой байсан” гэж маргаж, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар “Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн албаны даргаар томилуулахыг доод шатны байгууллага болох Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргад даалгах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байсан. Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргыг хариуцагчаар татан оролцуулсан. Гэхдээ дээрх захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчээс ямар ч зөвшөөрөл, хүсэлт авалгүйгээр захирамж гаргасан нь мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийг баримталсан байгаагаас үзвэл шүүх мэтгэлцэх зарчмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах журмыг зөрчсөн нь тодорхой байна. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг гомдлын агуулгад дүгнэлт хийлгүйгээр гомдлыг хангахгүй орхисон нь шүүхийн  шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Уг гомдлыг хангагдвал шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэж байна.

Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн албаны  тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Анхан шатны шүүхээс шинээр байгуулагдсан Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргыг томилоход шалгаруулалт явуулаагүй гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримталж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх Б/128 дугаар тушаалын 2, 3 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг баримтлан хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

2.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн нөхцөл байдлыг буруу тодорхойлсон болохыг давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар тухайн үед Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Б-г томилсон. Гэтэл шүүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Б-г томилохдоо нэхэмжлэгч Хөдөлмөрийн салбарын мэргэшсэн албан хаагч /шүүгчийн тодорхойлсноор/ Б.А нарын хоорондын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах журамтай байхад шалгаруулалт явуулаагүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болсон гэж  үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагад хамааралгүй, хэргийн оролцогчид маргаагүй асуудлаар дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх буруу, гомдол үндэслэлтэй гэсэн боловч шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.  

2.2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримталсан нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу нийслэлийн Засаг даргын 2016 оны “Хууль хэрэгжүүлэх тухай” А/653 дугаар захирамжаар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг байгуулсан. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нэгэнт татан буугдсан, хэлтсийн даргын албан тушаал байхгүй болсон тул Б.А-ийг Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь сайд болон шүүхэд шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргаар томилуулах хүсэлт гаргаагүй байхад албаны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Учир нь хэлтсийн албаны даргыг томилох шийдвэрийг сайд гаргадаггүй, хэлтсийн даргын эрх хэмжээ боловч, уг албан тушаалд тоимлохдоо мөн л ажлын байр нь хадгалагдаж тухайн хэлтсийн албан хаагчид албаны дарга, ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан албан хаагчдаас шалгаруулж томилох ёстой гэж үзэж байна.

2.3. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгчийг Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу цалинтай чөлөөтэй байсан” гэж дүгнэсэн гэж гомдол гаргасан байхад уг гомдлоор мөн л дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй болно. Шүүх нэхэмжлэгчийг Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу чөлөөтэй байсан өрөөсгөл дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн сайдын 2016 оны Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгохдоо баримтлаагүй байгаа ч уг хуулийн заалтыг хэрэглэх боломжгүйг хариуцагч дараах байдлаар тайлбарласан. Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Сонгуулийн хороодын ажилтан, албан тушаалтныг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” 29.3-д “Сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажиллаж байгаа төрийн байгууллага цалинтай чөлөө олгоно” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно” гэж тус тус заасан. Дээрхээс үзвэл ажилтанд чөлөө олгох асуудлыг ажил олгогч болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тушаалаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Гэтэл хавтаст хэрэгт нэхэмжлэгчид чөлөө олгосон тухай ямар ч нотлох баримт байхгүй, харин ч чөлөө олгох талаар ажил олгогчийн ямар ч шийдвэр гараагүй байсан тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Зүй нь энэ талаар шүүх холбогдох нотлох баримтыг цуглуулах ёстой байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална: 35.1.1 төрийн байгууллагын сонгуульт үүрэг гурван сар хүртэл хугацаагаар гүйцэтгэж байгаа гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан тохиолдолд ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтныг чөлөөлөхийг хуулиар ч хориглох боломжгүй тул нээлттэй үлдээсэн байна. Дээрх байдлаар байгууллага татан буугдсан, тухайн ажлын байр байхгүй болсон тохиолдолд ажил олгогч ажлын байрыг хадгалахгүй байж болох тохиолдлуудыг хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулсан байна. Харин Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг нь сонгуулийн хороонд ажиллаж буй төрийн албан хаагчийн улс төрийн баталгааг хангасан зохицуулалт хэдий мөн боловч тухайн байгууллага нь татан буугдсан байхад, сонгуульт ажил эрхэлсэнтэй нь холбогдуулалгүйгээр ажилтныг чөлөөлөхөд баримтлах хуулийн зохицуулалт биш юм. Нэхэмжлэгч талын хууль зүйн гол үндэслэлээ болгосон Сонгуулийн хуулийг анхан шатны шүүх хэрэглээгүй боловч, дүгнэлтдээ хариуцагчийг буруутгасан, хариуцагч тал давж заалдах гомдлын үндэслэл болгож Сонгуулийн хуулийн холбогдох заалт уг маргаанд хэрэглэгдэх боломжгүй гэж маргасан. Гэвч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн үндэслэлгүй дүгнэлтийн талаар магадлалдаа огт дүгнэлт хийгээгүй тул захиргааны байгууллагын буруу, зөв болох цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байх тул хяналтын шатны шүүх уг асуудалд дүгнэлт хийж өгнө үү.

Гурав. Даалгах нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүй байсан эсэхииг тогтоогоогүй. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахыг хүсч, энэ нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол сэргээгдэх боломжтой эсэх, хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох, улмаар даалгах нэхэмжлэл байгаа эсэх”-ийг нягталж асуусан. Учир нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувьд хангагдах нь ойлгомжгүй байсан. Өөрөөр хэлбэл шүүх ажлаас чөлөөлсөн шийдвэр буюу сайдын 2016 оны Б/128 дугаар тушаалыг хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаал болох Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд нь тогтоох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаал байхгүй тул шүүх ажлаас чөлөөлөхөөс өмнө ажиллаж байгаагүй Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд томилохыг даалгах шийдвэрийг гаргасан. Зүй нь шүүхээс нэхэмжлэгчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны даргын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд заавал хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байгаа эсэхийг шалган, тогтоох ёстой байсан. Гэтэл шүүх хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, эс үйлдэхүйг холбогдох нотлох баримтыг үндэслэж тогтоогоогүй. Энэ талаар хариуцагчаас тайлбар авалгүйгээр, тэр ч бүү хэл хууль бус үйлдэхүй байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийн шаардлага ч байхгүй байхад үүний дараа шийдвэрлэгддэг даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Сайд нэхэмжлэгчид тэтгэмж олгосон эсэхээс үл хамаараад нэхэмжлэгч нь Төрийн албаны хуульд зааснаар нөөцөд бүртгэгддэг, томилох эрх бүхий этгээд болох Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад ажилд томилуулах хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой, эрх нь нээлттэй байсан. Гэтэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн шийдвэрлэх асуудлын талаар сайдад хандсан нь үндэслэлгүй болно.

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/128 дугаар тушаалаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.А-ийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож, хэлтсийн даргын ажлыг зохих журмын дагуу хүлээлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс “бүтэц орон тоо өөрчлөгдсөн боловч чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа тул үргэлжлүүлэн ажиллах ёстой” гэж, хариуцагч “Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, хэлтсийн даргын албан тушаал байхгүй болсон” гэж маргасан байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар батлагдсан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны  даргын албан тушаалд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан тохиолдолд нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэлтсийн албаны даргыг томилох шийдвэрийг сайд гаргадаггүй, хэлтсийн даргын эрх хэмжээ, ...албан хаагчдаас шалгаруулж томилох ёстой” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай холбогдуулан анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт нийцсэн, шүүхийн шийдвэр биелэгдэх нөхцөл буюу тухайн албан тушаалд томилох эрх бүхий этгээдийг татан оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

 Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0497 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН