Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-16
Дугаар 533
Хэргийн индекс 128/2015/0954/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1-40 мянгатын 8, 9, 22, 23 дугаар байрны оршин суугч нэр бүхий 19 иргэн
Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд "О" кино театр
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1-40 мянгатын

8, 9, 22, 23 дугаар байрны оршин суугч нэр бүхий 19

иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0354 дүгээр магадлалтай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1-40 мянгатын 8, 9, 22, 23 дугаар байрны оршин суугч нэр бүхий 19 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр: 1. Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 12 дугаар зүйлийн 12.5, 12.8, Барилгын тухай хууль/2008/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар/хуучин нэрээр/-ын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, орчны иргэдийн оролцоо, эрх ашгийг тэгш хангаж, гуравдагч этгээд “О т” ХХК-ийг өмчлөлийн барилгаа нурааж шинэ барилга барих эрхийг хангасан захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж, 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь шүүхээс тогтоосон 6 /зургаан/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд “О т” ХХК-д олгосон 2015 оны 297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болсонд тооцохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0354 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1-40 мянгатын 8,9,22,23 дугаар байрны оршин суугч нэр бүхийн 19 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0354 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

1. Шүүхийн магадлал хэсэгт: “... мөн Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйийн 12.5-д “... хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг иргэдийн оролцоотой төлөвлөсөн” байхыг заасан бөгөөд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх” журам болон энэ хууль нь хот тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хамааралтай, олон нийтийн оновчтой саналыг тусгахаар зохицуулсан журам байх бөгөөд оршин суугчдын саналыг авна гэсэн   ойлголт биш юм” хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

2. Мөн шүүхийн магадлал анхан шатны шүүхийн шийдвэрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан нөхцөл байдал хангагдсаар байтал тухайн асуудлыг өнгөц харж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гомдол хууль зүйн хувьд үндэслэлгүй байх хэдий ч хэмээн тайлбарласан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах барилга, угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-д заасан нөхцлүүдийг үндэслэлгүй хэмээн тайлбарласан. (магадлалын 8-р тал)

3. Магадлалд “Замын  хөдөлгөөний дүрэм”-ийн 5.31-д заасан “хорооллын төгсгөл” тэмдгийг байрлуулсан үйл баримтаар тухайн газрыг орон сууцны хороолол дундах талбай гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ” хэмээж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг тэмдэглэгээг өөр ямар байдлаар тайлбарлах талаар тусгасан зүйл Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй Үндсэн хууль, бусад хуулиудад тайлбарлаагүй.  Гагцхүү орон сууцны дундах зам дуусгавар болж байгаа гэдэг утга нь анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт дурдсанаар хэрэглэгддэг. Гэтэл хорооллын дунд контор үйлчилгээний барилга барих, тухайн барилга нь хорооллын төгсгөл хэсэг гэдэгт хамаарахгүй мэтээр хянаж магадлал гаргасан нь хуулийг буруу тайлбарласан болох нь илт харагдаж байна. (магадлалын 8-р тал)

4. Магадлалд “Барилга барихтай холбоотой үүссэн энэхүү маргааны тухайд маргаан бүхий акт нь чухамхүү орон сууц өмчлөгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, зөрчиж байгаа эсэх талаас нь дүгнэлт хийх ёстой” хэмээж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан  хуулийн зорилттой харшилж байна. Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдал тухайн эрх ашгийг зөрчиж байгаа эсэхийг шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан нөхцлөөр тодорхойлох боломжгүй буюу шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой байтал оршин суугчдын гэр орон барилга байгууламж нь нураагүй байгаа юм чинь гэсэн өнцгөөр хянаж магадлалыг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

5. Магадлалд “хэдийгээр тухайн иргэд уг хороонд оршин суудаг гэх боловч тухайн орон сууцаа өмчлөн авсан, өмчлөгч иргэд мөн эсэх талаас нь шүүх дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болсныг дурдах нь зүйтэй” хэмээж байгаа нь нотлох баримт дутуу шүүхийн шийдвэр гарсан байна. Тийм учраас хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо гэсэн утгыг илэрхийлж байгаа нь магадлал хууль есны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг зөрчсөн болох илт харагдаж байна. Учир нь хэрэв давж заалдах шатны шүүх үнэхээр эдгээр нотлох баримтууд дутуу дүгнэлт хийгээгүй байна гэж байгаа бол анхан шатны шүүх рүү хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нөхцөл байдал болно гэтэл энэ агуулгыг хэрэглэлгүй шууд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль ёсны байх үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд шүүх хуралдааны явцад хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тайлбарлан шийдвэрлэсэн тул 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0354 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын (хуучин нэрээр) 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар “О т” ХХК-нд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 22 дугаар байрны урд талд “17.0х25.0 метр хэмжээтэй 5 давхар, 25.0х25.0 метр хэмжээтэй 33 давхар” үйлчилгээ, конторын барилга барих “зөвшөөрөл олгосон”, тус дүүргийн 1 дүгээр хорооны 8, 9, 22, 23 дугаар байрны оршин суугч нэр бүхий 19 иргэнээс уг актыг эс зөвшөөрч “... Ард кинотеатрыг хувьчилж авсан /этгээд/ нь... зориулалтын дагуу ажиллуулаагүй .../байхад/ кинотеатрыг нурааж, 33 давхар үйлчилгээ, конторын барилга барих шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 651-д заасан ... үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх  зарчмыг зөрчсөн, ... эрх ашиг нь хөндөгдөж буй иргэдээс санал аваагүй, ... орон сууцны барилгын норм дүрмийг зөрчсөн, ... 22 дугаар байранд нарны гэрэл тусахгүй болох, ... хуучин байрнуудад хазайлт, суулт үүссэнээс ... өндөр байшингийн суурийн нүх ухсанаас нурах аюул ... үүсэхээр байхад ... зөвшөөрөл олгосон нь хууль бус” гэж, хариуцагчаас “... нийслэлийн Засаг даргын 2014 оны ... А/500 дугаар захирамжаар “О т” ХХК-нд үйлчилгээ, контор, дээрээ тохижилт бүхий газар доорх гараашийн зориулалттай ... газар эзэмшүүлсэн, ... эзэмшил газартаа барилга барих хүсэлтийг гаргасан ... /-ы дагуу/ Газар барилгажилтын зөвлөлийн ... хурлаар хэлэлцүүлж, ... зөвшөөрөл олгосон ... нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

            Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, гуравдагч этгээд “О т” ХХК нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хуучнаар “Ард” кинотеатрын (сууриараа 1494 м.кв талбайтай) барилгын өмчлөгч бөгөөд нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжаар “О т” ХХК-нд уг барилгын суурь болон түүний (ертөнцийн зүгээр) зүүн талд орших усан оргилуур бүхий ногоон байгууламж, талбайг оролцуулан нийт 3595 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, “О т” ХХК-иас уг газар дээрээ “үйлчилгээ, контор, дээрээ тохижилт бүхий газар доорх гараашийн зориулалттай” барилга барих хүсэлтийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан, уг хүсэлтийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Газар барилгажилтийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар хэлэлцэж, “... барилгажихыг хориглосон ногоон байгууламжинд барилга барих хүсэлт ирүүлсэн..., ... оршин суугчдаас санал авахад 75 хувь нь татгалзсан ... /тул/ одоо байгаа барилгын суурийг томруулахгүйгээр /барилга барихыг/ зөвшөөрч...” шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч иргэдээс, гуравдагч этгээд “О т” ХХК-ийн хуучнаар Ард кино театрын барилгыг өмчлөх эрх, уг барилгаа буулгах, сэргээн засварлах, дахин барилга барих эрхийн асуудлаар маргаагүй, гагцхүү уг эрхээ хэрэгжүүлэхдээ “... холбогдох хууль, дүрмийг зөрчсөн, хөрш зэргэлдээ орон сууцны барилгуудад оршин суугч, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байхад хариуцагчаас 33 давхар барилга барих зөвшөөрөл олгосон нь хууль бус” гэх агуулгаар маргасан, шүүхүүд уг маргааны үйл баримтуудад холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийгээгүйгээс хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болжээ.

Тухайлбал, нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ “...Ард кинотеатрыг үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх болзолтойгоор хувьчилсан /атлаа/... нурааж, 33 давхар үйлчилгээ, конторын барилга бариулах шийдвэр гаргасан нь ... хууль зөрчсөн” гэж тодорхойлсон, шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 651-д заасан “.../нийгмийн салбарын хувьчлалын үйл ажиллагаанд/ үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх”  зарчим нь тухайн тохиолдолд хэрхэн хэрэгжсэн, хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд уг “хуучин Ард кинотеатр” нь 33 давхар үйлчилгээ, конторын барилга байхаар төлөвлөгдсөн эсэх талаар тодруулж, дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн уг алдааг засаагүй, нэхэмжлэлийн шаардлагын “...иргэдээс санал аваагүй, ... нарны гэрлийн тусгалын шаардлага хангахгүй” гэх зөвхөн хоёр үндэслэлд холбогдуулан дүгнэлт хийж,  шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн, Барилгын тухай хууль (2008)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан “... /барилга байгууламж нь/ зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй /байх/” шаардлага нь тухайн тохиолдолд “зөрчигдсөн эсэх” маргааныг шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгч иргэдийн амьдран сууж байгаа 8, 9, 22, 23 дугаар байрны тус бүрийнх нь хувьд,  нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн хувьд  нэхэмжлэл гаргах эрхийн талаар болон хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан үйл ажиллагааны ерөнхий болон тусгай шаардлагыг хэрхэн хангасан талаар холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт хийх шаардлагатай, эдгээр асуудлыг тодруулалгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалын хяналтын журмаар гаргасан “... нотлох баримтууд дутуу дүгнэлт хийгээгүй байна гэж /давж заалдах шатны шүүх/ дүгнэж байгаа бол анхан шатны шүүх рүү хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах ... /байтал/ энэ агуулгыг хэрэглэлгүй шууд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль ёсны байх үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэх хяналтын гомдол үндэслэлтэй, энэ үндэслэлээр анхан шатны шүүхээр маргааныг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0354 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалаас  тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА