Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-09
Дугаар 335
Хэргийн индекс 112/2017/0002/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "А х" ХХК
Хариуцагч Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

“А х” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0418 дугаар магадлалтай, “А х” ХХК-ний нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Алтай Хүдэр ХХК-ний нэхэмжлэлтэй, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 08-06-020/07/23 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0418 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “5.3” гэсний дараа “Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 26 дугаар зүйлийн 26.2.4, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 7, мөн зүйлийн 4 дэх хэсэгт” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшингийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “А х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0418 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон гомдол гаргаж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давах гомдлыг хянаад, мэргэжлийн хяналтын улсын байцаагч хамааралгүй хуулийн заалтыг буюу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг удирдлага болгосон нь тухайн актын үндэслэлд нийцэхгүй байгаа талаар зөв дүгнэсэн хэдий ч Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 26 дугаар зүйлийн 26.2.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Учир нь, “А х” ХХК нь ажилтнуудынхаа цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр шимтгэлийг тооцон тухай бүр харьяа нийгмийн даатгалын хэлтэст үнэн зөв тайлагнаж ирсэн бөгөөд нэхэмжлэгч Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэх үйл баримт хэргийн материалд байхгүй, талуудын маргааны зүйл ч биш юм.

Түүнчлэн, “А х” ХХК нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актын хууль зүйн үндэслэлийг үл хүлээн зөвшөөрч уг алдаатай захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь нийгмийн даатгалын байцаагчийн хуулиар олгосон эрхийг эдлэх эрхтэй мэтээр тайлбарласан нь ойлгомжгүй, хууль хэрэглээний хувьд алдаатай байгаа юм.

Иймд, шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхүүд хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

            Говь-Алтай аймгийн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Ц “А х” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уурхайн үйл ажиллагаанд “Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд” хяналт, шалгалт хийж, улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08-06-020/07/23 дугаар актаар “... /хавсралтад заасан нэр бүхий 10 эх, хөдөлмөрийн чадвар түр алдсан 20 хүний/ жирэмсэн, амаржсан, хүүхэд асрах чөлөөтэй эх, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжтэй байх хугацааны шимтгэлийг төлөхдөө уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлснөөс тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн” гэх зөрчил тогтоон, “нийт 1,733.1 мянган төгрөгийг /”А х” ХХК-иар/ нөхөн төлүүлэхээр” тогтоосон, нэхэмжлэгчээс “... /хуулийг буруу тайлбарлаж/ акт тогтоосон, ... нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3.2..., ... Геологи, уул уурхайн салбарын 2015-2016 оны хамт/тариф/-ын хэлэлцээрийн ... 3.1.2 -т ... заасныг зөрчсөн /тул/ акт тогтоосон ... нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

            Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтоох”-оор заасны дагуу  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр “... хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ... нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө байхаар” буюу сард 192,000 төгрөгөөр тухайн үед тогтоосон, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр энэ хуулийн 5.1-д заасан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болох”-оор заасны дагуу Уул уурхайн яам, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монгол нүүрс ассоциаци нарын төлөөлөл хамтран “Геологи, уул уурхайн салбарын 2015-2016 оны хамт/тариф/-ын хэлэлцээр” баталсан, уг хэлэлцээрийн 3.1.2.-т “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ... /384,000 төгрөгөөр/ тогтоосон...” байна.  

Нэхэмжлэгч “А х” ХХК нь уурхайн ажилчдад цалин хөлс олгохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ хэлэлцээрээр тогтоосон 384,000 төгрөгөөс доош тогтоогоогүй, маргаан бүхий захиргааны актын хавсралтад дурдагдсан нэр бүхий 30 албан хаагчид тэднийг үүрэгт ажлаа гүйцэтгэж байх хугацаанд нь цалин хөлсийг 384,000 төгрөгөөс дээш тогтоон олгосон,  талууд энэ талаар маргаагүй байна.

            Өөрөөр хэлбэл, талууд “цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний тогтоосон доод хэмжээнээс доогуур тогтоон олгосон”-той холбоотой асуудлаар маргаагүй, харин ажилтны ажил, албан тушаал эрхлээгүй, цалин хөлс олгогдохгүй байх үед хуульд заасан үндэслэлээр нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлөхдөө Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны, эсхүл “Геологи, уул уурхайн салбарын 2015-2016 оны хамт/тариф/-ын хэлэлцээр”-ийн “алинаас нь тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлах” талаар маргажээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ын 3/-т “тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаа”, 7/-д “...хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа”-ны шимтгэлийг байгууллага нь тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлөхөөр, мөн хуулийн 5 дугаар зүйлд “... /дээрх/ хугацааны шимтгэл төлөх журмыг Засгийн газар тогтоох”-оор, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2-ын в-д “хүүхдээ асрахаар тэтгэмжтэй чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг аж ахуйн нэгж байгууллага нь Засгийн газраас тогтоон, тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож, сар бүр ... төлөх”-өөр тус тус зааснаас үзвэл, ажилтаны ажил үүргээ гүйцэтгээгүй буюу цалин хөлс олгогдоогүй зарим хугацаанд дээрх хууль тогтоомжид заасан тухайн тохиолдолд ажил олгогч “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ”-нээс зохих хувиар тооцож төлөх үүрэгтэй, энэ нь ажилтанд цалин хөлс олгохтой хамааралгүй, өөр бусад тохиолдолд “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэрэглэх”-тэй холбоотой харилцаа байна.

            Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэрэглэхтэй холбогдсон бусад хуулийн заалтыг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөрдлөг болгоно” гэж, ажил олгогчоос ажилтанд цалин хөлс олгохоос өөр бусад асуудлаар “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэрэглэх” тохиолдолд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлахаар шууд заасан, тухайн тохиолдолд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард “192,000 төгрөг”-өөр тогтоосон акт хүчинтэй байхад “384,000 төгрөгөөр тооцоогүй” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй, маргаан бүхий захиргааны акт дээрх хуулийн заалтуудад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, “Геологи, уул уурхайн салбарын 2015-2016 оны хамт/тариф/-ын хэлэлцээр”-ийн дагуу тогтоосон салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 384,000 төгрөг нь тухайн салбарт ажиллаж буй ажилтанд ажил үүргээ гүйцэтгэсний төлөө сар бүр олгох цалин хөлсний доод хэмжээний зохицуулалт бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй, цалин хөлс олгогдоогүй үед нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцаанд хэрэглэгдэхгүй болно.

            Шүүхүүд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаж хэрэглээгүй, маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, ажилтанд цалин хөлс олгох харилцаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, олгосон цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой хуулийн заалтууд болох Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримталж, маргааныг шийдвэрлэсэн нь буруу байна.

Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй, шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0418 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08-06-020/07/23 дугаар актыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А х” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА