Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-16
Дугаар 375
Хэргийн индекс 128/2016/0104/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч "П д т" ХХК
Хариуцагч Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Ц.О, П.Б нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нийгмийн даатгал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“П д т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 354 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0543 дугаар магадлалтай, “П д т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Ц.О, П.Б нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 354 дүгээр шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус баримтлан “П д Т М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Ц.О, П.Б нарт холбогдох Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар актыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0543 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 354 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... “П д Т М” ХХК...” гэснийг “... “П д т” ХХК...” гэж өөрчлөн, “2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан “П д т” ХХК-ийг Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч нарын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6 дугаар актаар ногдуулсан 489,565,212 төгрөгийн алданги төлөх хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй.” гэх заалтыг нэмж, 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 354 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0543 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүхүүд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Анхан болон давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг “шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, хэмжээг нь санаатайгаар бууруулсан” гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч “П д т” ХХК шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан, хэмжээг нь санаатайгаар бууруулаагүй юм. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Матад-ХХ, Тамсаг-ХХI талбайд газрын тос олборлох тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээний Аравдугаар зүйлийн 10.4-(i)-д “Гэрээлэгч болон оролцон гүйцэтгэгчийн гадаадын ажиллагсад нь Монголын Засгийн газраас ногдуулах орлогын татвар, аливаа нийгмийн даатгал болон аливаа улс төрийн байгууплагын татвар, хураамжаас чөлөөлөгдөнө” гэж харилцан тохиролцсон.

“П д т” 1997 оноос хойш дээрх гэрээний дагуу татварын болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа тогтмол зөв гаргаж, тайлагнаж, Монгол Улсад төлөх татвар, төлбөр, хураамжийг шийдвэрлэж ирсэн, өмнөх Засгийн газрууд, түүний харьяа байгууллага, албан тушаалтнууд ч гэрээний дээрх заалтыг зөвшөөрч, татварын болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хүлээн зөвшөөрч ирсэн. Иймд “П д т” ХХК уг гэрээний дагуу хятад ажилчдыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн гэж үзэж чөлөөлөгдсөн байдлаа тайланг гаргаж ирсэн байхад орлогоо нуусан болон бууруулсан гэж үзэх үндэслэл байхгүй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчийг шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан гэж нотлох баримтыг илт буруу үнэлж, улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

2. Нэхэмжлэгч нь Засгийн газраас эрх олгосны дагуу Газрын тосны хэрэг эрхлэх газар болон Австрали Улсын “К П” Лтд, Монгол Улсын Ц ш О корпораци, С т М Инк нарын хооронд байгуулсан Матад-ХХ, Тамсаг-ХХI талбайд газрын тос олборлох тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээг олон улсын гэрээ гэж маргаагүй.

1994 оны 5 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т “Монгол Улсад байнга оршин суудаг, тус улсын аль нэг байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн ... Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид хамрагдана” гэж заасан байсан. “Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын хэлэлцээрийг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр баталснаар 2 орны хооронд гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ. Энэ хэлэлцээр нь 1993 оны Олон Улсын гэрээний тухай хуулийн дагуу “Олон Улсын гэрээ” мөн юм.

Энэхүү олон улсын гэрээний 18 дугаар зүйлийн 2-т “Энэхүү зүйлийн 1 дүгээр заалтыг үл харгалзан Хэлэлцэн тохирогч Улсын Засгийн газар /БНХАУ-ын Засгийн газар гэж ойлговол/ буюу орон нутгийн эрх барих байгууллагын нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр болон түүнтэй адилтгах бусад төлбөрт Хэлэлцэн тохирогч Улсад татвар /Хятад Улсад/ оногдуулна”, мөн хэлэлцээрийн 19 дүгээр зүйлийн 2-ын б-д “гэхдээ уг хувь этгээд нь Хэлэлцэн тохирогч нөгөө Улсад байнга оршин суугч бөгөөд тэр улсын харъяат нь бол дээр дурдсан тэтгэвэрт зөвхөн хэлэлцэн тохирогч Улсад татвар ногдуулна”, мөн зүйлийн 3-т “Хэлэлцэн тохирогч Улсын Засгийн газар буюу орон нутгийн эрх барих байгууллагаас аж ахуйн үйл ажиллагаа явуулахтай холбоотой алба хашсаны хувьд олгосон төлбөр, тэтгэвэр нь энэхүү хэлэлцээрийн 15, 16, 17 ба 18 дугаар зүйлд хамаарна” гэж тус тус заажээ. Энэхүү хэлэлцээрийн заалтуудын агуулга нь тэтгэвэр төлөх улс нь тэтгэвэр болон түүнтэй адилтгах төлбөрт татвар /шимтгэл/ оногдуулан төлөхөөр тохирсон явдал болно.

“Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын Хэлэлцээр нь Олон Улсын гэрээний тухай хуулийн дагуу олон улсын гэрээ мөн тул Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/ 4 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу энэхүү хэлэлцээрийг дагаж мөрдөх ёстой атал анхан болон давж заалдах шатны шүүхүүд эдгээр эрх зүйн үр дагавар бүхий нөхцөлүүдэд дүгнэлт өгөхгүй маргааныг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг тайлбарлаж, хэрэглээгүй байна.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд энэхүү маргааныг хянан шийдвэрлэхдээ “нийгмийн даатгал” гэж юу болох, түүний зорилгыг ойлгож мэдсэний үндсэн дээр 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын Хэлэлцээр, Нийгмийн даатгалын тухай хуулийг тайлбарлаж, хэрэглэх ёстой байсан.

Нийгмийн даатгал гэж даатгалын санг шимтгэл төлж бүрдүүлэх, уг бүрдсэн сангаас буцаад даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгч эрсдэлээс хамгаалах арга хэмжээг хэлдэг. Хятад иргэд Монгол Улсад 1-9 сарын хугацаагаар ажиллахдаа Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь тэдгээр нь уг хугацаанд Хятад Улсад шимтгэл төлөөгүйд тооцогдож, өөрийн улсдаа нийгмийн халамжид хамрагдах нөхцөлд ноцтой хохирох үр дагавар үүсч байсан тул хоёр улсын хэлэлцээрээр ийнхүү хятад иргэд богино хугацаагаар ажиллахдаа шимтгэлийг өөрийн улсдаа төлөхөөр харилцан тохирсон байдаг.

Ийм ч учраас хэрэгт хятад иргэд өөрийн харьяалах Бүгд Найрмадах Хятад Ард Улсад тэтгэврийн шимтгэл төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэ баримтад дүгнэлт, үнэлэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэж, ямар үндэслэлээр нотлох баримтыг үнэлэхгүй байгаа талаараа дүгнэлт хийхгүй байна. “П д т” ХХК-ийн төсөл дээр ажилласан Бүгд Найрмадах Хятад Ард Улсын харьяат иргэд нь өөрийн харьяалах улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалд хамрагдаж байгаа учир эдгээр иргэдийг давхардуулан шимтгэл төлөхийг шаардсан нөхцөл байдлыг үүсгэж байгаа нь хууль бус үйлдэл юм.

4. Бүтээгдхүүн хуваах гэрээний үйлчлэл дуусгавар болоогүй, Монгол Улсын Засгийн газраас уг гэрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авахтай холбоотой өөрчлөлт оруулах талаар санал огт гаргаагүй, Засгийн газраас нь гэрээний энэ заалтыг мөрдөхгүй талаар манайд мэдэгдээгүй, ийм нотлох баримт байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд уг гэрээний эрх зүйн үр дагаварт дүгнэлт хийхгүй маргааныг шийдвэрлэсэн нь хууль ёсны биш байна.

5. Давж заалдах шатны шүүх “П д т” ХХК болон “Д К И и” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг нотлох баримтаар авч үнэлэхдээ уг гэрээ болон талуудын хооронд байгуулсан нөхцлийг буруу тайлбарласан байна. Давж заалдах шатны шүүх “Д К И и” ХХК-ийг туслан гүйцэтгэгч болохыг зөвшөөрсөн атлаа тус компанийн үүргийг “П д т” ХХК хүлээсэн гэж тайлбарлаж байгаа нь хууль бус болно. “Д К И и” ХХК нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бие даасан хуулийн этгээд мөн тул өөрийн ажиллагсдын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч төлөх нь тэдгээрийн үүрэг атал дээрх байдлаар дүгнэсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүхийн үнэлсэн Хөдөлмөрийн ерөнхий гэрээнд “Д К И и” ХХК-ийн ажиллагсдын өмнөөс “П д т” ХХК татвар болон нийгмийн даатгалын шймтгэлийг суутган авч төлөх үүрэг хүлээгээгүй байсан болохыг анхаарна уу.

Давж заалдах шатны шүүх нь Гадаадын иргэн, харьяатын газраас виз олгосон баримтыг үндэслэн хятад иргэд “П д т” ХХК-ийн гэрээт ажилчид гэж дүгнэжээ. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газраас жил бүр гадаадаас ажиллах хүчин авч ажилуулах квотыг тогтоохдоо тус улсад хэрэгжүүлж байгаа төсөл дээр гадаадаас ажиллах хүчний тоог тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, “П д т” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа Матад-ХХ, Тамсаг-ХХI талбайд газрын тос олборлох “төсөл дээр ажиллах” гадаад ажилчдын тоог тогтоосон юм. Матад-ХХ, Тамсаг-ХХI талбайд газрын тос олборлох төсөл нь дан ганц “П д т” ХХК-ийн үйл ажиллагаагаар хэрэгжих боломжгүй том төсөл юм.

Учир нь нэг компани асар өндөр зардал, чадвартай мэргэжилтэн шаардсан газрын гүний өрөмдлөг хийх үйл ажиллагаа, гүнээс тос олборлох үйл ажиллагаа, тээвэрлэх ажиллагаа зэргийг хийх эдийн засгийн чадавх байдаггүй учраас туслан гүйцэтгэгч ажиллуулдаг нь Олон Улсын жишиг бөгөөд үүний тод жишээ Монгол Улсад хэрэгжиж байгаа “Оюу толгой” төсөл болно. Ерөнхий гүйцэтгэгч “П д т” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа Матад-XX, Тамсаг-ХХI талбайд газрын тос олборлох төсөл дээр ажиллуулахаар баталсан нийт ажилчдыг тоог Гадаадын иргэн, харьяатын газраас өгсөн албан бичигт үндэслэн /өөр компанийн ажилтан гэдэг нотлох баримт байсаар байхад/ тус компанийн гэрээт ажилтан гэж дүгнэж байгаа нь үндслэлгүй байгаа болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 354 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0543 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нар хяналтын журмаар гаргасан годмолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0543 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

... Улсын байцаагчийн актийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 39395 дугаар захирамжаар актын биелэлтийг баталгаажуулан улмаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4925 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн /хуучнаар/ дансанд нэхэмжлэгч тал 1,468,695,636 төгрөгийг төлж барагдуулсан байгаа.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага бол улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар акт нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний заалтыг зөрчин нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зерчсөн тул хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай байдаг. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг хэлэлцэж 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж улсын төсөвт аль хэзээ тушаагдсан мөнгийг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэж, хууль буруу хэрэглэж байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан алданги нь ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга ба алданги нь захиргааны зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэж байгаа захиргааны шийтгэл биш юм. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан ба алдангийг захиргааны зөрчилтэй адилтгаж болохгүй. Нийгмийн даатгалын тухай хуулиар алдангийн хувь хэмжээг тогтоож, түүнийг улсын байцаагчийн актаар төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тогтоож ирсэн практик өнөөдөр хэрэгжиж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4, 5, 6-д заасан захиргааны зөрчилд захиргааны шийтгэл ногдуулсан бол уг зөрчлийг өршөөн хэлтрүүлж болно. Алданги гэдэг хууль зүйн ойлголтыг захиргааны зөрчил гэж, түүнтэй адилтгаж ойлговол хойшид буруу жишиг тогтоосон тохиолдолд хуульд заасан хувь хэмжээгээр алданги тооцоход зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах хууль зүйн үр дагавар хойшид үүсэх болно. Түүнчлэн хуульд алданги гэх томьёоллоор захиргааны зөрчлөөс ялгаж өгсөн ба алданги нь өршөөлийн хуульд хамаарах ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв алдангийг захиргааны зөрчил гэж үзвэл Нийгмийн даатгалын байгууллагаас Иргэний хэргийн шүүхэд нийгмийн даатгалын шимтгэл, түүний алдангийг шаардаж нэхэмжлэл гаргахад Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиар ажиллагаа хийж, шалгасны эцэст шаардах, магадгүй өршөөлийн хууль батлагдахад бүх алданги цаашид өршөөгдөх хууль зүйн үр дагавар үүснэ. Улсын байцаагчийн актаар тогтоосон хуульд тусгайлан заасан алдангийг захиргааны зөрчил гэж үзэж болохгүй. Өршөөлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэх замаар хуульд заасан алдангийг шүүх захиргааны зөрчил гаргасан гэж андууран өршөөлийн хуульд оруулж шийдвэрлэсэн нь уг магадлалын алдангитай холбоотой хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0543 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн маргаан бүхий акт нь хууль ёсны болох үндэслэлийг тодруулбал:

  1. Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр баталсан “Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” хэлэлцээр нь олон улсын нийтийн эрх зүйн гэрээ мөн хэдий ч уг хэлэлцээрийн зорилго нь хоёр улсын хооронд давхар татвар болон татвар төлөхөөс зайлсхийхээс урьдчилан сэргийлэхэд орших бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл нь энэхүү хэлэлцээрээр зохицуулагдах “орлогын албан татвар”-т хамаарахгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий тул уг хэлэлцээр нь энэхүү маргааны үйл баримтад хэрэглэгдэхгүй юм.
  2. Монгол Улсын Засгийн газар /түүнийг төлөөлөн Газрын тосны хэрэг эрхлэх газар/ болон одоогийн эрх залгамжлагч “П д т” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” нь олон улсын нийтийн эрх зүйн гэрээ биш /энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 391 дүгээр тогтоолоор дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч үүнтэй маргаагүй/ тул дотоодын хууль тогтоомжоос дээгүүр хэрэглэгдэхгүй.
  3. Энэ маргааны хувьд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хууль үйлчлэх бөгөөд “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” нь дотоодын хууль тогтоомжид нийцэх ёстой. Гэтэл уг гэрээний Аравдугаар зүйлийн 10.4-(i)-д /албан ёсны монгол эхийн “ж”-д, хэргийн 1 дэх хавтас, 114 дэх талд/ “Гэрээлэгчийн болон оролцон гүйцэтгэгчийн гадаадын ажиллагсад нь Монголын Засгийн газар, тухайлбал түүний нэг улс төрийн байгууллагаас ногдуулах орлогын бүх татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөгдөнө” гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна: 2/ Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага,....-д ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” гэсэнтэй зөрчилдөж байх тул маргаан бүхий харилцаанд хууль зөрчсөн гэрээг хэрэглэхгүй.
  4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2/-т заасны дагуу нэхэмжлэгч нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-т заасан үүргийг хүлээх бөгөөд хариуцагч уг үүргийн биелэлтийг нэхэмжлэгчээс шаардах, холбогдох баримтыг гаргуулах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч хуульд заасан үүргийг биелүүлээгүй бөгөөд холбогдох баримтыг “үзүүлэх шаардлагагүй” гэсэн тул хариуцагчаас Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-ийг үндэслэн маргаан бүхий актаар нөхөн шимтгэл, алданги оногдуулсан нь хууль ёсны байна.

            Дээр дурдсан үндэслэлээр энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчийн заасан олон улсын гэрээ болон бүтээгдэхүүн хуваах гэрээ хэрэглэгдэхгүй, Монгол Улсын хуулиар нэхэмжлэгч нь өөрийн байгууллагад ажилласан /ажиллаж буй/ гадаадын иргэдийг нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэлийг тодорхойлж, төлөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагчийн акт хууль ёсны тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-т заасан зөрчлийг гаргаагүй, давхар татвараас зайлхийх тухай олон улсын гэрээг хэрэглэх ёстой, хятад иргэд БНХАУ-д тэтгэврийн шимтгэл төлсөн баримтыг шүүх үнэлээгүй, бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөл өөрчлөгдөөгүй байхад гэрээний эрх зүйн үр дагаварт дүгнэлт хийгээгүй” гэсэн агуулгатай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Мөн хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Учир нь, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл нь “Хариуцлага” гэсэн зохицуулалт бөгөөд түүний 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... дараах хариуцлага хүлээлгэнэ” гэснээс үзвэл энэ нь захиргааны хариуцлага тул “хуулийн уг зүйл, заалт дахь алданги нь захиргааны шийтгэл биш, иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй” гэсэн гомдол үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий акттай маргаж байхад нь хариуцагч иргэний хэргийн шүүхэд хандан шүүгчийн захирамжаар актын биелэлтийг баталгаажуулан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөрийг улсын төсөвт үл маргах журмаар төлүүлснийг нэхэмжлэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй тул “нэгэнт төлөгдсөн мөнгийг өршөөн хэлтрүүлж буй нь буруу” гэсэн утгатай хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс маргаан бүхий актаар оногдуулсан алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдоос гаргасан хяналтын гомдлыг хангалгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0543 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ