Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-11
Дугаар 371
Хэргийн индекс 128/2015/0890/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч З.Ш
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд "М К" ХХК, "К Б" ХХК, "УБ х б" ХХК
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

З.Ш-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа, Э.Жаргал нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 163 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0413 дугаар магадлалтай, З.Ш-гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 163 дугаар дугаар шийдвэрээр:  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “М К” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Blue Sky”  хотхоны 44А байрны 10 тоот 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 167 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр З.Ш-г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг  З.Ш-гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлага бүхий  З.Шгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0413 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: З.Ш-гийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт өмгөөлөгч Г.Мөнхболд миний бие нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 163 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0413 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч З.Ш нь 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “М к” ХХК-тай “орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн тойруу хаягт байрлах Хөх тэнгэр хотхоны 44А байрны 1 дүгээр орцны 10 тоот, 132 м.кв талбай бүхий орон сууц, 44А байрны зоорийн давхарт байрлах 167 тоот автомашины зогсоолыг захиалан бариулж төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Улмаар 2011 онд нүүж орсноос хойш одоог хүртэл амьдарч байна. Орон сууц захиалах гэрээний дагуу “М к” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/04661 дугаар захирамж гарч З.Шг дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон болно. Гэтэл Хан-Уул дүүргийн эрхийн бүртгэлийн тасаг дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд барьцааны эрх бүртгэгдсэн байна хэмээн түүний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулахаас татгалзсан. Энэ татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна

Магадлалын хянавал хэсэгт:

“...орон сууцыг 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ/0003/100519 тоот гэрээгээр Улаанбаатар хотын банкинд, авто зогсоолыг мөн оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Т07/141 тоот барьцааны гэрээгээр К банкинд тус тус зээлийн гэрээний барьцаанд тавьсан, өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс өмнө байгуулагдсан эдгээр барьцааны гэрээ одоог хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй хэвээр төдийгүй нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

...Баянгол,   Хан-Уул,   Сонгинохайрхан  дүүргийн  иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/04661 дүгээр шүүгчийн захирамж гарсан ч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр “М к” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид өмчлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болохгүй.

... Хуулийн энэхүү зохицуулалтаас дүгнэхэд хариуцагчаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр барьцаалсан нэр бүхий барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр  эрхийн улсын бүртгэлд  өмчлөгчийг  өөрчлөн  бүртгэх  боломжгүй, шүүхийн зүгээс ч ийнхүү бүртгэхийг даалгах үндэслэлгүй болно” хэмээн хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлгүй, алдаатай дүгнэлт хийсэн байна.

Маргаж буй орон сууцны барилгыг барьцаалсан “У б” ХХК-ийн уг барьцаагаар хангагдах үүрэг буюу Зээлийн гэрээний харилцаа нь 2013 онд бүрэн дуусгавар болсон. Тодруулбал, УБ х б-ны 2010 оны ЗБГ0003/100519 дүгээр гэрээний барьцаагаар хангуулах үүрэг болох Зээлийн үүргийг “К б” ХХК нь өөрт шилжүүлэн авч, энэ тухай холбогдох гэрээг байгуулсантай холбоотойгоор тус банкны барьцааны эрх дуусгавар болсон. Энэ талаар холбогдох нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдсан байх ба гуравдагч этгээд “УБ х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын энэ үйл баримтын талаарх хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасанчлан барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж үзэх тул “УБ х б” ХХК-ийн барьцааны эрх дуусгавар болоогүй гэх шүүхийн дүгнэлт алдаатай болох нь тодорхой юм.

Нэгэнт дуусгавар болсон нь тодорхой байгаа барьцааны эрхийн бүртгэлийг барьцаалагч “УБ х б” ХХК чөлөөлөх талаарх зөвшөөрөл мэдэгдлээ бүртгэлийн байгууллагад гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр татгалзаж буй хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эрхийн улсын бүртгэгчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч Э.Лхагвасүрэн нь “УБ х б” ХХК-иас орон сууцны зээл авсан бөгөөд зээлийн харилцаа одоо үргэлжилж буй хэвээр тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тус шүүгчийг хэргийн оролцогчтой хувийн харилцаатай буюу ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт тавьсан боловч шүүх бүрэлдэхүүн уг харилцааг ашиг сонирхлын зөрчил бус гэж үзэж татгалзлыг хүлээн авах боломжгүйгээ мэдэгдэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно. Үүгээр шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3. 84.1.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0413 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 44А байрны 1 дүгээр орцны 10 тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, уг байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв 167 тоот автозогсоолын өмчлөгчөөр З.Шг бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Нэхэмжлэгч З.Ш нь “М к” ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 44А байрны 1 дүгээр орцны 10 тоот, 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, уг байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв 167 тоот авто зогсоолийг худалдан авахаар тохиролцсон, нэхэмжлэгч, гуравдагч этгээд “Мфикс капитал” ХХК-ийн хооронд дээрх гэрээ байгуулагдах үед эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд нь улсын бүртгэлийн дугаарт 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, улсын бүртгэлийн дугаарт 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус тус “М к” ХХК-ийн өмчлөлд, түүнчлэн, 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-гээр уг 4 өрөө орон сууц нь Улаанбаатар хотын банкинд, 2010 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн Т07/141 дугаар “Зээлийн барьцааны гэрээ”-гээр 167 тоот автозогсоол нь Капитрон банкинд тус тус барьцаалагдаж, улсын бүртгэлд тус тус бүртгэгдсэн, уг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлүүд хүчинтэй байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4661 дүгээр захирамжаар “.../дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн/ хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох З.Ш-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “М к” ХХК хүлээн зөвшөөрсөн .../тул/ хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “...өмчлөгчөөр З.Шг шүүх тогтоосон байхад хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд барьцааны эрх бүртгэгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль бус” гэж маргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох …/-ыг хориглох/”-оор, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “...мэдүүлэгт дурдсан ... эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол... /мэдүүлэг хүлээн авахаас татгалзах/”-аар, 19 дүгээр зүйлийн 19.2-т “...эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд ...-ийн зөвшөөрлийг заавал авсан байх”-аар тус тус заасан байх тул өмнө бүртгэгдсэн өмчлөх эрх, барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэл хүчинтэй, өмчлөх эрхийн бүртгэл өөрчлөгдсөнөөр “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох” барьцаалагчийн зөвшөөрөл аваагүй тохиолдолд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг З.Шгийн нэр дээр шилжүүлэн бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл дээрх хуулийн заалтуудад нийцсэн, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболдоос хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...маргаж буй орон сууцны барилгыг барьцаалсан “УБ б” ХХК-ийн уг барьцаагаар хангагдах үүрэг буюу зээлийн гэрээний харилцаа нь 2013 онд бүрэн дуусгавар болсон, ... Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасанчлан барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон /байхад/ ... дуусгавар болоогүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх боловч зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд зээлийн гэрээний дагуу үүссэн “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон эсэх” асуудлаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийхгүй, “...дуусгавар болсон нь тодорхой”, “...барьцааны эрхийн бүртгэлийг барьцаалагч “УБ х б” ХХК чөлөөлөх талаарх зөвшөөрөл мэдэгдлээ бүртгэлийн байгууллагад гаргаж өгөөгүй” гэх зэрэг үндэслэлээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд хамаарах барьцааны эрхийн бүртгэлийг “хүчингүй” гэж дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн, нийтийн үйлчилгээний аливаа байгууллагаас олон нийтэд санал болгосонтой ижил нөхцөл, болзол, үнээр үйлчилгээ авсан шүүгчийг тухайн байгууллагатай “хувийн харилцаа”, “ашиг сонирхлын зөрчил” үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгч “УБ х б” ХХК-иас орон сууцны зээл авсан  ... /-аар/ хэргийн оролцогчтой хувийн харилцаатай буюу ашиг сонирхлын зөрчилтэй.../байхад/ ... шүүгчийн татгалзах гаргах хүсэлтийг хангаагүй давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 163 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0413 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Ш-гээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА