Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-30
Дугаар 414
Хэргийн индекс 128/2016/0722/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Д.Д
Хариуцагч Оюуны өмч, УБЕГ
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд "М к" ХХК, "УБ х б" ХХК, "К б" ХХК
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа, Э.Жаргал нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0321 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0486 дугаар магадлалтай, Д.Д-гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0321 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь заалт, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Хөх тэнгэр” хотхоны 44Г байрны 3 тоот 148.4 м.кв орон сууцыг Д.Д-гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “М К” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Хөх тэнгэр” хотхоны 44Г байрны 3 тоот орон сууц, 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудын эрхийн улсын бүртгэлийн Ү-..., Ү-..., Ү-..., Ү-..., Ү-..., Ү-... дугаартай улсын бүртгэл болон түүнийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..., ..., ..., ..., ..., ... дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Хөх тэнгэр” хотхоны 44Г байрны 3 тоот орон сууц, 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Д-г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Д-г бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0486 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д-гийн ““М К” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-..., Ү-..., Ү-..., Ү-..., Ү-..., Ү-... дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..., ..., ..., ..., ..., ... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue Sky” хотхоны 44Г байрны 3 тоот орон сууц болон 46В байрны зоорийн давхрын 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудын  өмчлөгчөөр иргэн Д.Д-г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууц болон автозогсоолуудыг иргэн Д.Дгийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “УБ х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмэндийн давж заалдах гомдлыг хангажшийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: иргэн Д.Д-гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд гаргасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0486 дугаар магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул эс зөвшөөрч, хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт “нэхэмжлэгч Д.Дг 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий орон сууц, автозогсоолуудыг худалдан авахаас өмнө “М К” ХХК нь тус маргаан бүхий хөрөнгүүдийг 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “К б”  ХХК-тай   байгуулсан   №Т07/141   дугаар  “Зээлийн барьцааны гэрээ”-нд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгөөр тусгасан байна” гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь:

Маргаан бүхий автозогсоолуудын хувьд: “М К” ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-ээр ирээдүйд бий болох 44 дүгээр байрны 4 блок орон сууцыг зоорийн давхарт баригдах 205 автозогсоолын хамт барьцаалсан бөгөөд уг барьцаа хөрөнгөд 46В дугаар байрны зоорийн давхарт байрлах маргаан бүхий автозогсоолуудыг барьцаалаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно.

Харин маргаан бүхий орон сууцыг дээрх “Зээлийн барьцааны гэрээ”-ээр барьцаалсан хэдий ч 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “К б” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу чөлөөлсөн байна.

2. Давж заалдах шатны шүүх “маргаан бухий автозогсоолуудыг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №09/15 дугаар “Зээлийн барьцааны гэрээ”-ээр барьцаалсан ба зээлийн гэрээний  үургийг  барьцаа  хөрөнгөөр хангуулахаар  нэхэмжилсэнийг  Баянзүрх,  Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 5580 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн” гэж нотлох баримтыг буруу үнэлсэн.

Зүй нь дээрх 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 5580 дугаар шийдвэрт “Блью скай” хотхоны 44 дүгээр байрны зоорийн давхарт байрлах 1-205 тоот 205 ширхэг автозогсоол дурдагддаг ба маргаан бүхий 46В дугаар байрны зоорийн давхрын нэхэмжлэгчийн өмчлөлийн автозогсоолууд уг шийдвэрт огт хамааралгүй болно.

3. Давж заалдах шатны шүүх “2010 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №ЗГ0002/100319 дүгээр зээлийн гэрээгээр хулээсэн үүргээ гүйцэтгэсэн нь “УБ х б” ХХК-ийн Зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх боловч 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЗБГ0001/120521 дүгээр “Зээлийн барьцааны гэрээ”, 2010 оны 09 дугээр сарын 02-ны өдрийн №09/15 дугаар “Зээлийн барьцааны гэрээ” тус тус хүчин төгөлдөр буюу өөрөөр хэлбэл, тус үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны эрх хүчинтэй тул барьцаалагч болох “К б” ХХК, “УБ х б” ХХК нар нь маргаан бүхий орон сууц, автозогсоолуудын өмчлөгчийг өөрчлөх талаар зөвшөөрөл өгөөгүй байхад нэхэмжлэгч Д.Д-гийн гаргасан мэдүүлгийн дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийг түүний нэр дээр бүртгэхээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь:

Нэгдүгээрт, “К б” ХХК болон “М К” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр №09/15 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, “УБ х б” ХХК болон “М К” ХХК-ийн хооронд 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ЗБГ0001/120521 тоот “Зээлийн барьцааны гэрээ” тус тус байгуулагдаж, барьцааны эрх улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блью Скай хотхоны 44Г байрны 3 тоот орон сууц болон 46В байрны зоорийн давхрын 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудыг иргэн Д.Д нь 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсны үндсэн дээр худалдан авсан буюу орон сууц болон автозогсоолуудын өмчлөх эрх “К б” ХХК болон “УБ х б” ХХК нарын барьцааны эрхээс цаг хугацааны хувьд өмнө үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Хоёрдугаарт, “УБ х б” ХХК болон “М К” ХХК нар нь 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ0002/1000319 дугаар “Зээлийн гэрээ” /хавтаст хэргийн 75 дугаар тал/-г байгуулсан ба тухайн өдөр №ЗБГ0002/100319 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу 46А хаягтай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга болон 44А хаягтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг тус тус барьцаалсан.

Ингээд 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ” /хавтаст хэргийн 85 дугаар тал/-г байгуулж, гэрээний хугацааг сунгасан бөгөөд мөн өдөр №ЗБГ0003/100519 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, зээлийн барьцааг шинэчлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44А байрны 1-24 тоот, 46А байрны 1-24 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй нийт 48 орон сууцыг барьцаалсан байдаг.

Харин нэхэмжлэгчийн өмчлөлийн 44Г байрны 3 тоот орон сууцыг 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “М К” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаар “Улаанбаатар хотын банк”-д барьцаалагдсан мөн хотхоны 44А байрны 22 тоот орон сууцны оронд барьцаалахаар шийдвэрлэж, /хавтаст хэргийн 74 дүгээр тал/ мөн өдөр “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулж, барьцаалсан байдаг.

Иймд, 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЗБГ0001/120521 дүгээр “Зээлийн барьцааны гэрээ” нь 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №ЗГ0002/100319 дүгээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар байгуулсан гэрээ болно.

Харин хавтаст хэрэгт авагдсан “Зээлийн дансны хуулга”-аар 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №ЗГ0002/100319 дүгээр зээлийн гэрээний үүргийг 2013 онд гүйцэтгэсэн болох нь тогтоогддог.

Иймд, анхан шатны шүүхийн “... Үндсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан гэх үндэслэлээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөгчөөр тогтоолгосон Д.Д-гийн өмчлөх эрхээ бүртгүүлэх эрхийг хязгаарлахгүй, “УБ х б” ХХК-ийн барьцаагаар хангагдах зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгдсэн, барьцаалагч банкны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байдал тогтоогдохгүй байгаа тул хэдийгээр банк барьцаа хөрөнгийг чөлөөлөх зөвшөөрөл өгөөгүй боловч энэ нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн 16 дугаар зуйлийн 16.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх, Иргэний хуулийн 145 дугаар зуйлийн 145.3-т заасан өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн орон сууц болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

“УБ х б” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдсан буюу банкны тухайд хууль ёсны эрх ашиг сонирхол нь шууд хөндөгдөх байдал тогтоогдохгүй байгаа атал “Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “... хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд” гэдэгт хамааруулж, банкнаас зөвшөөрөл авах нь зүйтэй гэж үзэж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0486 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Д.Д нь 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “М к” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Хөх тэнгэр” хотхоны 44Г байрны 3 тоот орон сууц, 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудыг худалдан авахаар тохиролцсон, 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний төлбөрийг бүрэн төлсөн, нэхэмжлэгчийн дээрх байдлаар худалдан авсан орон сууц нь тухайн үед буюу 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Зайсангийн гудамжны 44Г дугаартай аялал жуулчлалын цогцолбор зориулалттай 1692 м.кв тайбайтай, 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга” гэх нэрээр, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт, “М к” ХХК-ийн нэр дээр 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэгдсэн, гуравдагч этгээд “УБ х б” ХХК-нд ямар нэг гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй байсан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

            Гуравдагч этгээд “М к” ХХК нь 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулж, мөн оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлбөрөө бүрэн хүлээн авч, иргэн Д.Д-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол үүссэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Хөх тэнгэр” хотхоны 44Г байрны 3 тоот орон сууцыг 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ, 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн барьцааны гэрээгээр тус банкны барьцаанд тавьж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь буруу, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тус тус заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцээгүй байна.

          Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажих”-аар заасан, уг хуулийн дагуу нэхэмжлэгч Д.Д нь тухайн үед маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулаагүй байх боловч, гуравдагч этгээд “УБ х б” ХХК-нд “барьцааны эрх” үүсэхээс өмнө, 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар түүнд уг орон сууцыг өмчлөх эрх анх бодитой үүссэн, уг асуудлаар хэргийн бусад оролцогчид маргаагүй байх тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Хөх тэнгэр” хотхоны 44Г байрны 3 тоот орон сууцыг нэхэмжлэгч Д.Д-гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзлээ.

            Харин, анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ, нэхэмжлэлийн шаардлага, захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй асуудлаар буюу “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан эсэх” талаар дүгнэлт хийсэн нь буруу болохыг дурдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, “...хариуцагчийн татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэлд дурдагдсан “46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолууд”-ын хувьд, нэхэмжлэгч Д.Д, “М к” ХХК-ийн хооронд эдгээр автозогсоолуудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед буюу 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “М к” ХХК, “К б” ХХК-ийн хооронд 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, уг барьцааны гэрээ нь эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй байсан, талууд уг үйл баримттай маргаагүй тул түрүүлж үүссэн барьцааны эрхийг үгүйсгэх, эдгээр автозогсоолуудыг нэхэмжлэгч Д.Д-гийн нэр дээр бүртгэхийг даалгах үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв, уг нэхэмжлэлин шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаанд “...уг 3 тоот орон сууцыг барьцаалсан “УБ х б” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдсан, ... зээлийн гэрээний үүргийг 2013 онд гүйцэтгэсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоодсон буюу банкны тухайд хууль ёсны эрх ашиг сонирхол нь шууд хөндөгдөх байдал тогтоогдохгүй байгаа, ...  барьцааны эрх улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнө ...уг 3 тоот орон сууцыг нэхэмжлэгч худалдаж авсан байхад ... давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой, ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэх тайлбар, хүсэлт гаргасан, хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан уг гомдол үндэслэлтэй гэж, гомдлыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэлийн шаардлагын бусад үндэслэлд хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад хэсэгт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0486 дугаар магадлалыг хүчингүй болгож,  нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0321 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХТУЯА