Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-11
Дугаар 366
Хэргийн индекс 128/2017/0180/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч У.Д
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайда
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

У.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч У.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0378 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0500 дугаар магадлалтай, У.Д-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0378 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-д заасныг баримтлан У.Д-ийн нэхэмжлэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргаснаар “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр  сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0500 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 378 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: хариуцагч Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0500 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6 дахь хэсэг, итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ дагуу дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргааны зүйлтэй холбогдох баримтыг бүрэн цуглуулж дүгнээгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч анх шүүхэд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд сүүлд “ажилгүй  байсан  хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч би болон шүүгчээс нэхэмжлэгчид хандан дээрх шаардлагыг гаргаж байна уу, өөр нэмэх шаардлага байхгүй юу,  тодруулах зүйл байна уу, ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага байгаа эсэхийг тодорхой асуухад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмж, тодруулаагүй болно. Бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлүүлье гэдэг тайлбар өгсөн нь тодорхой байгаа.

Гэтэл давж заалдах гомдлын үндэслэлдээ “... миний хүсэл зоригийг хэрэгсээгүй,    захиргаа, хяналтын албаны даргаар томилуулах” хүсэлтэй байсан зэргээр гомдол гаргасан нь үндэслэлгүй юм.

Бодит нөхцөл байдалд нэхэмжлэгч нь МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллаж байхдаа захиргаа хяналтын албаны даргаар хавсарган ажиллаж байгаагүй, захиргааны хяналтын албаны даргаар өөр иргэн ажиллаж байсан байдаг. Нэхэмжлэгч нь энэ тухайгаа анхан шатны шүүхэд                                                                          үнэн зөв тайлбар өгсөн боловч, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр худал тайлбар өгсөн байна.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд тус сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон этгээдийн томилгоотой холбоотой захиргааны үйл ажиллагаанд дүгнэлт хийх шаардлагагүй байхад давж заалдах шатны шүүх уг асуудлаар нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0500 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4-т заасантай нийцжээ.

            Хөдөлмөрийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар “... Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13, Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, ... “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”...” зэргийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Д-ийг томилсон, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн, хариуцагчаас уг актын үндэслэлээ “... У.Д-ийг анх томилохдоо ... сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд томилсон ... нь хууль зөрчсөн” гэж, нэхэмжлэгчээс “......захирлын ажлын байрны сул орон тоонд хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт зарлагдаагүй байхад намайг үүрэг гүйцэтгэгчийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж, дахин үүрэг гүйцэтгэгчийг томилсон нь хууль бус” гэж маргажээ.

            Анхан шатны шүүх маргааныг хянан хэлэлцэж, шийдвэр гаргахдаа  маргааны үйл баримтуудад холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийгээгүй, тухайлбал, нэхэмжлэгчээс “... намайг сонгон шалгаруулалтад ороогүй гэж ажлаас чөлөөлсөн атлаа бас нэг сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон” гэж маргасан байхад шүүх уг үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, энэ үндэслэлд зохих дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу, энэ үндэслэлээр хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “... /захиргааны акт/ үр нөлөөтэй байх, …зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, … бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмуудыг хангасан байх талаар тусгайлан заасан, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх байдлаар “захиргааны актын зорилго”-д хамаатуулан тодорхойлж маргасан байх тул шүүх уг асуудлыг шалган тогтоох ёстой юм.

Хэрэгт цугларсан шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс үзэхэд, нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаан дээр “... заавал захирлын албан тушаалд ажиллана гэж маргаагүй, .../хариуцагч/ намайг ямар нэг ажилд томилох боломжтой гэж ойлгосон” гэх зэргээр тайлбарласнаас үзвэл, захиргааны хэргийн шүүх өөрт хуулиар олгосон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, зөрүүтэй тайлбаруудыг нэг мөр болгох боломжтой байсан, энэ үндэслэлээр хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлтэй гэж үзлээ.

Эдгээр үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...тус сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон этгээдийн томилгоотой холбоотой захиргааны үйл ажиллагаанд дүгнэлт хийх шаардлагагүй”, “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0500 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА