Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-09
Дугаар 352
Хэргийн индекс 109/2016/0025/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч "Ж Ю" ХХК
Хариуцагч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Ж Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч В.У нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 109/ШШ2017/0028 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0496 дугаар магадлалтай, “Ж Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 109/ШШ2017/0028 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж Ю” ХХК-аас Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших “Ж Ю” ХХК-ийн 13402Х дугаар ашигт малтмалын хайгуулын талбайд 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахгүй байгаа Ихтамир сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахыг Ихтамир сумын Засаг даргад даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0496 дугаар магадлалаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Ж.Ж нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал дахь Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоол хэзээ хүчин төгөлдөр болсон талаарх дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэж буй дараах үйл баримт, хууль зүйн үндэслэл байна. Үүнд:

“Ж Ю” ХХК нь Архангай аймгийн Ихтамир сумын Мөнгөт нэртэй газарт 13402Х дугаар тусгай зөвшөөрлийн талбайг 2015 оны 2 дугаар сараас эзэмшиж эхэлсэн. Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” тогтоол гарч манай компанийн зүгээс Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар татаж “Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгох, хэвийн үйл ажиллагаа явуулах бололмжоор хангахыг даалгах” шаардлага бухий нэхэмжлэл гаргасан. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 31 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бухэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 582 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 63 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрыг тусгай хэрэгцээнд авах эрхтэй болохыг дурдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Давж заалдах болон хяналтын шатны шүүх магадлал болон тогтоолдоо хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэсэн үүрэгтэй болохыг онцолсон байдаг. Манай компани шүүхэд дээрх маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчныг хамгаалах мененжментийн төлөвлөгөөг батлуулахаар шуудангаар илгээсэн боловч хариу ирүүлээгүй учир 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлөвлөгөөг баталж өгөхийг хүссэн 16/45 тоот албан бичиг, мөн нөхөн олговор олгож өгөхийг хүссэн 16/46 тоот албан бичгийг хүргүүлсэн.

Гэтэл Засаг даргаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын оныг болон нэхэмжлэлийн шаардлагыг буруу бичсэн, гурван шатны шүүхийн шийдвэрийг огноо дугаартай дугаарлан бичсэн албан бичгийг ирүүлсэн.

Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын тамгын газар нь манай компанийн илгээсэн албан бичгийг шийдвэрлээгүйн дээр хариуцагч Ихтамир сумын Засаг дарга нь шүүх хуралдаан дээр тайлбар гаргахдаа нэхэмжлэгч нөхөн олговор олгохыг хүссэн албан бичигээ Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан гаргах ёстой гэсэн юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ажлын алба, Засаг даргаас бусад байгууллагатай харилцах гэсэн Тавдугаар бүлгийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 33.1.3-т “Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;”, 33.1.5-д “Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;”, хуульд заасан шийдвэрлэх ажлыг зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, албан бичгийг шийдвэрлээгүй орхигдуулсан /эс үйлдэхүй/ нь үндэслэлгүй тайлбараас илтэд харагддаг.

Мөн Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 65 тоот албан бичигт хариу хүргүүлсэн Ашигт малтмалын газрын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 6/3459 тоот албан бичиг болон Архангай аймгийн Засаг даргын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад илгээсэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/026 тоот санал хүргүүлэх тухай албан бичигт “... “Ж Ю” ХХК нь 2015 онд хайгуулын ажил хийх гэсэн боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 тоот “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” тогтоол гаран кадастрын бүртгэлийн системд бүртгэгдэн хэрэгжсэнээр тус компани хайгуулын ажил хийгээгүй болно” гэж бичсэнээс харахад тогтоол хэзээнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснийг илтгэнэ.

Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан тогтоол нь Монгол Улсын Дээд шүүхийн 63 дугаар тогтоол 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гарсанаар үйлчилж эхэлсэн байна. Тиймээс анхан шатны шүүх “... 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ... нөхөн олговрын талаар тохиролцохоор саналаа хүргүүлсэн нь нөхөх олговорыг нэг жилийн дотор олгоно гэсэн хуулийн хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна” гэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан, он цагийн дарааллыг хангалттай харгалзан үзсэнгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 тоот тогтоол 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтын 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалт “...нэг жилийн дотор төлнө” гэснээс үзвэл 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр, шүүхийн үзэж буй 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс тооцоход 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэг жилийн хугацаа дуусч байна. Ашигт малтмалын тухай хуулийн буюу хууль тогтоогчийн үзэл баримтлал нь тусгай хэрэгцээнд авсан ... тухайн шийдвэрийг гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг нэг жилийн дотор төлөх үүргийг ногдуулсан нь илтэд байхад шүүх нэг жилийнхээ дотор /дуусахаас өмнө/ тохиролцохоор саналаа хүргүүлсэн нь дээрх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүхийн хуралдааны явцад шүүгч хариуцагчаас тогтоол хүчин төгөлдөр болсон гэх он цагийн дараалал болон Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтын талаар тодруулан аль ч хугацаанаас тооцсон нэг жилийн хугацаа өнгөрсөн байгаа тухай асууж тайлбар гаргуулж байсан хэдий ч магадлалд энэ талаар туссангүй.

Хоёр. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Архангай аймгиин Ихтамир сумын нутагт орших “Ж Ю” ХХК-ийн 13402Х дугаар ашигт малтмалын хайгуулын талбайд 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахгүй байгаа Ихтамир сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тун энгийн бөгөөд тодорхой юм. Манай компани хуулийг хэрэгжүүлэх болон компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлуулах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших 13402Х тоот талбайд 2016, 2017 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг сумын Засаг даргаар батлуулахаар хүргүүлсэн. Сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дуүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасныг эс биелүүлж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлээр цуцлаагүй, цуцлах үндэслэл үүсээгүй, түүнчлэн дээрх тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон цуцалснаас үл хамааран Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар энэ хуулийн 38, 39, 45 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасан учир төлөвлөгөөний өөрчлөлтийг батлуулахаар  хандаж байгаа гэдгийг нэхэмжлэлдээ онцолсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлдээ нөхөн олговрыг төлүүлэх талаар шаардлага гаргаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нөхөн олговрыг нэг жилийн дотор төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй хуулийн зохицуулалт байгаа гэдгийг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдаж байсан.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн 91 дүгээр захирамж 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Тухайн өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт заасны дагуу шүүх хуралдааныг нээж, анхан шатны шүүх хуралдааны дэгийн дагуу шүүх хуралдааны ирц, оролцох эрхийг шалган хэргийн оролцогчдод эрх үүргийг тайлбарлаж, оролцогчоос хүсэлт байгаа эсэхийг тодруулахад ... хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас лавлагаа гаргуулах хүсэлтээсээ татгалзаж шүүх хурлыг хойшлуулахгүй хийх нь зүйтэй гэж үзээд талуудад ямар нэгэн хүсэлт, шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны хэргийг хянан хэлэлцэж шүүгч зөвлөлдөх тасалгаанд орсон.

Гэтэл шүүгч 91 дүгээр захирамж гаргасан бөгөөд захирамжид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана”, 111.2 дахь заалтыг удирдлага болгосон атал 96 дугаар зүйлийн 96.2 “шүүх хуралдааны явцад” нэмэлт нотлох баримт зайлшгүй хэрэгтэй болсон ... гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэсэн заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгч зөвлөлдөх тасалгаанд орсны дараа шийдвэр гаргах тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана” гэж тодорхой зохицуулалтыг бий болгосон. Үүнтэй холбогдуулан нотлох баримт гаргуулах шаардлагатай хэмээн хурлыг хойшлуулдаг байдлыг үгүй болгохын тулд “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг” гэсэн үе шатыг гарган ирэхийн зэрэгцээ тус хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “шүүх хуралдааны явцад” гэж тухайлан тодотгож өгсөн байна. Тодруулбал, 96 дугаар зүйлийн зохицуулалт нь шүүх хуралдааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагчийн тайлбарыг нотлох нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд зайлшгүй гаргах шаардлагатай байна гэж үзсэн тохиолдолд хэргийн оролцогч шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хүсэлт гарган шийдвэрлүүлэхтэй холбоотой гэж ойлгогдохоор байна.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад огт байхгүй нөхөн олговрын асуудлаар шүүх өөрийн санаачилгаар ажиллагаа хийж 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлбар нотлох баримт гаргуулах тухай албан бичгийг илгээсэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тайлбар хүргүүлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 18-ны 02 тоот албан бичигтээ “Бид төлбөрийн талаар тохиролцоё гэхээр холбогдох утас факс байхгүй Сумын засаг даргын зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмалын газарт лицензийг хүчингүй болгох талаар албан тоот бичгүүдийг явуулаад хариу ирүүлээгүй байгаа” “Бид тусгай хэрэгцээнд аваагүй иргэдийн санал санаачлагын дагуу унаган байгалиар нь хамгаалах зорилгоор орон нутгийн хамгаалалтад авсан” гэсэн хариуг ирүүлсэн.

Түүнчлэн хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа мөн адил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 06 тоот “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” тогтоолыг гаргахдаа байгалийг унаган төрхөөр нь хадгалах хамгаалах зорилготой гаргасан “тусгай хэрэгцээнд” аваагүй нөхөн олговрыг олгох үндэслэлгүй гэж байсан зэргээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхнаасаа нэхэмжлэгчтэй нөхөн олговрын талаар тохиролцох санал эрмэлзлэлгүй байсан гэдэг нь харагдах бөгөөд Засаг даргын зүгээс байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй хэмээн тайлбар гаргахын зэрэгцээ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, цуцлуулахаар төрийн захиргааны байгууллагуудад хандан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн үйлдлүүдийг хийж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.

Шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газраас тайлбар нотлох баримтуудыг удаа дараа гаргуулсан бөгөөд эдгээрээс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/383 тоот албан бичгийг онцлох нь зүйтэй гэж үзэж байна. Албан бичгийн агуулга нь 13402Х дугаар тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг тус газарт ирүүлсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтын зохицуулалтыг дурдсан байдаг.

Гурав. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “2017 оны хувьд нэхэмжлэгчээс 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлуулахаар хариуцагчид хандаагүй учир эс үйлдэхүй гаргасан гэж үзэж даалгах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийлээ.

Нэхэмжлэгч 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлуулахаар Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргад албан бичгийн хамт хүргүүлсэн. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 01/154 тоот албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн учир 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших “Ж Ю” ХХК-ийн 13402Х дугаар ашигт малтмалын хайгуулын талбайд 2016 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахыг Ихтамир сумын Засаг даргад даалгах гэж гаргасан билээ.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны төлөвлөгөөг Засаг даргад батлуулахаар хүргүүлээгүй байсан бол нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахгүй байх, мөн хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01/175 тоот албан бичгээр шүүхэд нэмэлт тайлбар гаргаж хүргүүлэхгүй байсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэж болохгүй” гэсэн заалтыг зөрчиж хэргийн оролцогчдын маргаагүй нөхөн олговрын асуудлаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч “Ж Ю” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар энэ хуулийн 38, 39, 45 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсний дагуу манай байгууллага өөрийн тусгай зөвшөөрлийн талбайд 2016, 2017 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг сумын Засаг даргаар батлуулахаар явуулсан боловч Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх” тухай заалтыг зөрчсөн гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсгийн зорилго нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл дуусгавар болсонтой холбоотойгоор байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байх тул мөн хуулийн 38 дугаар зүйлд заасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө нь тусгай зөвшөөрөл дуусгавар болсонтой холбоотой байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө байхаар ойлгогдож байна. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор боловсруулсан төлөвлөгөө, түүнд орсон өөрчлөлтийг холбогдох засаг дарга нь хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан батлах тухай зохицуулалт юм.

Нэхэмжлэгчийн хувьд түүний эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолоор орон нутгийн хамгаалалтад авсан, энэ талаарх маргаан Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 02 дугаар сарны 29-ний өдрийн 63 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэнээр тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна.

Гэхдээ нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар “шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговорыг нэг жилийн дотор төлөх” үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар үйл ажиллагаа үргэлжүүлэн явуулах эрхтэй хэмээн маргаж байгаагаас үзвэл, түүний байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлуулах зорилго нь тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохтой холбоотой бус харин үйл ажиллагаагаа үргэлжүүлэхэд чиглэгдэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг нь “байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлахыг сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, тусдаа зохицуулалт юм. Нэхэмжлэгч нь уг зүйлийн дагуу “үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх”-ийг шаардаагүй, харин төлөвлөгөө батлахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй, гэвч  түүний зүгээс хуулийн уг зүйл, заалтыг буруу хэрэглэсэн гэх хяналтын гомдол гаргасан тул хяналтын шатны шүүхээс тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь “нөхөх олговорыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй” байх бөгөөд 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн дагуу нөхөх олговорын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтоох, түүнийг эс зөвшөөрвөл шүүхээр шийдвэрлүүлэх /Ашигт малтмалын тухай хуулийн 14.7/ үйл ажиллагаа хэрэгжсэн байх учиртай.

Гэтэл нэхэмжлэгч болон шийдвэр гаргасан Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хооронд хуульд заасан дээрх үйл ажиллагаа бүрэн хэрэгжээгүй, харин Хурлын зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нөхөх олговорын талаар тохиролцохоор нэхэмжлэгчид санал хүргүүлсэн нь Ашигт малтмалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагаа хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” хэмээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “шүүх нотлох” зарчмыг зохицуулсан байдаг. Уг зарчмын дагуу захиргааны хэргийн шүүх нь хэрэгт шаардлагатай нотлох баримтыг талуудын хүсэлтээр хязгаарлагдалгүйгээр өөрийн санаачлагаар цуглуулах, үнэлэх эрхтэй юм. Иймээс анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон 96 дугаар зүйлийн 96.2-т заасан үндэслэлээр “шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон” гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, улмаар шаардлагатай гэж үзсэн нотлох баримтыг цуглуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг үндэслэн маргасан бөгөөд үүнтэй холбогдуулан шүүхээс нотлох баримт цуглуулсныг “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад огт байхгүй нөхөн олговрын асуудлаар шүүх өөрийн санаачилгаар ажиллагаа хийсэн нь буруу” гэж буруутгах үндэслэлгүй.

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн” гэх гомдлыг хангах боломжгүй юм. 

Харин давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчээс 2017 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний өөрчлөлтийг батлуулахаар хариуцагчид хандаагүй учир эс үйлдэхүй гаргасан үзэж даалгах үндэслэл тогтоогдохгүй байна” хэмээн хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй хэдий ч энэ нь дээр дурдсан хууль зүйн үндэслэл болон хэргийн бодит байдлыг бүхэлд нь үгүйсгэн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 109/ШШ2017/0028 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0496 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ