Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-16
Дугаар 380
Хэргийн индекс 128/2017/0239/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Л.Д
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Л.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Л.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0498 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Л.Д-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0409 дүгээр шийдвэрээр: Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2,  27.2.1, 27.5, 27.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулах бөгөөд сайдын тушаалын үндэслэл болсон дотоод аудитын ажлын тайлан болон томилолтын илтгэх хуудаст дурдагдсан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгчээс зөрчил тус бүрээр нь зөвшөөрсөн болон зөвшөөрөөгүй талаар тайлбар авч, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл үйлдэх бөгөөд захиргааны акт гаргах 1 /нэг/ сарын хугацаа шүүхийн шийдвэрийг бичгээр гарснаас хойш тоологдохыг мэдэгдэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаал хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0498 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0409 дүгээр шийдвэрийн “Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг “1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Д-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгон, Л.Д-ыг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын ажилд эгүүлэн тогтоосугай., 2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Л.Д-ын ажилгүй байсан хугацааны 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх 4.831.141 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тус тус даалгасугай" гэж өөрчилж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг болон Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолд тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.11 дэх заалтыг тайлбарласан тайлбарыг нэхэмжлэгч талд ашигтайгаар илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Л.Д-ын ажлын дутагдал, шударга бус үйлдэл, ёс зүйтэй холбоотой шүүмжлэл, гомдол, мэдээлэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас тасралтгүй яаманд ирдэг байсан. Энэ нь Төрийн албан хаагчдын нэр хүнд, ёс зүй, хууль тогтоомжийг чандлан сахиулах, мөрдүүлэх ажил тухайн орон нутагт илт унаж Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчим алдагдсаныг харуулж байсан. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Б-ын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр баталсан “Орон нутагт томилолтоор ажиллах удирдамж”-ын дагуу Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд ажилласан ажлын хэсгийн шалгалтын үр дүнгээр санхүүгийн болон үйл ажиллагааны зөрчил, дутагдалтай гарсан учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/11 дугаар тушаал гаргасан.

Давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “Захиргааны санаачилгаар” гэсэн үг нь томилсон байгууллага, албан тушаалтныг хэлж байгаа бөгөөд хамгаалалтын захиргааны дарга нь хамгаалалтын захиргааны бүхий л ажлыг сайдын өмнө хариуцдаг бөгөөд яамнаас томилогдон ажиллаж буй ажлын хэсэг нь Л.Д-ыг хууль тогтоомжийг биелүүлж ажиллаагүй, санхүүгийн болон үйл ажиллагааны зөрчил, дутагдалтай гарсныг нотолсон байдаг. Энэ тухай нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнийг үгүйсгэн ажлын хэсгийн шалгалтын үр дүн, ажлын хэсэгт орж ажилласан Төрийн албан хаагчдын хөдөлмөрийг үгүйсгэсэн байна. Аливаа томилолтоор ажиллаж байгаа хяналт шалгалтын ажлын хэсэг нь тухайн газар дээр биечлэн очиж танилцдаг онцлогтой. Энэхүү ажлын хэсэг нь хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа нь санхүүгийн болон үйл ажиллагааны дутагдалтай байна гэдгийг тогтоосон. Энэ нь Л.Д- ажлын байрын тодорхойлолтод заасан ажил, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг нотолж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг зөв үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.Д нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Маргаан бүхий тушаалаар “ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг хамгаалалтын захиргааны даргын албан тушаалаас бууруулж шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол албан тушаал бууруулахаар зохицуулсан боловч энэ тохиолдолд нэхэмжлэгчээс албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй, захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийг “албан тушаалын чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” гэж дүгнэхдээ Ажлын хэсгийн шалгалтын үр дүнг үндэслэсэн гэх боловч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны ажил байдлыг үнэлж дүгнэсэн тайлан 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ёсчлогдсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг албан тушаалаас бууруулах тушаал гарах үед хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байсан тул хариуцагчийн “ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн” гэх тайлбар няцаагдаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хүлээнэ”, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй...” гэж тус тус зааснаас үзэхэд тухайн тохиолдолд захиргааны байгууллагаас нэхэмжлэгч нь хэзээ, хэрхэн, албан тушаалын ямар чиг үүргийг хэрэгжүүлээгүй болохыг тодорхой нэрлэн зааж, түүнд холбогдох баримтыг цуглуулах үүрэгтэй байсан.

Захиргааны байгууллагаас ийнхүү хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн атлаа “нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэр гаргасан” гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагчийн “нэхэмжлэгчийн ажлын дутагдал, шударга бус үйлдэл, ёс зүйтэй холбоотой гомдол мэдээлэл иргэдээс тасралтгүй ирдэг” гэх гомдлын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь иргэдийн өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх болохоос өргөдөл, гомдолд дурдсан үйл баримтыг шалгаж тогтоохгүйгээр шууд шийдвэр гаргах эрхгүй. Тодруулбал, захиргааны байгууллага иргэдийн гомдолд дурдсан үйл баримт үнэн зөв эсэх, бодит байдалд нийцсэн эсэхийг өөрөө шалгаж тодруулах үүрэгтэй болно.

Энэ тохиолдолд захиргааны байгууллага иргэдийн гомдлыг хэрхэн шалгасан, гомдлын дагуу ямар ажиллагаа явуулсан нь тодорхойгүй, уг үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгаагүй байх тул дээрх гомдол үндэслэлгүй.

Эдгээр үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0498 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 М.БАТСУУРЬ    

                              ШҮҮГЧ                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ