Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-19
Дугаар 364
Хэргийн индекс 113/2016/0008/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч З.Б
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

З.Б-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү нарыг оролцуулан хийж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0003 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0403 дугаар магадлалтай, З.Б-ны нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0003 дугаар шийдвэрээр:  

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 23 дугаар зүйлийн 23.4, 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 130 дугаар зүйлийн 130.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Бы гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож; ажилгүй байсан хугацааны цалин олговорт 6971055 (зургаан сая есөн зуун далан нэгэн мянга тавин таван) төгрөг, ээлжит сонгуулийн дүнд чөлөөлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын тэтгэмж, төрийн одон медаль авсан тохиолдолд олгох нэг сарын үндсэн цалингийн 70 хувьтай тэнцэх урамшуулал зэргийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч З.Б-д олгох; түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгаж,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан З.Б-аас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан зарим нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, Ш.Билэггүмбэрэл нарын 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон үйлдлүүдийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгч З.Бд холбогдох цалин хөлс, тэтгэмж, урамшууллыг олгох замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад мэдэгдэж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0403 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0003 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0403 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0403 дугаар магадлалыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн миний бие 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гардан авсан болно.

З.Б-ны нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Захиргааны хэргийг анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж З.Б-ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн хэмээн үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.14-д “хуралдааныхаа дэгийг тухайн хурал өөрөө тогтоож тогтоолоор батална”, 24 дүгээр зүйлийн 24.3-д “...хуралд хэлэлцүүлэхээр оруулсан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын Төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж хуулиар зохицуулсныг болон түүнд нийцүүлэн тогтоосон дэгийг баримтлах нь зүйтэй байсан боловч Сүмбэр сумын ИТХ нь сумын Засаг даргыг огцруулах тухай асуудлыг шийдвэрлэж, дээд шатны Засаг даргад уламжлахдаа дээрх хэм хэмжээгээр тодорхойлсон шаардлага, горим, дараалал, хугацаа зэргийг бүхэлд нь зөрчсөн байна хэмээн дүгнэсэн байна.

Тус ээлжит хуралдаанаар Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын “эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэхээр болж 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 75 дугаар тогтоол гарсан ба уг тогтоолыг хэлэлцэх асуудлын хамт Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нарт хүргүүлсэн байна.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэр бүхий Төлөөлөгч нарын “Сүмбэр сумын Засаг даргыг огцруулах санал”-ын агуулга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хурлаар хэлэлцэгдэх 75 дугаар тогтоолын 1, 2, 3 дугаар асуудлуудтай тохирсон тул “зохион байгуулалтын асуудал хэлэлцэх”-ээр оруулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж болохоор байна.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаар тогтоолоор Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн 16 дугаар ээлжит хуралдаанаар Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Сүмбэр сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын “эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэхээр болж тогтоолыг хэлэлцэх асуудлын хамт Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нарт хүргүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг даргаа асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” 24.2-т “төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны хуралд, сум, дүүрэг, баг, хорооны хурал зохих дээд шатны хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно”, 24.3-т “энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан шаардлагуудыг хангасан гэж үзэж болохоор байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ хурал, түүний Тэргүүлэгчидтэй дор дурдсан журмаар харилцана” гээд 36.1.2 дахь хэсэгт “хууль тогтоомж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, түүний үр дүнг жил тутам хуралд тайлагнах” гэж заасны дагуу Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Сүмбэр сумын Засаг даргад хандан Сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл эжиллагааны хөтөлбөрийн биелэлт, сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт суурилсан сумын “эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хурлаар хэлэлцүүлэх тул хуралд материал ирүүлэх талаар албан бичгээр удаа дараа мэдэгдэхэд холбогдох материалыг хуралд ирүүлээгүй. Энэ талаар Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “... биелэлтүүдийг хуулийн хугацаанд бэлтгэж сумын Засаг даргад хянуулахаар өгсөн боловч хянаж байна гэх нэрийдлээр төрийн ажлыг удаашруулж, Тэргүүлэгчдийн хурал болон 16 дугаар хуралдаанд оруулсангүй” гэсэн тайлбарыг хүргүүлсэн байна. Иймд Засаг дарга З.Быг хурлаас өгсөн үүргийг биелүүлээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтарч ажиллахаас татгалзсан гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй.

Гэтэл энэ талаар шүүх ямар нэгэн дүгнэлтийг хийлгүй хариуцагч тал буруутай л гэсэн дүгнэлтийг хийсэн болно.

Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үнэлсэн. Мөн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгсөн үүргийг биелүүлээгүй нь уг хурлын Төлөөлөгчдөөс Сүмбэр сумын Засаг дарга З.Б-ыг огцруулах санал гаргахад хүргэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээр дурдсан аливаа зохицуулалт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аливаа асуудал хэлэлцэх бүх тохиолдолд хамаарах ба иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гаргах тохиолдол бүрт дээрх хэм хэмжээг дагаж мөрдөх нь тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “...хууль дээдлэх”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэжээ.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар З.Б-ыг сумын Засаг даргаас огцруулах тухай тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална” гэснийг зөрчөөгүй байна.

Аймгийн Засаг даргын 2016 оны Б/42 дугаар захирамж нь Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хууль бус 08 дугаар тогтоолд үндэслэсэн, уг захирамжид З.Б-ыг огцруулах болсон хууль зүйн үндэслэлийг тодорхойлон дурдаагүй зэргээрээ мөн хууль бус акт болно гэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах”, 18.1.1.д “сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх”-д заасан бүрэн эрхийн хүрээнд Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэн З.Быг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах саналыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад ирүүлсэн байна.

Дээрх нөхцөл байдлуудыг судалж Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслэлтэй гэж үзсэн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “З.Б-ыг Сүмбэр сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/42 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлтэйгээр гаргасан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс П.Амарсайхан, Ш.Билэггүмбэрэл, Л.Жамбаасүрэн нар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн бүрэн эрх нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн зөвшөөрөгдсөнөөр Сүмбэр сумын ИТХ-ын Төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон байхад тухайн хуралд оролцсон асуудал нь хууль дээдлэх зарчим хийгээд аймаг, сумын хувьд тухайн засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрийн асуудлыг бие даан шийдвэрлэх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцоонд нийцэхгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-д “...орон нутгийн сонгуульд зэрэг, ... нэр дэвшихгүй” гэж заасныг агуулгын хувьд зөрчсөн ... сумын хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон этгээдүүдийг хуралдаанд оролцуулсан нь тухайн хурлын Төлөөлөгчийн ирцэд нөлөөлсөн, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг зөрчсөн байх тул сумын ИТХ-ын 08 дугаар тогтоол анхнаасаа хууль бус болсон гэж дүгнэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасны дагуу сумын ИТХ-ын Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь тухайн сумын хурлын шинээр сонгогдсон Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болохоор байна. П.Амарсайхан, Ш.Билэггүмбэрэл, Л.Жамбаасүрэн нарыг аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн хуулийн 154 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй тул бүртгэж авч нэр дэвшүүлэн сонгогдсон байна. Сумын ИТХ-ын Төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болох талаар тодорхойлон заасан хуулийн заалт байсаар байхад шүүх буруу дүгнэлт хийсэн байна.

Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит 16 дугаар хуралдаанд 30 төлөөлөгч оролцохоос 16 төлөөлөгч оролцож, ирц 53,3 хувьтай байсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасан шаардлагыг хангасан тул уг хуралдаан, хуралдаанаас гарсан шийдвэр хүчинтэйд тооцогдохоор байна.

Ажилгүй байсан хугацааны цалин 6971055 төгрөг, ээлжит сонгуулийн дүнд чөлөөлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын тэтгэмж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэхийг даалгасан захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн З.Бд төрийн одон, медаль авсан тохиолдолд олгох нэг сарын үндсэн цалингийн 70 хувьтай тэнцэх урамшууллыг олгох талаар аймгийн Засаг даргын захирамж гараагүй байхад шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0003 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0403 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Б-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “...30 төлөөлөгч оролцохоос 16 төлөөлөгч оролцож, ирц 53.3 хувьтай” хуралдаж, мөн өдрийн 08 дугаар тогтоолоор “...Сүмбэр сумын Засаг дарга З.Б-ыг ... үүрэгт ажлаас нь огцруулах...”-аар шийдвэрлэсэн, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн З.Б-ыг үүрэгт ажлаас нь огцруулжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Говьсүмбэр аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар “Нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох тухай” тогтоолоор Ш.Билэггүмбэрэл, П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн нар нь тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт олонхийн санал авсан /тул/ Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгосон, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор эдгээр 3 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн, Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар хуралдаанд Ш.Билэггүмбэрэл, П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн нар оролцсоноор хуралдааны ирц 16 төлөөлөгчөөр, 53.3 хувьд хүрсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “... аймаг, ... сум ... нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий /байх/”, 7 дугаар зүйлийн  7.1.1-д “... /засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь/ аймаг … сум…-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /...-ын бүтэцтэй байх/”, 8 дугаар зүйлийн 8.2-т “нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй ... тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг ... бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн”, 19 дүгээр зүйлийн 19.2-т “... сум.../ын/ Хуралд олгосон бүрэн эрхийг аймаг.../-ийн/  Хурал ... хэлэлцэн шийдвэрлэхийг хориглоно”, 25 дугаар зүйлийн 25.4-т “...Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж .../-д/ нийцээгүй бол түүнийг тухайн Хурал /өөрөө/ өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж тус тус хуульчилсанаас үзвэл, “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”, “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” нь хуулиар тусгайлан, ялгамжтай олгогдсон бүрэн эрхийг тус тусдаа хэрэгжүүлэх, ингэхдээ нэг шатны засаг захиргааны нэгжийн өөрөө удирдах байгууллагад хуулиар тусгайлан олгогдсон эрхийг өөр шатны өөрөө удирдах байгууллага хэрэгжүүлэх, гаргасан шийдвэрийг хянах эрх хэмжээгүй гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр давхар ажиллах, нутгийн өөрөө удирдах байгууллагын хоёр шатанд зэрэг шийдвэр гаргах эрх хэмжээ аливаа этгээдэд олгогдсон гэж үзэхгүй, энэ тохиолдолд, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн “аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч” Ш.Билэггүмбэрэл, П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн нар нь 2016 оны оны 08 дугаар сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 дугаар хуралдаанд “төлөөлөгч”-ийн хувиар оролцож, аливаа асуудлаар шийдвэр гаргах эрхгүй гэж дүгнэхээр байна.

Хариуцагчаас “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болох хуулийн зохицуулалт үйлчилнэ” гэх боловч уг хуулийн зохицуулалт нь тухайн Хурлын төлөөлөгч нь Улсын Их Хурал болон өөр засаг захиргааны нэгжийн адил шатанд эсхүл өөр шатны Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд хамаарахгүй, ийнхүү өөр Хуралд бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөнөөр тухайн Хурлын “төлөөлөгч”-ийн бүрэн эрх дуусгавар болсон гэж үзнэ.

 Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Билэггүмбэрэл, П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн нарыг ирцэд оруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 дугаар хуралдааныг зохион байгуулсан нь хууль бус, эдгээр нэр бүхий 3 төлөөлөгч хасагдсанаар тус хуралдааны ирц Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан “... нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцох” хуулийн шаардлага хангахгүй байх тул 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаас гарсан 08 дугаар тогтоол хууль бус, уг тогтоолын үндэслэж, Сүмбэр сумын Засаг дарга З.Б-ыг үүрэгт ажлаас нь огцруулсан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамж мөн хууль бус, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар З.Б-ыг сумын Засаг даргаас огцруулах тухай тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална” гэснийг зөрчөөгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Энэ үндэслэлээр, мөн хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит 16 дугаар хуралдаанд 30 төлөөлөгч оролцохоос 16 төлөөлөгч оролцож, ирц 53,3 хувьтай байсан нь ... хуульд заасан шаардлагыг хангасан тул уг хуралдаан, хуралдаанаас гарсан шийдвэр хүчинтэйд тооцогдохоор /байхад/... шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

Харин, нэхэмжлэгч З.Б-аас “Сүмбэр сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох шийдвэр гараагүй байхад түүнд “ажилгүй байсан хугацааны цалин олговорт 6971055 (зургаан сая есөн зуун далан нэгэн мянга тавин таван) төгрөг олгож, ... эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох”-оор заасан, хуульд тусгайлан заасан “албан тушаалд нь эгүүлэн тогтоосон” шийдвэрийг шүүх гаргаагүй тохиолдолд ажилгүй байсан хугацааг тодорхойлох боломжгүй, энэ тохиолдолд тодорхойгүй хугацааны цалинтай тэнцэх олговор олгох хууль зүйн ойлголт байхгүй юм. 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаагүй, ажилгүй байсан хугацааг нэхэмжлэгчийн тодорхойлсон хугацаагаар буюу “... огцруулснаас эхлэн аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжаар Д.Амарсайханыг Сүмбэр сумын Засаг даргаар томилсон өдөр хүртэл” хугацаагаар тодорхойлсон нь үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх энэ алдааг засаагүй нь буруу байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчээс “... Алтан гадас одонгоор шагнагдсан .../тул/ нэг сарын үндсэн цалингийн 70 хувьтай тэнцэх урамшуулал авах эрхтэй” гэх үндэслэлээр “... урамшууллыг Говьсүмбэр аймгийн Засаг даргаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын нийт ажилтнуудын 2009 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ыг хэлэлцэж баталсан, уг журмын 1.2-т журмын зорилгыг “... хуулийн хүрээнд үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа албан хаагч, ажилтны хөдөлмөрлөх үйл ажиллагааг нэгтгэн оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажлын чанар үр дүнг дээшлүүлэхэд оршино” гэж тодорхойлсон, уг журамд мөн нийт ажилтнуудын 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар журмын 11, 12 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 11 дүгээр зүйлийн 11.1-д “...хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хангалттай биелүүлж, амжилт гаргасан ажилтанд ажлын үр дүнгээр нь ажил олгогч дараах шагналаар шагнаж урамшуулах”-аар, 11.1.4-т “... төрийн одон медалиар шагнагдсан албан хаагчдад сарын үндсэн цалингийн 70 хувиар нэмэлт урамшуулал тооцож олгох”-оор заажээ.

Үүнээс үзэхэд, “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам” нь Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт “үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж” байгаа Тамгын газрын ажилтнуудад хамаарах журам бөгөөд шагнал урамшуулал олгох зохицуулалт нь сумын Засаг даргад хамааралгүй, харин Засаг даргын Тамгын газрын удирдлага (ажил олгогч)-аас ажилтнуудаа шагнаж урамшуулах тохиолдлыг зохицуулсан агуулгатай байна.

Гэтэл, нэхэмжлэгч З.Б уг журмыг үндэслэн “...Сүмбэр сумын Засаг дарга байхдаа “Алтан гадас” одонгоор шагнагдсан .../тул/ нэг сарын үндсэн цалингийн 70 хувьтай тэнцэх урамшуулалыг аймгийн Засаг даргаас гаргуулах”-аар нэхэмжилсэн нь үндэслэлгүй, уг журмын үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн энэ хэсэг нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангасангүй.

Иймд, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ажилгүй байсан хугацааны цалинг ... олгохыг даалгасан захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй” “… З.Б-д төрийн одон, медаль авсан тохиолдолд олгох нэг сарын үндсэн цалингийн 70 хувьтай тэнцэх урамшууллыг олгох талаар аймгийн Засаг даргын захирамж гараагүй байхад шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх хяналтын гомдол үндэслэлтэй гэж үзнэ.

Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин, маргаан бүхий Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамж нь дээрх байдлаар холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, хууль бус болох нь нэгэнт тогтоогдсон, “ээлжит сонгуулийн үр дүнд дараагийн Засаг дарга томилогдсон” үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй тул “… ээлжит сонгуулийн дүнд чөлөөлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын тэтгэмжийг олгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “... бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох”-оор заасантай нийцсэн байна.

Мөн, нэхэмжлэгчийн “П.Амарсайхан, Л.Жамбаасүрэн, Ш.Билэггүмбэрэл нарын 2012-2016 оны хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байхдаа намайг огцруулсан шийдвэрт оролцсон үйлдлүүдийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хянахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, уг шаардлагыг “хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0003 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0403 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 38 дугаар зүйлийн 38.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Б-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, ээлжит сонгуулийн дүнд чөлөөлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын тэтгэмж олгохыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж, “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэх, төрийн одон медаль авсан тохиолдолд олгох нэг сарын үндсэн цалингийн 70 хувьтай тэнцэх урамшуулал олгохыг аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА