Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-02
Дугаар 334
Хэргийн индекс 158/2017/0004/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Г.Б
Хариуцагч Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Тулга нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0396 дугаар магадлалтай, Г.Б-гийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.4, 17.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн сул ажлын байранд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг ажил, албан тушаалд Г.Б-г томилохыг тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нямчимэгт даалгаж,

 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ийн 5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үлдэх хэсэг “ажилгүй байх хугацааны цалинг магадлагч эмчийн цалингийн сүлжээ шатлалаар нийгмийн даатгалын шимтгэлийн хамт тооцож олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0396 дугаар магадлалаар:  Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Г.Б-гийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд гаргасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийп 221/МА2017/0396 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж шатны шүүх хариуцагч байгууллагын гомдолд дурдсан Г.Б нь Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон бөгөөд түүний шийдвэрээр чөлөөлөгдсөн. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу өөр ажил албан тушаалд томилох нь түүний эрх хэмжзэний асуудал гэдгийг анхаарч үзээгүй.

Төрийн албаны Булган аймаг дахь салбар зөвлөлийн нөөцийн сангийн бүртгэлд Г.Б нь магадлагч эмчийн нөөцөд бүртгэлтэй тухай баримт байхгүй. Г.Б-г төрийн албаны нөөцөөс шууд томилох боломжгүй, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д зааснаар нөөцөд бүртгэлтэй буюу ажиллаж байгаа хүмүүсээс сонгон шалгаруулж авна гэсэн заалтын дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс дүгнэлт, гарч томилогдох байтал ийм дүгнэлт гараагүй, санал ирээгүй байхад авахыг даалгаж буй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна

Мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар бүтэц орон тоо, цалингийн сандаа багтаан ажилтныг томилох эрхийнхээ хүрээнд магадлагч эмчийн орон тоонд тэтгэмжийн байцаагч ажиллуулж ажлын ачааллыг тэнцвэржүүлсэн байхад Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн бүтэц орон тоо батлах тухай А/03 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан байна. Уг жагсаалтаас үзэхэд магадлагч эмчийн орон тоо 1 байхад томилохоос татгалзсан нь үндэслэлгүй гэсэн нь дээрх тушаалыг Төсвийн тухай хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг хянуулахаар хяналтын шатанд гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/167 дугаар тушаалаар Г.Б-г Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/198 дугаар тушаалаар “... Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Б-г ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан” Г.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

            Г.Б нь Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад хандан “... миний ажилласан хугацаа, мэргэжлийн харгалзан магадлагч эмчийн сул орон тоонд ажиллуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан, тус хэлтсийн даргаас “... сул орон тоо байгаа хэдий ч ... таны хувьд хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа  төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн ... сахилгын арга хэмжээ авагдсан ... тул цаашид хамтран ажиллах боломжгүй” гэж хариу өгсөн, нэхэмжлэгч Г.Б нь уг шийдвэрийг эс зөвшөөрч “... Хөдөлмөрийн хуульд ... зааснаар намайг ажлын байраар хангах боломжтой байтал ... үндэслэлгүйгээр татгалзсан” гэж, хариуцагчаас “... Төсвийн тухай хууль ... –д зааснаар ...цалингийн санд багтаан  /магадлагч эмчийн ажлыг хавсран гүйцэтгэх/ боломжтой, ... Г.Б нь ... магадлагч эмчээр ажиллах ёс зүйгүй, ... магадлагч эмч нь ... дотрын эмчээр мэргэшсэн байх шаардлагатай ... Г.Б нь ерөнхий эмчийн мэргэжлээр төгссөн ... тул магадлагч эмчээр ажиллуулах боломжгүй” гэх зэргээр маргажээ.

            Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах”-аар заасан, ажлаас үндэслэлгүйгээр халагдсан төрийн албан хаагчийг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох тохиолдолд тухайн албан тушаалд томилогдон ажиллаж байсан албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хуулиар тусгайлан зохицуулаагүй тул уг асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримталж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх”-өөр заасан, маргааны үйл баримтад холбогдох тухайн тохиолдлыг хуулиар нэгэнт нарийвчлан зохицуулсан байх тул хариуцагч “бололцоотой” тохиолдолд “өөр ажил олж өгөх үүрэгтэй” гэж ойлгоно.  

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст “магадлагч эмч”-ийн сул орон тоо байгаа, нэхэмжлэгч Г.Б нь эмч мэргэжилтэй, 2008-2013 онд тус хэлтэст магадлагч эмчээр ажиллаж байсан, 2009 онд төрийн жинхэнэ албаны шалгалтанд орж тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн, 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч байх тул тухайн тохиолдолд, өмнө нь хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Б-г шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нэхэмжлэгч Г.Б-г өөр ажилд буюу магадлагч эмчийн албан тушаалд хариуцагч томилох “бололцоотой”, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг магадлагч эмчийн албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчаас “...Г.Б-г төрийн албаны нөөцөөс шууд томилох боломжгүй, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д зааснаар нөөцөд бүртгэлтэй буюу ажиллаж байгаа хүмүүсээс сонгон шалгаруулж авна гэсэн заалтын дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс дүгнэлт, гарч томилогдох байтал ийм дүгнэлт гараагүй, санал ирээгүй байхад ажилд авахыг даалгаж буй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэл нь иргэнийг анх ажилд томилох зохицуулалт биш, ажиллаж байсан албан хаагчийг өөрөөс нь үл шалтгаалах үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухайн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан (төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах) зохицуулалтыг хэрэглэхгүй.

Түүнчлэн, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалаар батлагдсан Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтаас үзвэл, магадлагч эмчийн нэг орон тоо батлагдсан байх тул уг албан тушаалын сул орон тоонд Г.Б-г томилохыг шүүхээс даалгасан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан “...батлагдсан ... орон тооны хязгаарт багтаан ... ажилтныг томилох” төсвийн шууд захирагчийн эрх, үүрэгт харшлахгүй, энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Г.Б нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны Б/146 дугаар тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл хүлээсэн үйл баримт нь түүнийг магадлагч эмчийн албан тушаалд томилохоос татгалзах үндэслэл болохгүй талаар зөв дүгнэлт хийсэн,  энэ талаар хариуцагчаас гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Эдгээр үндэслэлээр, хариуцагч Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нямчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0396 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА