Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-16
Дугаар 374
Хэргийн индекс 110/2017/0029/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч М.М
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид болон тус Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан даргалагч
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд Е.Ө
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

М.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0029 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0441 дүгээр магадлалтай, М.М-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид болон тус Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан даргалагчид холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0029 дүгээр шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.6.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.М-ээс Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан даргалагчид болон багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Буянт сумын иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Багийн Засаг даргад өргөн мэдүүлэх тухай” 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хэлэлцэх хуралдааныг зарлан хуралдуулахыг тус сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгажээ.

Хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0441 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2017/0029 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 26 дугаар зүйлийн 26.2, 26.6.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.М-ийн Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид болон тус Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан даргалагчид холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тус багийн Засаг даргын сонгуулийг дахин зохион байгуулахыг Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь үндэслэлдээ:

1. Гуравдагч этгээд Е.Ө нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Буянт сумын сум хөгжүүлэх сангаас зээлсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,693,700 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр эвлэрлийн гэрээ хийснийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2874 дүгээр захирамжаар баталгаажуулсан байна гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх нь уг гуравдагч этгээд буюу Е.Ө-ийг “2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болсон Буянт сумын 2 дугаар багийн Засаг дарга болж өрсөлдөхөөр багийн иргэдийн Нийтийн Хурлаас оролцох эрхтэй юм байна” мэтээр хянах хэсэгтээ тайлбарлажээ. Энэ нь Монгол Улсын хуулийг ноцтойгоор гуйвуулан, буруугаар тайлбарласан явдал гэж үзэж байна.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Баг хорооны Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна”, 26.6.1-д “Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, өргүй байх” гэж сонгуульд өрсөлдөгч этгээдийг шүүхийн шийдвэрээр өртэй байхгүй байхыг хатуу анхааруулж өгсөн, хориглосон байгааг бид ойлгож байна.

3. Гуравдагч этгээд Е.Ө нь сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлэхдээ аймгийн шүүхийн тамгын газраас нийт сонгогч нарт хянаж өгч байсан “өр зээлгүй” гэсэн бичиг аваагүй мөн тойрох хуудсанд гарын үсэг зуруулалгүйгээр шууд сонгууль болох өдөр сумын Засаг даргатай хуйвалдан шууд сонгуульд орчихсон байгаа юм. Гэхдээ сумын Засаг дарга нараас Е.Ө-ийг илтэд дэмжиж сонгуулийг будлиантуулаад явуулсан бөгөөд үүнд нь нутгийн иргэд ихэд дургүйцэн бухимдаж өртэй байсан хүн хууль зөрчиж сонгуульд өрсөлдсөн бусдын эрхэд саад болсон гэж шүүхэд хандахыг надад зөвлөсөн билээ.

4. Нэгэнт шүүхийн шийдвэрээр бусдад төлөгдөх өртэй зээлтэй тойрох хуудас зуруулаагүй шүүхээс тооцоотой эсэхийг тогтоосон бичиг авалгүй хуйвалдаанаар багийн Засаг даргад өрсөлдөхөөр орж ирсэн Е.Ө-ийн Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн үйлдлийг Захиргааны хэргийн шүүх зөвтгөсөнд үнэхээр гомдолтой байна.

5. Хууль бол гууль биш хэрэгжихэд нь хяналт тавьдаг шүүх нь ингэж хуулийг буруугаар тайлбарлаж байгааг Дээд шүүхийн эрхэм шүүгчид анхаарна уу.

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлээ хийхээр эвлэрлийн гэрээнд заасан нь Е.Ө-ийг буруутгах явдал болохгүй мэтээр шүүх түүнийг өрөвджээ. Сонгуулийн дараа бүх өртэй хүмүүс ч өрөө төлж болохоор сонгуульд өрсөлдөх байсан бол өр зээл төлбөрөө Е.Ө нь урьдчилж төлж байхгүй яасан юм. Нэгэнт өр зээлгүй байх ёстой гэж хуулиар хориглосон болохоор Е.Ө-ийн үйлдэл буруу юм. Үүнийг нь дэмжсэн давж заалдах шатны шүүхийн магадлал шийдвэр ч буруу юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, миний нэхэмжлэлийг хангаж, гомдлыг хэрэгсэхгүй болгож тогтоож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдэл зөв байна.

Гуравдагч этгээд Е.Ө-ийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Буянт сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас зээлсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, уг гэрээг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулсан үйл баримтыг анхан шатны шүүх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1-д “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх” гэсэн шаардлагыг хангаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь, харин давж заалдах шатны шүүх уг шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 23.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга ... томилно”; 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх...” гэснээс үзвэл Засаг даргад нэр дэвшигч нь эрх бүхий албан тушаалтнаас /Монгол Улсын Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга/ томилогдох хүртэл “нэр дэвшигч” хэвээр байна. Мөн эрх бүхий албан тушаалтан нэр дэвшигчийг томилохоос татгалзах үндэслэл нь уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан шаардлага гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Хурлаас нэр дэвшүүлэх нь Засаг даргыг томилох үйл ажиллагааны эхний үе шат бөгөөд нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, түүнийг үндэслэн томилох эсэх нь эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээний асуудал юм.

Тодруулбал, Засаг даргыг томилохдоо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан журмаар нэр дэвшигчийг томилуулахаар эрх бүхий этгээдэд санал болгох бөгөөд эрх бүхий этгээд нь 26.3-т зааснаар томилно, эсхүл нэр дэвшигч нь 26.5, 26.6-д заасан шаардлагыг хангаагүй бол 26.4-т зааснаар томилохоос татгалзаж дахин нэр дэвшүүлэх ажиллагаа /26.2-т заасан/ явагдахаар байна.

Энэхүү маргааны хувьд эрх бүхий этгээд гуравдагч этгээдийг багийн Засаг даргаар томилох үед нэр дэвшигч нь зээлийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлсөн байсан тул түүнийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй.

Гэхдээ давж заалдах шатны шүүх “Ө нь Буянт сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвших үед хугацаа хэтэрсэн зээлийн өртэй байсан гэх үндэслэл тогтоогдохгүй тул ...” хэмээн хэргийн үйл баримтад холбогдох хуулийн зүйл заалтыг буруу тайлбарласан байна.

Учир нь, анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн гуравдагч этгээд нь багийн иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвших үед “сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас зээл олгогч шүүхэд хандсан, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авч, төлөх хугацааг тогтоож эвлэрлийн гэрээг байгуулсан, үүнийг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан нь өр зээлтэй болохыг тогтоосон эрхийн акт мөн тул багийн Засаг даргад нэр дэвших үед шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, зээлтэй байсан”, харин гуравдагч этгээд буюу нэр дэвшигчийг эрх бүхий албан тушаалтан томилох үед тэрээр “хугацаа хэтэрсэн өргүй” байх гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Хэдийгээр давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн боловч энэ нь магадлалын шийдлийг өөрчлөх үндэслэл болохгүй.

Иймээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0441 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ