Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-11
Дугаар 367
Хэргийн индекс 128/2015/0651/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч М.Э, Д.Б
Хариуцагч НЗД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "М к" ХХК, "Б м" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Э, Д.Б нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэвжидмаа, Д.Нэрэнцогт нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/394 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0478 дугаар магадлалтай, М.Э, Д.Б нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Гансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23ы өдрийн 128/ШШ2017/394 дүгээр шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3, 21.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар “М к” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 4030 м.кв газрын 17 давхар барилга баригдсан хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/457 дугаар захирамжаар “Б м н эг”-т эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны барилгын зориулалтаар барилга барих зөвшөөрөл олгосон 1500 м.кв газрын 17 давхар барилга баригдсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий М.Э, Д.Бнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0478 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/394 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0478 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

М.Э, Д.Б нарын нэхэмжлэлтэй., нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Нэхэмжлэгч талын хувьд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Нэгдүгээрт, 0478 тоот магадлалын Хянавал хэсэгт “тодруулбал, гуравдагч этгээд нь маргаан бүхий захирамжаар олгосон газар эзэмших эрхээ хэрэгжүүлэн тус газарт барилга барьж байх бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүйгээс гадна уг актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байна.” гэжээ.

Гуравдагч этгээдүүд маргаан бүхий захирамжаар олгосон газар эзэмших эрхээ хэрэгжүүлэн тус газар дээр барилга барьж байгаа, үүнтэй хэргийн оролцогчдын хэн аль нь маргадаггүй.                             

Харин тухайн барилга нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин цонхоор тусах нарны гэрлийг хааж, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг алдагдуулсан болох нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа болно.

Хоёр шатны шүүх барилгыг газар дээр биш, газар эзэмших эрх олгосон алга дарам цаасан дээр эсхүл агаарын орон зайд барьж байгуулдаг гэж үнэлж дүгнэн шиидвэр, магадлал гаргасанд гомдолтой байна. Энэ нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл юм.

Хоёрдугаарт 0478 тоот магадлалын Хянавал хэсэгт “харин нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гуравдагч этгээд “М к”  ХХК, “Болор мэлмий” ХХК-д олгосон газрын 17 давхар 2 барилга баригдсан хэсгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхийг хүссэнийг шүүх гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлоор шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй мэт харагдуулахын тулд бодит үнэнийг гуйвуулж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг илт худал үнэлж дүгнэсэнд гомдолтой байна. Тухайлбал:

Нэхэмжлэгч М.Э, Д.Б нар 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн, гэтэл 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасан мэтээр худал зүйл бичсэн.

Нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхийг хүсээгүй, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасан эрхээ эдэлж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн. Онолын хувьд авч үзвэл, нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, эвлэрэх нь зөвхөн хэргийн оролцогчдын эрх байдаг бөгөөд үүнийг диспозитив зарчим гэж нэрлэдэг. Энэхүү эрхийг аль ч шатны шүүх үгүйсгэх, няцаах эрх байхгүй.

Анхан шатны шүүх газар эзэмших эрхийн гэрчилгээг захиргааны акт биш гэж үзэн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, түүнээс биш давж заалдах шатны шүүхийн үнэлж дүгнэсэн шиг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж хэлээгүй.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь захиргааны акт мөн эсэх, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй эсэхийг үнэлж дүгнэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анх нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 164 дүгээр захирамжаар  маргаан бүхий газарт 4030 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, эмнэлгийн зориулалтаар Болор мэлмий нүдний эмнэлэгт эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” А/457 дугаар  захирамжаар газар эзэмшмх эрхийн зориулалтыг “эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны барилгын зориулалтаар” болгон өөрчилж, 0.15 га газарт  барилга барих зөвшөөрлийг “Б м н эг”-т олгосон, мөн даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар Болор мэлмий нүдний эмнэлэгийн эзэмшиж байсан 4030 м.кв газрыг “М к”  ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, “М к”  ХХК нь уг газар дээр 17 давхар хоёр орон сууц, үйлчилгээний барилга барьсан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

Нэхэмжлэгч нараас “...17 давхар хоёр барилгын хананаас нэхэмжлэгч нарын амьдардаг 4 дүгээр байрны орцны хана хүртэл 14,2 м зайтай төлөвлөсөн нь хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийг зөрчсөн болохыг МХ-ын байгууллагаас тогтоосон, ... 56 болон 47 тоотын цонхоор тусах нарны гэрлийг дээр дурдсан 2 барилга бүрэн хаасны улмаас нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, болон дулааны үр ашигтай нөлөө алга болж эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдсан...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон маргааны үйл баримтууд нь нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд “Б м н эг”, “М к”  ХХК-нд газар эзэмшүүлсэн маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэл, агуулгад хамааралгүй, газар эзэмшигч эрхээ хэрэгжүүлж, эзэмшил газар дээрээ барилга барихдаа “барилгын норм, дүрэм зөрчсөн”, ингэснээр “нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, уг актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй талаар шүүхүүд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... гуравдагч этгээдүүд маргаан бүхий захирамжаар олгосон газар эзэмших эрхээ хэрэгжүүлэн тус газар дээр барилга барьж байгаа, үүнтэй хэргийн оролцогчдын хэн аль нь маргадаггүй, ... харин тухайн барилга нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин цонхоор тусах нарны гэрлийг хааж, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг алдагдуулсан болох нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож ... /байхад/  шүүх ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй.

            Түүнчлэн, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн “...анхан шатны шүүх газар эзэмших эрхийн гэрчилгээг захиргааны акт биш гэж үзэн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, ... хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн /тул/ шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах”-аар  хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

            Учир нь, хэрэгт 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон нэхэмжлэгч М.Э, Д.Б нарын “... нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэх баримт, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр маргааныг анхан шатны журмаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий захиргааны актуудын дагуу гуравдагч этгээд нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний “17 давхар 2 барилгад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлэх хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг тэмдэглэлд тус тус авагдсан байх тул “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн /байтал/ ... нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасан мэтээр худал зүйл бичсэн” гэх гомдол үндэслэлгүй.

            Анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/394 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах асуудал нь ... газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэхийг шүүхээс дүгнэх явцад буюу ... маргаан бүхий захирамжуудын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэх /боломжтой/ асуудал тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй” гэх үндэслэл зааж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул хяналтын гомдолд дурдсан “... давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй мэт харагдуулахын тулд бодит үнэнийг гуйвуулж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг илт худал үнэлж дүгнэсэн” гэх байдал тогтоогдохгүй байна.

            Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичиг болохын хувьд “захиргааны акт” мөн, харин, “газар эзэмшүүлэх захирамж хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа тухайн тохиолдолд уг захирамжийн дагуу олгогдсон газар эзэмших гэрчилгээг “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болохгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            Харин Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “... /нэхэмжлэгч нь/ нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах” эрхтэй талаар заасан, энэ хүрээнд нэхэмжлэгчийн “нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх” хүсэлтийг шүүх шууд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, гэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын энэ зөрчил нь шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

            Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/394 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0478 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Гансүхийн гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА