Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-23
Дугаар 392
Хэргийн индекс 113/2017/0001/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Н.Д
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Н.Д-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н нарыг оролцуулан хийж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0004 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0492 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Н.Д-гийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0004 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/68 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Д-г түүний өмнө эрхэлж байсан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Н.Д-гийн ажилгүй байсан хугацааны цалин буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаанд авсан цалингийн зөрүү болох нийт 2448109 төгрөгийн цалинг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрх цалингаар тооцож зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0492 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс Н.Д-тэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан гэх асуудлыг үгүйсгэхгүй гэхдээ Н.Д-тэй тохиролцсон гэх асуудлыг баримтжуулаагүй учир хариуцагч талын гаргасан санал, хүсэлт, тайлбарыг үнэлэх боломжгүй хэмээн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурджээ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Н.Д-г өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай Б/68 дугаар захирамжаар төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан үндэслэлээр Н.Д-г Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар шилжүүлэн ажиллуулсан болно.

Дээрх үндэслэл бүхий захирамж гарсан даруй Н.Д нь Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Г луу гар утсаар залгаж, шилжин очиж байгаа ажилд орох талаараа тохиролцсон болохыг Н.Г гэрчээр өгсөн мэдүүлэгтээ, Н.Д шүүх хуралд гаргасан тайлбартаа дурддаг.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хуулийн зохицуулалтыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга зөрчөөгүй болохыг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар бүрдүүлж өгсөн нотлох баримтаараа бүрэн нотолсон болно.

Н.Д нь мал эмнэлгийн чиглэлээр мэргэшсэн өмнө нь Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мал эмнэлгийн улсын байцаагчаар ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын газарт эргэн очиж ажиллах хүсэлтэй болохоо Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Г-тай уулзан илэрхийлж байсан. Засаг даргын захирамж гарсан даруй шилжүүлсэн газарт очин ажлаа хүлээн авч одоог хүртэл ажиллаж байгаа болно.

Төрийн захиргааны байгууллага албан хаагчтай тохиролцсон асуудлаа бичгэн хэлбэрээр баримтжуулах, тухайлан тэмдэглэл үйлдэх. өөр бусад байдлаар нотлох зүйл хийх ёстой гэсэн дүгнэлтийг захиргааны хэргийн анхан шатны шүүх хийсэн байна.

Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч төрийн байгууллага нь ажилтантай тохиролцсон асуудлаа заавал бичгээр болон бусад байдлаар нотол гэсэн ямар ч заалт байхгүй. Харин ч аман хэлбэрээр тохиролцож болно л гэсэн агуулга байгаа болно.

Шүүх энэхүү шийдвэрээрээ төрийн байгууллагад үндэслэлгүй тулгалт хийж байна хэмээн үзэж байна. Н.Д-тэй тохиролцсон асуудал нь Н.Д-гийн захирамж гарснаас хойш хийсэн үйлдлээр шууд нотлогдож байгаа болно.

Н.Д нь "өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай" Засаг даргын захирамж гарсан даруй захирамжийг хүлээн зөвшөөрч Мэргэжлийн хяналтын газрын даргатай очиж уулзан ажилд томилуулах тушаал гаргуулан ажилд орж ажилласан, мэргэжлийн хяналтын газарт очиж ажиллахгүй талаараа ямар нэгэн эсэргүүцэл илэрхийлээгүй, тушаалд ямар нэгэн гомдол гаргаагүй болно.

Н.Д-тэй тохиролцсон асуудлыг Н.Д өөрийн цаашид гаргасан үйлдлээрээ тохиролцоо байсныг нотолдог. Хэрэгт гэрчээр асуугдсан Ш.Б, Н.Г нар шууд нотолж байгаа болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж эхэлснээс хойш хариуцагч талын зүгээс хоёр удаа тайлбар гаргасан. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэл, тайлбарыг шийдвэрт маш сайн тусгасан хэрнээ хариуцагч талын гаргасан тайлбарыг бүрэн дурдаагүй, түүнийг үгүйсгэсэн үндэслэлээ хийж чадаагүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Д-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Д нь Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий захирамжаар “өөртэй нь тохиролцож, төрийн өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулах болсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалаас чөлөөлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заажээ. Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд төрийн албан хаагчийг шилжүүлэх хоёр урьдчилсан нөхцөлийг заасан буюу “ажлын зайлшгүй шаардлага байх”, “төрийн албан хаагчтай тохиролцсон байх” шаардлагыг нэгэн зэрэг хангасны эцэст төрийн албан хаагчийг шилжүүлэх захирамж гаргахаар байна.

Гэтэл энэ тохиолдолд захиргааны байгууллагаас дээрх хоёр урьдчилсан нөхцөлийн аль алиныг биелүүлээгүй, хууль зөрчсөн захиргааны акт гаргасан, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг албан тушаал шилжүүлэн ажиллуулах ямар хэрэгцээ шаардлага гарсан, албаны чиг үүрэгтэй холбоотой зайлшгүй үүссэн үйл баримтыг тодорхой нэрлэн заагаагүй, түүнийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

Хариуцагчийн “төрийн албан хаагчтай тохиролцсон болохоо заавал бичгээр нотлох хуулийн заалт байхгүй, амаар тохиролцож болно” гэх гомдлын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны байгууллага хүлээж байна. Хариуцагчаас нэхэмжлэгчтэй “амаар тохиролцсон” гэх боловч нэхэмжлэгчээс үгүйсгэсэн тайлбар гаргасан, гэрч нарын мэдүүлэг нь “ажлаас шилжүүлсэн тушаал гаргасны дараах үйл баримтыг гэрчилсэн” буюу Мэргэжлийн хяналтын байгууллагад ажилласан үйл баримтыг гэрчилсэн байгаа нь маргааны үйл баримтад ач холбогдолгүй байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчтэй тохиролцсон тухайгаа нэхэмжлэгчийн Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжин очиж, ажил эрхэлж байсан үйлдэлтэй холбож, “шилжихийг зөвшөөрсөн болох нь түүний өөр байгууллагад ажиллаж байгаа үйлдлээр нотлогдоно” гэх агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байгаа үндэслэл нь захиргааны байгууллагын нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байгаа шийдвэрийг биелүүлэх, төрийн албыг тасралтгүй хэрэгжүүлэх чиг үүрэгтэй холбоотой болохоос шилжүүлэн ажиллах шийдвэрийг зөвшөөрсөн агуулгагүй, маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлийг шүүхээр хянуулах эрхийг үгүйсгэх үндэслэл биш юм.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 4 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0492 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              М.БАТСУУРЬ    

                             ШҮҮГЧ                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ