Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-09-25
Дугаар 315
Хэргийн индекс 128/2016/0986/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч Д.Г
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0382 дугаар магадлалтай, Д.Г-ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасныг тус тус баримтлан Д.Г-ын нэхэмжлэлээр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан гаргаснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Г-ыг урьд эрхэлж байсан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний үүрэгт ажилд томилохыг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаа буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх нийт 5 сар 20 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 3.397.343 /гурван сая гурван зуун ерэн долоон мянга гурван зуун дөчин гурван/ төгрөгөөс 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 1803417 /нэг сая найман зуун гурван мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөгийг хасаж тооцож нийт 1593926 /нэг сая таван зуун ерэн гурван мянга есөн зуун хорин зургаан/ төгрөгийг Д.Г-д олгохыг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0382 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Нэхэмжлэгч Д.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр дор дурдсан гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0382 дугаар магадлалд сонгон шалгаруулалт явуулсан эсэх талаарх нотлох баримтыг гаргуулан аваагүй байна гэж дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцэхгүй байна.

Учир нь анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сонгон шалгаруулалт явуулсан эсэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “сонгон шалгаруулж аваагүй” гэж хариулсан. Мөн шүүх хуралдаан даргалагч сонгон шалгаруулалт явуулсан эсэх талаар асуухад бид дотооддоо хэлэлцээд сонгож авсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ үйл баримт хавтаст хэргийн 152 дугаар хуудсанд шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байна.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь 19 дүгээр хороо хариуцсан мэргэжилтнийг томилохдоо сонгон шалгаруулалт явуулаагүй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдсон байхад огт болоогүй, хийгдээгүй, явагдаагүй сонгон шалгаруулалтын тухай байхгүй баримтыг гаргуулахаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж байгаа нь шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчиж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нотлох баримт нь ... хэргийн оролцогчийн тайлбар мэдүүлэг ... шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр нотлогдоно” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар сонгон шалгаруулалт явагдаагүй болох нь нотлогдсон байна.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ” гэж заасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бол энэ тухай нотлох баримтаа, ялангуяа давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгоод байгаа сонгон шалгаруулалт явуулсан эсэх талаарх баримтаа гаргаж өгөх хангалттай хугацаа байсан нь захиргааны хэрэг үүсгэсэн, хэргийг шийдвэрлэсэн хугацаагаар тогтоогдоно. Нэгэнт дээрх үйл баримт болоогүй болохоор гаргаж өгөх баримт байхгүй байсан.

Ажлаас халагдсан, өрх толгойлсон эмэгтэй энэ хэргийн нэхэмжлэгч нөгөө талд нь бүхэл Захиргаа түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалсан өмгөөлөгч ажилласан, тэдэнд нотлох баримт гаргах хангалттай хугацаа, боломж байсан. Мөн шаардлагатай гэвэл шүүхэд хүсэлт гаргах эрх нь хариуцагчид нээлттэй байсан, гэвч дээрх баримт байхгүй, сонгон шалгаруулалт хийгдээгүй тул ийм хүсэлт гаргаагүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүхийн “... 19 дүгээр хороонд Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний албан тушаалд ажиллаж байгаа гэх н.Д нь хуульд заасан шаардлагыг нэхэмжлэгчээс илүү хангаж байгааг нотлох, түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сонгон шалгаруулалтыг явуулсан талаарх холбогдох баримт байгаа мэтээр тайлбарлах боловч тэдгээр нь хэрэгт огт авагдаагүй байна. Иймд шинэ бүтцээр бий болсон албан тушаалд томилогдсон албан хаагч нь мэргэшил, ур чадвар, дадлага, туршлагын хувьд нэхэмжлэгчээс илүү эсэхийг хэрхэн шалгаруулж авсан талаарх нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр ... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй” гэх дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагчаас Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо хариуцсан мэргэжилтнийг томилохдоо тухайн албан тушаалд нэхэмжлэгч болон тус хороонд ажиллаж байсан бусад мэргэжилтний хооронд сонгон шалгаруулалт хийгдээгүй болох нь нотлогдож байхад давж заалдах шатны шүүх “хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сонгон шалгаруулалтыг явуулсан талаарх холбогдох баримт байгаа мэтээр тайлбарлах боловч тэдгээр нь хэрэгт огт авагдаагүй байна” гэж буруу дүгнэжээ.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан сонгон шалгаруулалт нь зөвхөн тухайн ажлын байранд ажиллаж байсан албан тушаалтнуудад хамааралтай болохыг давж заалдах шатны шүүх анхаарахгүйгээр 19 дүгээр хорооны мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Г-ын оронд 13 дугаар хороонд мэргэжилтнээр ажиллаж байсан н.Д-г томилон ажиллуулахдаа шалгаруулж авсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт үндэслэн хэрэгт хамааралгүй баримтыг ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн эрхэлж байсан мэргэжилтний орон тоо хасагдсан биш цөөрсөн, энэ тохиолдолд хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэснийг хэрэгжүүлэх үүрэгтэй талаар зөв дүгнэжээ.

Харин хариуцагч 19 дүгээр хороог хариуцан ажиллаж байсан нэхэмжлэгч болон н.Б нарын хооронд сонгон шалгаруулалт хийлгүйгээр өөр хороонд /13 дугаар хороонд/ ажиллаж байсан н.Д-ыг маргаж буй ажлын байранд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөрчсөн, энэ үүргээ хэрэгжүүлээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Анхан шатны шүүх нотлох үүргийг хэрэгжүүлэх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулсан, маргааны үйл баримтад хамаарал бүхий Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд, нэхэмжлэгчийн “... байхгүй баримтыг гаргуулахаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцаасан...” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0382 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ