Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-30
Дугаар 413
Хэргийн индекс 124/2017/0011/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагч Увс аймгийн МХГ-ын у/б
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0428 дугаар магадлалтай, Б.Б-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Р-д холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12, Ойн тухай хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 34.4, 34.5, дөчин долдугаар зүйлийн 47.2, 47.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын “Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Б.Р-ийн 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 0014905 тоот шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0428 дугаар магадлалаар:  Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр  сарын 04-ний өдрийн 25 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0428 дугаар магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Р нь Өндөрхангай сум дахь сум дундын ойн ангийн дарга Б.Б-д 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4 Байгаль орчны сайдын А/153 дугаар тушаалаар баталсан журмын 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, 4.9, 4.10 дахь заалтуудыг тус тус зөрчин мод модон материалын гарал үүслийн гэрчилгээг бичилт хийлгүй олгосон гэж үзээд Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.9-д зааснаар 1.920.000 төгрөгөөр торгож захиргааны шийтгэл ногдуулсан. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон бодит нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хуулийн болон бодит үндэслэлийн талаар:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Б.Б нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Үргэлж ахих” ХХК, “Шинэчлэл” ХХК, “Чин хөгжил нөхөрлөл” зэрэг аж ахуйн нэгж, байгууллагад 15 ширхэг гарал үүслийн гэрчилгээг бичилт хийхгүйгээр зөвхөн гарын үсэг зурж, тамга дарж урьдчилан олгосон нь...тогтоогдож байна” гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Юуны өмнө энэ хэрэгт холбогдуулан гарал үүслийн гэрчилгээ гэж юу болох хэзээнээс эрх зүйн үр дагавар үүсгэж болохыг тодорхойлох шаардлагатай юм.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 тоот тушаалаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 2 дугаар зүйлийн 2.1.2-д мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /цаашид “гарал үүслийн гэрчилгээ” гэх/ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг” гэж заажээ. Дээрх журмын заалт нь гарал үүслийн гэрчилгээний бүрдэл хэсгийг нөгөөтэйгүүр эрх зүйн үр дагвар үүсгэх нөхцлийг заажээ. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Увс аймгийн ИТХ-ийн 1017 тоот тогтоолоор Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутаг дэвсгэрээс 1850 шоо м куб мод бэлтгэн аймгийн төв Улаангом сумын иргэдийн хэрэгцээг хангахаар болсон байна. Үүнээс үзэхэд Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно гэсэн хуулийн заалт зөрчигдөөгүй байна. Мөн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу ойлгоно” гэж заажээ. Нэхэмжлэгч Б.Б нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Б.Б нь хуульд заасан эрхийн хүрээнд гарал үүслийн гэрчилгээг аж ахуйн нэгж байгууллагад олгосон” гэж дүгнэсэн байна. Өндөрхангай сум дахь сум дундын ойн анги нь 7 сумын нутаг дахь ойг хамаардаг бөгөөд мод бэлтгэж байсан газрууд нь уулын бартаа саад ихтэй ойн жим замаар 70-90 км явж байж очдог ба гар утасны сүлжээ байдаггүй газар юм. Улаангом сумаас 240-300 км явж ирээд 8-16 м куб мод авсан иргэн гарал үүслийн гэрчилгээ авахаар сумын төвд байгаа ойн анги руу 3-4 цаг яваад буцаж ирэх нь үнэхээр төвөгтэй асуудал тул Ойн ангиас зохион байгуулсан зөвөлгөөн дээрээсээ хамтран иргэддээ чирэгдэл учруулахгүйн үүднээс хамтран шийдвэрлэсэн асуудал нь тухайн сумын байгаль хамгаалагч нараар гарал үүслийн гэрчилгээг бичүүлж улсын байцаагчаар хяналт тавиулах явдал юм. Өмгөөлөгч миний зүгээс харахад энэ шийдвэр нь эдийн засгийн талаас нь харсан ч ард иргэдийн эрх ашиг талаас нь харсан ч ашигтай бөгөөд мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-д “ард түмэнд үйлчлэх” гэсэн зарчимд тулгуурласан зөв шийдвэр гэж харж байна.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож миний үйлчлүүлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн хяналт шалгалтын тухай, Ойн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

            Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Р нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/39 дүгээр удирдамжийн дагуу тус аймгийн Өндөрхангай суманд ойн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хяналтын улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 001185 дугаартай хяналт шалгалт хийсэн болон зөрчлийн тухай тэмдэглэл тус тус үйлдсэн, уг шалгалтаар “Өндөрхангай сумын Ойн ангийн дарга Б.Б нь мод модон материалын гарал үүслийн гэрчилгээг урьдчилан, үндэслэлгүйгээр, ойн цэвэрлэгээ хийсэн /олон тооны/ аж ахуйн нэгжид олгосон” гэх зөрчил тогтоогдож, улсын байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 0014905 дугаар шийтгэврээр Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.9-д заасныг баримтлан, дээрх зөрчилд холбогдсон Увс аймгийн Өндөрхангай сумын Ойн ангийн дарга Б.Б-ыг 1,920,000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулжээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрт ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэх “Үргэлж ахих” ХХК, “Шинэчлэл” ХХК,“Чин хөгжил нөхөрлөл” зэрэг аж ахуйн нэгжид ямар нэг бичилт хийгээгүй нийт 15 ширхэг гарал үүслийн гэрчилгээг Өндөрхангай сумын Ойн ангийн дарга Б.Б нь гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан олгосон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, нэхэмжлэгчээс “...хуульд заасан эрхийн хүрээнд гарал үүслийн гэрчилгээг аж ахуйн нэгж байгууллагад олгосон, ... /мод бэлтгэсэн аж ахуйн нэгжүүд/ гарал үүслийн гэрчилгээ авахаар 3-4 цаг хол газар ирж, буцах болдог хүндрэлтэй асуудал … /тул/ иргэддээ чирэгдэл учруулахгүйн үүднээс ... тухайн сумын байгаль хамгаалагч нараар гарал үүслийн гэрчилгээг бичүүлэх ... /-ээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, ... аж ахуйн нэгжүүд гэрчилгээг буруугаар ашиглаагүй, хэрэг зөрчилд холбогдоогүй, хэн нэг этгээдэд хохирол учраагүй байхад шийтгэвэр оногдуулсан нь хууль бус” гэх зэргээр маргажээ.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “...аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги ... /нь/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад ... гарал үүслийн гэрчилгээ олгох”-оор, 34.4-т “ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгох”-оор тус тус заасан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/153 дугаар тушаалаар батлагдсан “гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын Гуравдугаар зүйлийн 3.5-д “гарал үүслийн гэрчилгээ.../-нд/ тухайн тээврийн хэрэгсэлд ачих мод, модон материалын хэмжээг заах”-аар, Дөрөвдүгээр зүйлийн 4.3-т “гарал үүслийн гэрчилгээг ... тээврийн хэрэгсэл тус бүрээр ... олгох”-оор, 4.4-т “гарал үүслийн гэрчилгээг ... нийт тээвэрлэгдэх модны хэмжээгээр бичих”-ээр, 4.6-д “мод модон материалын тээвэрлэх зайнаас хамаарч гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг тогтоох”-оор, 4.9-д “гарал үүслийн гэрчилгээнд мод, модон материалын нэр төрөл, тоо хэмжээг цэвэр гаргацтай, засваргүй бичих”-ээр, 4.10-т “гарал үүслийн гэрчилгээг урьдчилан болон нөхөн олгохыг хориглох”-оор тусгайлан журамласнаас үзэхэд, Өндөрхангай сумын Ойн ангийн дарга Б.Б нь мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд ямар нэг бичилт хийлгүй, гарын үсэг, тамга дарж урьдчилан олгосон нь дээрх хууль тогтоомжийн зохицуулалттай нийцээгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.9-д “... гарал үүслийн гэрчилгээг үндэслэлгүй олгосон, эсхүл зохих бичилтийг дутуу хийсэн... албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заасан, нэхэмжлэгч Б.Б нь ойгоос мод, модон материал бэлтгэх эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд гарал үүслийн гэрчилгээ олгохдоо тухайн этгээд нь мод, модон материал бэлтгээгүй, тээврийн хэрэгсэлд ачаагүй байхад урьдчилан, бичилт хийлгүй олгосон нь гарал үүслийн гэрчилгээг “үндэслэлгүй олгосон” гэх үндэслэл мөн, түүний энэхүү үйлдэл нь дээр дурдсан хууль, журамд нийцээгүй, хариуцагч улсын байцаагчийн маргаан бүхий 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 0014905 дугаар шийтгэврээр гарал үүслийн гэрчилгээг үндэслэлгүйгээр бичиж олгосон Өндөрхангай сумын Ойн ангийн дарга Б.Б-ыг 1,920,000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулсан нь уг хуулийн заалттай нийцжээ.

Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.9-д зааснаар “гарал үүслийн гэрчилгээг үндэслэлгүй олгосон” үйлдэл нь захиргааны шийтгэл ногдуулах бие даасан үндэслэл болох тул нэхэмжлэгчийн “... аж ахуйн нэгжүүд гэрчилгээг буруугаар ашиглаагүй, хэрэг зөрчилд холбогдоогүй, хэн нэг этгээдэд хохирол учраагүй байхад шийтгэл ногдуулсан” гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...хуульд заасан эрхийн хүрээнд Ойн анги гарал үүслийн гэрчилгээг аж ахуйн нэгж байгууллагад олгосон нь хууль зөрчөөгүй, ... энэ шийдвэр нь эдийн засгийн талаас ..., ард иргэдийн эрх ашиг талаас ... ч ашигтай бөгөөд ... “ард түмэнд үйлчлэх” гэсэн зарчимд тулгуурласан зөв шийдвэр” гэх зэргээр гаргасан хяналтын гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0428 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА