Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-23
Дугаар 395
Хэргийн индекс 124/2017/0013/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Ц.М
Хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Б.Б
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ц.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ц.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ганхөлөг нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0521 дүгээр магадлалтай, Ц.М-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д заасныг баримтлан  нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг Наранбулаг сумын 1-р /Гүнбүрд/ багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Наранбулаг сумын 1-р /Гүнбүрд/ багийн Засаг даргаар томилохыг Наранбулаг сумын Засаг дарга Ч.Б-д даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0521 дүгээр магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-ын “Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоолын дагуу намайг тус багийн Засаг даргаар томилохыг Наранбулаг сумын Засаг дарга Ч.Б-д даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Б.Буянтогтохын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0521 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж, хэргийг зөв шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0521 дүгээр магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул нэхэмжлэгч Ц.М миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Увс аймгийн Наранбулаг сумын 1-р багийн ИНХ-ын хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид болон багийн Засаг даргыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд миний бие Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан болзол шаардлагыг хангасны үндсэн дээр Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн.

Гүнбүрд багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтын ажиллагаа Б.Б бид хоёрын дунд явагдсан бөгөөд санал хураалтын дүнгээр миний бие 211 буюу 51.4 хувийн, Б.Б 197 санал авсан нь тооллогын комиссын тогтоолоор нотлогдож байгаа.

Ингээд Наранбулаг сумын Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоол гарч намайг Гүнбүрд багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг дарга Ч.Батжаргалд уламжилсан. Гэтэл сумын Засаг дарга Батжаргал нь намайг үндэслэлгүйгээр намайг тус багийн Засаг даргаар томилохоос татгалзсан.

Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр дахин өөр хүнийг биш, Ц.М намайг Гүнбүрд багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан өмнөх шийдвэрийг сануулж, дахин томилохыг хүссэн.

Ингэхдээ уг шийдвэр нь хэдийгээр Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоол нэртэй гарсан боловч энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа бие даасан, хүчин төгөлдөр захиргааны акт биш, зөвхөн өмнөх шийдвэрээ сануулсан төдий шийдвэр юм.                       

Өөрөөр хэлбэл, Засаг дарга Ч.Б нь өмнөх тогтоол буюу Гүнбүрд багийн ИНХ-ын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоолын дагуу намайг Гүнбүрд багийн Засаг даргаар томилох ёстой байсан гэж үзэж байна.

Тодруулбал: Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилно”, 3-д “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “энэ хуулийн 26.2-д заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-д заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-д заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж тус тус заасан.

Гэтэл Наранбулаг сумын Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 04 тоот “тогтоол” нь дээрх хуульд заасан журмын дагуу гараагүй, өөрөөр хэлбэл 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Наранбулаг сумын Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй, хурлаар дахин санал хураалт явуулж, Гүнбүрд багийн Засаг даргад намайг нэр дэвшүүлэхээр уламжлах процесс явагдаагүй, зөвхөн хурлын Тэргүүлэгчид хоорондоо ярилцаж, өмнөх шийдвэрээ сануулж, дахин миний нэрийг санал болгосон байсан тул уг тогтоолыг Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 60.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан журмын дагуу гарсан хүчин төгөлдөр эрх зүйн акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Бодит байдал ийм байхад давж заалдах шатны шүүх намайг 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 04 тоот тогтоолын дагуу томилох үүрэгтэй байсан гэж үзэж, миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьсан, өрөөсгөл, эрх баригч намын талд үйлчилсэн шийдвэр болсон гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “хуулийн дээрх заалтуудаас үзвэл сумын Засаг дарга нь багийн Засаг даргад томилуулахаар иргэдийн Нийтийн Хурлаас санал болгосон нэр дэвшигчийг эхний удаад татгалзах эрхтэй, уг эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх заалтуудаар түүнд тусгайлан олгосон гэж үзэхээр байна” гэж үзсэн нь буруу байна. Учир нь Засаг дарга эхний удаад татгалзах эрхтэй ч энэ эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 14.2-д “хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө, чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, 16 дугаар зүйлийн 16.9-д “иргэн бүр төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж тодорхой заасан байгаа.

Гэтэл Наранбулаг сумын Засаг дарга Ч.Б нь намайг намын шугамаар, үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж, өөрийн намын нөхөр болох гуравдагч этгээд н.Б гэгчийг илт дэмжих үүднээс бие даан нэр дэвшсэн намайг томилохоос татгалзаж, миний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг зөрчсөн нь илэрхий байхад түүнд ийм боломжийг хуулиар тусгайлан олгосон гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “шүүхийн эрхэм зорилго нь хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх мөн”, 7 дугаар зүйлийн 7.1-д “хууль дээдлэх нь шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тус тус заасан шүүхийн эрхэм зорилго, үндсэн зарчимтай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзэхэд эхний удаа Засаг дарга нэр дэвшигчийг үндэслэлгүйгээр томилохоос татгалзаж, багийн ард иргэдийн сонголтыг үгүйсгэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих эрхийг түүнд хуулиар тусгайлан олгожээ гэж дүгнэсэнтэй агаар нэг ойлгогдож байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх “2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Ц.М-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол хуулийн хүчин төгөлдөр байхад дахин нэр дэвшүүлэх тогтоол гаргах шаардлагагүй, багийн иргэдийн Нийтийн Хурал дахин хуралдаж санал хураалт явуулах ёстой байсан” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж дүгнэснээрээ миний эрх ашгийг хөндөж байна. Учир нь дахин санал хураалт явуулах эсэх нь Наранбулаг сумын Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх хэмжээний асуудал учраас тэд бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн байх. Хууль дүрмийн дагуу гараагүй Гүнбүрд багийн ИНХ-ын 04 тоот тогтоолыг хүчин төгөлдөр эрх зүйн акт гэж үзэх үндэслэлгүй. Иймээс намайг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоолын дагуу Засаг дарга томилох ёстой гэж үзэж байна.

Наранбулаг сумын Засаг дарга Ч.Батжаргал нь “Б.Буянтогтох Гүнбүрд багийн Засаг даргын сонгуулийн асуудлаар шүүхэд хандсан тул энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Ц.М намайг томилох боломжгүй” гэсэн хариуг өгсөн нь хэрэгт авагдсан албан бичгүүдээр нотлогдож байгаа, гэтэл тухайн үед Б.Буянтогтох гэдэг хүн энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бөгөөд түүний захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан.

Наранбулаг сумын Засаг дарга Ч.Б намайг Гүнбүрд багийн Засаг даргаар томилохоос татгалзахдаа гуравдагч этгээд Б.Б-ыг үнэхээр шүүхэд хандсан эсэхийг шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг огт хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэсэн заалтыг зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүйд гомдолтой байна. Энэ нь Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга Ч.Б-ын намайг Гүнбүрд багийн Засаг даргаар томилоогүй нь хууль бус гэдгийг харуулж байгаа бөгөөд сумын Засаг дарга Ч.Б нь өөрөө энэ буруугаа хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, намайг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Наранбулаг сумын Гүнбүрд багийн Засаг даргаар томилсон. Гэтэл гуравдагч этгээд Б.Буянтогтох нь өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж хандаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0521 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудад холбогдох, хэрэглэвэл зохих Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т заасныг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр (Гүнбүрд) багийн иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан, тус хуралдаанд  Б.Б, Ц.М нар багийн Засаг даргад нэр дэвшиж өрсөлдөн, санал хураалтын дүнгээр Ц.М 212, Б.Буянтогтох 197 санал авсан, уг хуралдаанаас 03 дугаартай тогтоол гарч, “...51.5 хувийн санал авсан Ц.М-ыг  багийн Засаг даргад нэр дэвшүүлэх”-ээр шийдвэрлэж, түүнийг багийн Засаг даргаар томилуулахаар Наранбулаг сумын Засаг даргад санал болгосон, Наранбулаг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 199 дүгээр албан бичгээр “...нэр дэвшигч Б.Б нь сумын Засаг дарга болон шүүхэд гомдол гаргасан тул Ц.М-ыг томилохоос татгалзаж байна ...” гэсэн хариу ирүүлжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...баг .../-ийн/ Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд ...-ийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар ... /сумын Засаг даргад/ санал болгох”-оор, 26.4-т “... нэр дэвшигчийг /сумын Засаг дарга/ томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх...”-ээр тус тус зааснаас үзвэл, багийн иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлсэн, багийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийг сумын Засаг дарга нэг удаа татгалзах эрхтэй, ийнхүү татгалзах үндэслэлийг хуулиар тусгайлан тогтоогоогүй тул “үндэслэлгүйгээр татгалзсан” гэж хариуцагчийг буруутгах боломжгүй, сумын Засаг дарга нэр дэвшигчийг томилохоос эхний удаа татгалзсан тохиолдолд 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал дахин хуралдаж, уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан журмын дагуу багийн Засаг даргад нэр дэвшүүлэн, санал хураалт явуулах байжээ.

Иймд, нэхэмжлэгчийн “... намайг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоолын дагуу сумын Засаг дарга томилох ёстой, ... миний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг зөрчсөн нь илэрхий байхад ... шүүх ... ийм боломжийг хуулиар тусгайлан олгосон гэж дүгнэсэн нь ... /хуульд/ нийцээгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Наранбулаг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 199 дүгээр албан бичгээр “нэр дэвшигч Ц.М-ыг 1 дүгээр багийн Засаг даргаар томилохоос татгалзсан” талаар багийн иргэдийн Нийтийн Хуралд мэдэгдсэнээс хойш тус багийн иргэдийн Нийтийн Хурал дахин хуралдаагүй, багийн Засаг даргад нэр дэвшүүлж, санал хураалт дахин явуулаагүй атлаа 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “...иргэдийн 51.5 хувийн санал авсан Ц.М-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлж... санал болгох”-оор шийдвэрлэсэн агуулгатай 04 дугаар тогтоолыг сумын Засаг даргад хүргүүлсэн байх тул 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар албан бичгээр “...Ц.М-ыг томилохоос татгалзсан”  хариуг Гүнбүрд багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад хүргүүлсэн хариуцагч Наранбулаг сумын Засаг даргын үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан, хуулиар тусгайлан журамласан зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаж хэрэглээгүй, “.. сумын Засаг даргаас Ц.М-ыг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, ... зөвхөн Б.Б-ын өргөдлийг үндэслэсэн ... нь ... Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг зөрчсөн”, “...2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ... тогтоол хүчин төгөлдөр байхад дахин нэр дэвшүүлэх тогтоол гаргах шаардлагагүй”, “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т ... /заасныг/ Наранбулаг сумын Засаг дарга хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, давж заалдах шатны шүүх уг алдааг засч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь зөв болжээ.

Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хяналтын шатны шүүхийн энэхүү тогтоол нь Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр (Гүнбүрд) багийн иргэдийн Нийтийн Хурал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...баг .../-ийн/ Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд ...-ийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар ... /сумын Засаг даргад/ санал болгох”-оор заасны дагуу дахин хуралдаж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, олонхийн санал авсан нэр дэвшигчийг сумын Засаг даргад санал болгох бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0521 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.М-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА