Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-18
Дугаар 385
Хэргийн индекс 128/2017/0301/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч "Ш" ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0370 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2017/0507 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0370 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2017/0507 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн захирал Б.Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй, хуулийн зүйл заалт хэрэглээгүй байна. Манай компани нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах “Шанаган” нэртэй 1015,18 гектар талбай бүхий МУ-018434 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2015 оны 6 дугаар сарын 15-ны дөр шилжүүлэн авсан бөгөөд эхний жилийн буюу 2015-2016 оны төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас төлбөрөө урьдчилан төлөөгүй гэх үндэслэлээр 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 5 дугаартай шийдвэрээр манай зөвшөөрлийг цуцалсан ба цуцлах талаараа Ашигт малтмалын тухай хуулийн 56.2 дахь хэсэгт зааснаар 10 өдөрт багтаан мэдэгдэх ёстой байсан атал мэдэгдээгүй, мэдэгдэхээр албан бичиг үйлдэж хүргүүлсэн гэх боловч тухайн албан бичиг манай компанид ирээгүй болох нь “Монгол Шуудан” компаний албан бичиг, Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 21-ний 1/1329 дугаартай албан бичгүүдээр тогтоогдсон байтал Ашигт малтмалын тухай хуулийн 56.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6 дахь заалт зэргийг зөрчиж манай компаний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй” гэх үндэслэлээр MV-018434 дүгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг санаатайгаар буруу хаягт хүргүүлсэн, урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй, захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн албан ёсоор бүртгүүлсэн хаягт мэдэгдэл хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан Тусгай зөвшөөрөл шилжүүлэн авч буй хуулийн этгээдийн тухай тодорхойлолт, Баримт бичиг хүлээлцэх дэвтэр, “Монгол шуудан” ХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 03/461 дүгээр албан бичгээр тус тус тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгчийн “цуцалсан тухай мэдэгдлийг манай хаягаар хүргүүлсэн байсан тул захиргааны байгууллага манай компанийн хаяг өөрчлөгдсөн болохыг мэдэж байсан” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн хаяг өөрчлөгдсөн болохыг захиргааны байгууллагад мэдэгдсэн тухай нотлох баримт байхгүй, захиргааны байгууллагад хэзээ, хэрхэн хаяг өөрчлөгдсөн асуудлаар өргөдөл, хүсэлт гаргасан тухай үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлснөөр тухайн тусгай зөвшөөрлийг ашиглах эрх хадгалагдах гол нөхцөл хангагдана. Гэтэл заавал захиргааны байгууллагаас урьдчилан мэдэгдэл авч, түүний дараа төлбөрийг төлөх эрхийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд хууль тогтоогчоос олгоогүй, хуульд заасан хугацаанаас өмнө төлбөрийг урьдчилан төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг болно.

Хариуцагчаас өөрт оногдсон үүргээ биелүүлж, нэхэмжлэгчийн албан ёсоор бүртгүүлсэн хаягт тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэл хүргүүлсэн, энэ мэдэгдэл нь нэхэмжлэгч өөрөө уг хаягт байгаагүй шалтгаанаар буцаагдсан байдал нь нэхэмжлэгчид хамааралтай болохоос захиргааны байгууллага хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэгчийн “мэдэгдэл манайд ирээгүй” тухай гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0370 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2017/0507 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Л.АТАРЦЭЦЭГ  

                                  ШҮҮГЧ                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ